Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр байгуулж чадах уу
2018/03/09
У.Хүрэлсүхийн Засгийн газар Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нефтийн үйлдвэр барих шийдвэр гаргалаа. Энэ нь анхны Засгийн газрын нефтийн үйлдвэр барих шийдвэр юм. Өмнө нь хэд хэдэн газар үйлдвэр барих шав тавьж байсан боловч өнөөг хүртэл нэг ч үйлдвэр алга.
Шинэ Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефтийн үйлдвэрийг барина. Энэ үйлдвэрт Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулна. Харамсалтай нь энэ үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй. Энэ нь үндсэн төслийн өртгийн арав орчим хувийг эзэлдэг. Хэрвээ эдийн засгийн үндэслэл хийвэл 100 орчим сая долларыг зарцуулна. “Мөнгөө төлсөн хүн хөгжмөө захиалдаг” гэгчээр энэ мөнгө энэтхэгчүүдэд очино. Дээр нь энэ ажлыг гүйцэтгэх компанийг энэтхэгчүүд сонгоно. Хөрөнгө оруулалтын 30- 40 хувь нь энэтхэгчүүдэд очино гэсэн үг. Энэ нь монголчууд нефтийн үйлдвэр барихдаа 30-40 хувийн илүү өртгийг энэтхэгчүүдэд төлнө гэсэн үг юм. Гэвч өнөөгийн Засгийн газрын шийдвэр зөв эсэх тухай мэргэжилтнүүд маргаж байна. Энэ асуудлыг хөндөх үүднээс мэдээллийг мэргэжилтнүүдэд хүргэж байна.
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР
Шинэ Засгийн газрын шийдвэр гэнэт гарсан гэж үзэж болно. Учир нь Энэтхэгийн Засгийн газар зээл өгнө гэсэн боловч манай Засгийн газар юунд зарцуулахаа мэдэхгүй байсан юм. Харин саяхан У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ зээлийг нефтийн үйлдвэр байгуулахад зарцуулах тухай мэдэгдэл хийлээ. Сүүлийн 20 жилд гарсан хамгийн сайн мэдээ энэ юм. Үүнтэй зэрэгцээд Оросуудын зүгээс маш хямд бензин нийлүүлэх, сүлжээ байгуулах санал тавьж байна. Хөршүүдээс цахилгаан станц, нефтийн үйлдвэр байгуулах төрийн шийдвэр гарах бүрт хөнгөлөлттэй санал дэвшүүлдэг. Энэ нь өнөөг хүртэл биднийг биеэ даасан цахилгаан түлшгүй болгосон. Гэхдээ үүнд хөршүүдээ буруутгах хэрэггүй. Энэ асуудалд дотоодын нефть импортлогчид, цахилгааны салбарын шийдвэр гаргагчдын нөлөө илүү их үйлчилсэн гэж үзэж болно. Учир нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унахад манай нефтийн картелийн үнэ буудаггүй. Харин өсөх бүрд байнга нэмэгддэг. Засгийн газар нефтийн үнэ буурахад ямар ч үг хэлдэггүй боловч нефтийн үнэ өсөхөд байнга нефтийн картелийн өмнөөс “Үнэ өссөн учраас бензиний үнэ нэмэгдэхээс өөр арга байхгүй” хэмээн мэдэгддэг. Үнэн хэрэгтээ манайх шиг түлшээ импортоор авдаг улсад сүүлийн дөрвөн жил маш таатай орчин бүрдсэн юм. Харамсалтай нь үүнийг Засгийн газар харах нь бүү хэл, сонсохыг ч хүсээгүй. Энэ бүхнээс харвал Засгийн газар нефтийн үйлдвэр байгуулах сонирхол байхгүй мэт харагдана.
Учир нь саяхан гаргасан Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефтийн үйлдвэр байгуулах болсон ч харамсалтай нь энэ суманд нефтийн үйлдвэр байгуулах дэд бүтэц байхгүй. Бүр инээдтэй нь энд ямар нэгэн үйлдвэр байгуулах Техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй аж. Энэ нь хамгийн том судалгааны асуудал бөгөөд үүний дараа байгаль орчин бусад орон нутагтай зохицсон асуудлыг шийддэг олон судалгаа байдаг юм байна. Нэг тэрбум долларын хөрөнгө оруулалтын 100 сая долларыг энэ бүхэнд зориулах ёстой. Гэтэл энэ тухай ямар нэг тодорхой мэдээлэл алга. Дээр нь түүхий нефть олборлож байгаа Тамсагаас Сайншанд хүртэл хоолой татахад 650 км зайтай юм. Мөн УУХҮЯ-аас өгч байгаа мэдээлэл нь маш их зөрүүтэй байна. Нэг тал нь нефтийн үйлдвэр барихад 1,5 тэрбум доллар хангалттай гэж үзэж байна. Нөгөө тал нь 750 сая доллараар үйлдвэр барьж, 250 сая доллараар хоолой барина хэмээн мэдэгдэж байна. Үнэн хэрэгтээ ийм хэмжээний хоолой барихад тэрбум доллар орох тооцоо байдаг. Учир нь Тамсагийн нефть маш өтгөн нефтийн тоонд ордог. Түүнийг хоолойгоор дамжуулахын тулд өвлийн улиралд зохицсон хоолой байх ёстой. Ийм шугам нь Монголын нөхцөлд газрын гадаргаас хоёр метр гүнд байх ёстой юм. Мөн өтгөн нефтийн урсгалыг чөлөөтэй байлгахын тулд нафта хэмээх бодисыг хольдог юм. Энэ нь нефтийн үнийг одоогийнхоос бууруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Хачирхалтай нь манай шинэ Засгийн газрын шийдвэрлэсэн нефтийн үйлдвэр нь түүхий эдээ авахдаа хоёр зэрэгцээ хоолой буюу замтай байх юм байна. Бусад орнуудад нэг л хоолойгоор түүхий нефтийг үйлдвэртээ хүргэдэг. Гэтэл манай шинэ нефтийн үйлдвэр нафта хэмээх нефтийг шингэрүүлдэг хоолой, түүнийг нь үйлдвэртээ хүргэдэг бас нэг хоолойтой, сонин сонголттой байх юм.
БИДЭНД ӨМНӨ НЬ БОЛОМЖ БАЙСАН УУ
Үнэн хэрэгтээ 20-иод жилийн өмнөөс Намжим хэмээх Монголын төлөө зүтгэдэг нэгэн нефтийн үйлдвэр байгуулах төслийг хөөцөлдөж эхэлсэн байдаг. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2012 онд энэ төслийг үргэлжлүүлэх, хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Түүнийг санхүүжүүлэх японы түнш Ерөнхий сайдын хэмжээнд баталгаагаа гаргасан. Харамсалтай нь энэ шийдвэрийг улс төрийн өрсөлдөгч нар нь зогсоож Засгийн газрыг унагаах нэг шалтаг болсон гэдэг. Энэ төслийн давуу тал нь Техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болсон, бусад байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ зэрэг маш их мөнгө ордог судалгаа нь хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ үйлдвэрийн эко үнэлгээ маш сайн хийгдсэн учир банкууд “Хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна” гэдгээ мэдэгдсэн. Нэгэнт ийм сайн орчин цагийн үнэлгээ хийгдсэн учраас 2014 онд банкууд (японы) хөрөнгө оруулахаа Ерөнхий сайдынхаа хэмжээнд мэдэгдсэн. Энэ бүх ажил цэгцэрсэн үед гэнэт тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Ганхуяг гэнэт ажлыг зогсоосон гэдэг. Тэрээр хятадуудтай нефтийн үйлдвэр байгуулах тухай ярьсан юм уу, эсвэл монгол дахь байгуулах үйлдвэрийг зогсоох тухай ярьсныг хэн ч мэдэхгүй. Харин удалгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нефтийн үйлдвэр боловсруулахад дотоодын олборлогч нефтийг ашиглана гэсэн шийдвэр гарсан юм. Ингэснээр хөрөнгө, технологи шийдэгдсэн нефтийн үйлдвэрийн асуудал зогсжээ. Хэрэв энэ төсөл хэрэгжсэн бол ямар ч бүтэцтэй тосыг боловсруулах байсан юм. Дээрх төсөл нь жилд хоёр сая тонн нефтийг боловсруулна. Тухайн үедээ манай улс ийм хэмжээний нефть олборлож чаддаггүй байсан юм. Дээрх төслөөр үйлдвэрийг 3,5 жилийн хугацаанд барих бөгөөд газар, дэд бүтэц, засаг захиргааны зөвшөөрөл гэх мэт бүх асуудал шийдэгдсэн. Хэрэв энэ төсөл хэрэгжсэн бол манай улсад 1500 ажлын байр нэмэгдэж,гадаад руу урсаж байгаа гадаад худалдааны том алдагдал болох 1,5 тэрбум доллар Монголд үлдэх байлаа.
ОДОО БИД ЯАХ ВЭ?
ОУВС-тай хийсэн гэрээний хүрээнд 5-8 тэрбум доллар орж ирнэ. Энэ мөнгийг юунд зарцуулах тухай өнөөг хүртэл Засгийн газар зарлаагүй байна. Манай сонин анх байгуулагдахаасаа эхлээд зэс боловсруулах, шил үйлдвэрлэх, ноос, мах боловсруулах, үйлдвэр байгуулахыг уриалсаар ирсэн. Харин өнөөдөр ховор элемент олборлох, зэс хайлах электроникийн салбарт нар, салхи, усны эрчим хүчийг үйлдвэрлэх технологийн төслүүдийг хэрэгжүүлэх уриа дэвшүүлж байна. Одоогийн орж ирэх гэж байгаа энэ их мөнгийг өмнө нь авсан бонд шиг хариуцлага хүлээх эзэнгүй болгохгүйн төлөө ингэж уриалж байгаа юм. Дээрх төслүүдээс харвал Засгийн газар дахиад л нефть боловсруулах үйлдвэр байгуулах үлгэр ярьж эхэлж байгаа бололтой юм. Засгийн газрын шийдвэрт хэзээ, ямар хугацаанд энэ үйлдвэр ашиглалтад орох тоо алга.
Х.БАТТӨГС
Э.БОЛОР
Өдрийн сонин
Нефть · 2018/03/10
Замаас нь төрийн өндөрлөгт байгаа хулгайчууд шууд 250 саяыг гусна...тодорхой
Нефть · 2018/03/10
Замаас нь төрийн өндөрлөгт байгаа хулгайчууд шууд 250 саяыг гусна...тодорхой
Нефть · 2018/03/10
Замаас нь төрийн өндөрлөгт байгаа хулгайчууд шууд 250 саяыг гусна...тодорхой
Нефть · 2018/03/10
Замаас нь төрийн өндөрлөгт байгаа хулгайчууд шууд 250 саяыг гусна...тодорхой
zochin · 2018/03/10
Яг барьж харагдаач