Төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлгээ бариад өгвөл уриалгагүй хүн ам өснө Сайд аа!
2014/01/12
Өнөө үед хүн бүр л "Монгол улсаа хөгжүүлье" хэмээн ам нээх болгондоо хэлдэг болж. Харин яаж, хэрхэн, хөгжүүлэх гээд байгаа нь тодорхой бус.
Харамсалтай нь ажлаа хийж, хэрэгжүүлж эхэлчихээд ам бардам ярихгүй юм. Хамгийн түрүүлж ярих нь тэдний имиж болж дээ хөөрхийс.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Хүн амын өсөлт чухлаар тавигдаж байгаа цаг үед гурван сая дахь иргэн төрнө гэдэг бол манай улсын хувьд маш чухал асуудал" гэж хэлсэн.
Монгол улсын хүн амаа өсгөе гэх бодлого барих нь санадаг л санаа, боддог л асуудал. Монгол улсын 3 сая дахь иргэнээ тодруулж байр өгнө гэх мөн нас чацуутангуудыг тодруулна гэж байгаа. Энэ нь зөв асуудал.
Гэхдээ төрөх эмнэлгээ нэмэгдүүлээгүй байж ирээдүйд мэндлэх бяцхан иргэдээ хаана хүлээж авах гэсэн юм. Одоогийн байдлаар амаржих газрууд ачаалалаа дийлэхгүй байна гэдэг. Эхийн эндэгдэл, хүүхдийн эндэгдэл буурч буй гэх боловч сүүлийн үед нийгмийг цочирдуулсан хэргүүд гарах болсон. Гэхдээ энэ удаад энэ асуудлыг түр орхиё.
Төрөлт нэмэгдээд ирэхээр одоо хүрэлцэхгүй байгаа эмнэлгийн орны асуудал нь хүрэлцэнэ гэж үү. Ай мэдэхгүй. Харин ч үүнээсээ болж ачаалал улам нэмэгдэж эх, хүүхдийн эндэгдэл газар авч магадгүй. Тэгээд эцэс сүүлд нь жирэмсэн болсон хөөрхий ээжүүд буруутан болж хоцордог бичигдээгүй хуультай.
Мөн хүүхдийн эмнэлгийн ачаалал буурахгүй байгаа. Өвлийн улиралд бага насны хүүхдүүд ханиад томуу их тусдаг. Гэтэл Нийслэл хотод хүүхдийн гэх тодотголтой дөрөвхөн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн сүүлд 1982 онд Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэг баригджээ.
Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгүүд Баянгол дүүргийн хүүхдүүдийг хариуцан ажилладаг гэж байгаа. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг Чингэлтэй дүүргийн зарим хорооны хүүхдүүдийг хүлээн авдаг.
Хүйтний улиралтай зэрэгцэн "Утаа" сайн байна уу гээд айлчлан ирдэг болсон түүхтэй Нийслэл хот. Ингээд л хүйтний улирал эхэлж ханиад томуу дэгдэлтийн оргил үед эмнэлгүүд хүүхдүүдийг шал, ширээн дээр хүртэл хэвтүүлж, коридор, заал, тарианы өрөөгөө хүртэл суллан байж хөөрхий хүүхдүүдийг хүлээж авч эмчилгээг нь хийж эхэлдэг. Ахиж өөр өвчин халдаачихгүй нь тулд бушуухан түрүүлж хэвтсэн хүүхдийнхээ ханиад, хатгааг гайгүй болгоод гэрээр эмчилгээ бичиж бушуухан гэрт нь гаргадаг юм.
Эмч, эмнэлгийн ажилтнуудын ачаалал ч дээд цэгтээ хүрнэ. Яаж ч бодсон 160-хан ортой дүүргийн эмнэлэг яаж 120 мянган хүүхэдтэй дүүргийг хариуцан ажиллаж дийлэх билээ дээ. Энэ бол наад захын жишээ.
Ийм наад захын асуудлаа шийдвэрлэж чадаагүй байж иргэдээ хүүхэд нэмж төрүүл, 3 сая дахь иргэндээ байр өгнө гэж шоудах цаг мөн үү.
Сүүлийн үед эрх мэдэлтнүүдийн амнаас хүүхдийн эмнэлэг нэмж барих талаар үг огт цухуйлгахгүй атлаа “шорон барьцгаая, шүүх барьцгаая, нийслэлийн байрыг шинээр барья” гэж ам уралдан дуугарч байх жишээтэй.
Хүүхэд төрөх эмнэлэг, цэцэрлэг, сургууль байхгүй нөхцөлд яаж төрөлтийг дэмжих гээд байгаа юм хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс асуухад "Монголчууд хүн нэмбэл хүнс нэмнэ гэж ярьдаг шүү дээ. Нэгэнт хүн ам, төрөлт нэмэгдээд ирэх юм бол төрөх эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, сургууль руу төрөөс тавих анхаарал нэмэгдээд ирнэ. 2014 онд улсын хэмжээнд баригдах цэцэрлэг сургуулиудын тоо урьд жилүүдээс нэлээд өндөр хувьтай өссөн байдлаар хөрөнгө оруулалт тавигдсан. Дунджаар нэг аймаг, дүүрэгт 5-12 сургууль цэцэрлэг баригдахаар хөрөнгө оруулалтын төсвүүд гарсан байгаа. Дээр нь дөрвөн төрөх эмнэлэг баригдах ажил ид явагдаж байна. Энэ ондоо тэднээс хоёрыг нь ашиглалтад өгөх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Ингэх юм бол төрөх эмнэлгүүдийн ачааллыг харьцангуй тэнцвэртэй байлгах боломжийг бүрдүүлж чадна. Ер нь гэнэтхэн өнөөдөр нөхцөл байдал ийм болчихсон юм биш шүү дээ.
Бид аль болох нөхцөл байдлыг сайжруулах хүн амын өсөлтийг дэмжих бодлогыг дэмжихийн тулд орчин, ахуй бий болгох чиглэл рүү аль аль талаасаа хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй гэж харж байгаа. Ер нь аливаа улс орны хөгжлийн үндэс нь хүн амын тоо шүү дээ. Улаанбаатар хотод одоогоос арван жилийнхээ өмнөхийг бодвол бизнес зах зээлийн орчин илүү сайжирсан. Хүн амын тоо нь ихэссэнээр зах зээлийн эргэлт, эдийн засгийн үр ашигтай үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн гэж үзэж байгаа. Тиймээс хүн амын өсөлт бол зөвхөн үндэсний аюулгүй байдлаас гадна эдийн засгийн нийгмийн маш олон эерэг үзүүлэлтүүдийг дагуулж байдаг. Тэр утгаар үнэхээр хүчирхэг бие даасан хөгжилтэй улс болъё гэвэл хүн амаа өсгөх, хүн амынхаа өсөлтийг анхаарах цаг болсон гэж ойлгож байгаа" гэж хариулах юм.
Эхлээд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, төрөх эмнэлгээ барьчихаад хүн амаа өсгий гэж уриалах хэрэгтэй баймаарсан. Төрийн түшээдүүд солигдох бүртээ бэлэн мөнгө амласан улс. Амлах яахав хийж бүтээх шаардлагатай байна. Одоо та бүгдийг ярьсанаар чинь биш, хийснээр чинь дүгнэдэг болсон Ард иргэд чинь. Үүнийг ойлгооч гэж та бүгдээс гуйя.
Сайд, дарга, гишүүдийн өгсөн амлалтыг биелүүлэх гэж эмч, сувилагч нар хөлд нь чирэгдэх юм. Тэд нарын хөлд бас эцэг эхчүүд, бяцхан үрс минь чирэгдэж хоцорно. Эмнэлгийн ачааллыг шийдчихээд дараа нь иргэдэдээ байр, мөнгө өгнө гэмээр. Төрөх эмнэлгээ бариад, эмч нараа чадваржуулаад өгвөл хүн ам чинь уриалгагүй шууд өснө гэдгийг хэлчихье.
Х.Даваа