Зураг дээр харагдах шүүгч эмэгтэй бол туршлагатай хуульч, сайн ээж, цагдаа хүний халамжтай эхнэр, дүүргийн шүүгч Амбер Вольф юм.

Харин тэрээр хүнлэг зангийнхаа ачаар энэ урт гуншин дээрээ интернэтийн од гэх бас нэгэн цолыг нэмжээ. Кентаки мужийн дүүргийн шүүгч Амбер Вольфыг үүрэгт ажлаа гүйцэтгэж байх үед нь шүүх танхимын хяналтын камерт бичигдсэн бичлэг интернэтэд цацагдаж хүнлэг, шударга шүүгч бүсгүй ганцхан шөнийн дотор интернэтийн үндэсний баатар болж орхижээ.

Үнэхээр ч бүсгүй хуулиа ягштал чанга мөрддөг энэрэх сэтгэлгүй, хатуу гэгддэг шүүгчдээс хэр баргийн гарахгүй зан гаргасан нь энэрэл, нигүүлсэл байсан юм. Амбер Вольф шүүгч өөрийнх нь танхимд дэлгүүрээс хулгай хийсэн хэргээр баривчлагдаж, дүүргийн шоронд дотуур өмд, футболкнаас өөр хувцасгүй 3 хоносон эмэгтэй хэрэгтэнг орж ирснийг мэдээд, хэрэгтэн бүсгүйд өмд цаашлаад эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл өгөхөөс татгалзсан шоронгийн удирдлагын талаар сонсоод үзүүлж байгаа хариу үйлдэл нь интернэтэд шуугиан тарьж амжаагүй байтал дахин нэг удаа олны анхааралд орсон нь ял шийтгэгдэн хоригдож байгаа залууд төрөөд сар буй хүүгээ анх удаа тэврэхийг нь зөвшөөрсөн зэрэг хэр баргийн шүүгчээс гарахааргүй “хөрсөн дээр буусан” хүн чанартай үйлдлүүд нь бусдын талархалыг хүлээгээд байгаа юм.

Шүүх танхимын хяналтын камер дуу дүрсний өндөр чанартай биш ч гэсэн болж байгаа үйл явдлыг харахад хангалттай ойлгогдоно. 2016 оны 7-р сарын 29-ны үдийн алдад дүүргийн шүүгч Амбер Вольфын өмнөх индэрийн дэргэд өмгөөлөгчийнхөө хамт зогсох өнгөт арьстай бүсгүй хэлхэгэр футболк өмссөнөөс гадна өмдгүй гэдэг нь бэлхнээ харагдана. Харин өмгөөлөгч бүсгүй шоронгийн удирдлага өнгөт арьст бүсгүйд өмд болон эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл өгөхөөс татгалзсан гэдгийг шүүгчид хэлэхэд шүүгч чихэндээ төдийгүй нүдэндээ итгэхийн аргагүй илт бухимдаж, гайхширч байгаа нь бичлэгээс харагдана. Ингээд тэр даруй утас цохиж шоронгийн удирдлагыг яаралтай шүүх танхимд ирж, өөрийнх нь өмнө яагаад өмдгүй эмэгтэй зогсож байгааг тайлбарлахыг үүрэгджээ.

Ингээд өмдгүй бүсгүйд хандан: “Хатагтай би таныг ичгэвтэр байдалд оруулахыг хүсээгүй юм шүү. Намайг үнэхээр уучлаарай” гэж хэлээд зогсохгүй бүсгүйд доод биеэ хаах ямар нэг юм авчирч өгөхийг танхимд байгаа цагдаагийн ажилтнуудаас шаардаж, “Би одоо хаана амьдраад байгаа юм бэ? Ямар гээчийн там нь болохоороо ийм байдаг юм? Итгэх арга алга” гэж бухимдаж байгаа нь харагдана. Тэгээд ч зогсохгүй дэлгүүрээс хулгай хийсэн анхны тохиолдолд нь 75 хоног баривчлах ял шийтгэсэн улсын яллагчийн дүгнэлтийг ширээн дээрээ шидэж, байж болшгүй зүйл гэж үзэн бүсгүйг 100 доллараар торгож, яаралтай суллахыг шаарджээ. Харин энэ бичлэг интернэтэд цацагдаад хоёр долоо ч хоноогүй байхад шударга шүүгч бүсгүй хулгайн хэргээр тусдаа хоригдож байсан залуу хос шүүх танхимд нь ирэхэд төрөөд сар хүрээгүй нярай хүүгээ анх удаа тэврэхийг нь залуу эцэгт нь зөвшөөрсөн байна.

Ингээд залуу эр хүүгээ анх удаа энгэртээ тэвэрч, духыг нь үнэрлэжээ. Ял шийтгэгдсэн залуу хос төдийгүй шүүх танхимд байсан бүх л хүн энэ явдлын дараа нулимс унагаж, шүүгч Вольф хүмүүст салфетка өгөхийг санал болгож байгаа нь бичлэг дээрээс харагдана. Харин тэрээр интернэтэд өөрийг нь од болгоод байгаа энэ хоёр бичлэгээр ажил үүргээ хэрхэн явуулдагыг нь дүгнэх нь өрөөсгөл төдийгүй өөрийгөө их хатуу, чанга шүүгч гэж CNN агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Шүүгч бүсгүйд хэд хэдэн тв-с өөрийн шоутай болох санал тавьсан бөгөөд тэрээр харин татгалзжээ.

Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй