Монгол Улсын Ерөнхийлөгчөөс генерал цол хүртээж буй үйл явдлын сурвалжилгад яваад ирсэн сэтгүүлч нөхөр минь тэр удаа “эр хүн баярлахыг харах яасан сайхан юм бэ?” гэж хэлж билээ. Эрхэм хүндтэй, басхүү эр бяр, зүтгэл сэтгэлийг дагаж ирдэг энэхүү цолыг хүртээх Ерөнхийлөгчийн зарлигийг сонсоод догдолж байхдаа тэд “Эх орныхоо төлөө зүтгэе" гэж өөр дотроо дахин дахин тангарагладаг байх даа гэмээр догдлол, омогшил төрмөөр тийм сайхан мөчийг дэргэдээс нь харсан хэрэг.

Харин генерал цолоо Ерөнхийлөгчийн зарлигаар хураалгахдаа тэд сэтгэл дотроо сэмхэн уул шиг нурж байгаа болов уу гэмээр эмзэглэл олон хүнд төрсөн байх аа. Эр нэг алдаж, эрэг нэг нурдаг гэлээ ч эх орныхоо төлөө тангараг өргөөд зүтгэж явсан тэр бүх цаг хугацааныхаа яагаад ч баллуурдаад арилгаж боломгүй хөдөлмөр бүтээлийнхээ төлөө харамссан нь лавтай. Нэг алдаагаар нь бүх л алдар, гавьяаг нь баллуурдан үгүйсгэх нь басхүү шударга бус.

Тэр тусмаа гэм буруугийнхаа өмнөөс төрийн хуулиар ял зэмээ хүлээж, зохих шийтгэлээ эдэлсний дараа дахин төрийн тэргүүний зарлигаар гавьяа шагналаа хураалгах нь хатуу хэрэг. Тушаалаар ажиллаж ирсэн цэрэг, цагдаа, хүчний байгууллагын жирийн алба хаагч, жанжин генерал хэн нь ч байсан “Мэдлээ гүйцэтгэе” гэх ганцхан хариутай, Тэд энэ удаад ч бас "мэдлээ, гүйцэтгэе” гээд ёслоод өнгөрөх л болов уу.

Монгол Улс 170 шахам генерал цолтонтойгоос цагдаагаас төрсөн генерал цөөхөн, ердөө 17 байдгаас өчигдрийн зарлигаар тэдний эгнээнээс Ч.Амарболд хасагдлаа. Үүний үндэслэлийг зарлигт дурдсанчлан “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн" тул гэжээ. Түүний хувьд өдгөөгөөс 10 жилийн өмнө УИХ-ын ээлжит 2008 оны сонгуулийн үймээний үеэр иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэсэн хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэгт албан тушаалынх нь улмаас буруутган ял оноож байлаа.

Цагдаагийн ерөнхий газар нь Засгийн газрын агентлаг бөгөөд тухайн үед үүссэн нөхцөл байдлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч онц байдал тогтоон хяналтдаа аваад байсан юм. Тухайн үед иргэд, цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарч, галт зэвсэг хэрэглэсэн, таван иргэний амь нас хохирсон нь зөвтгөж боломгүй харамсалтай хэрэг байлаа.

Үүний улмаас Цагдаагийн ерөнхий газрын дарга байсан Ч.Амарболд болон цагдаагийн хэд хэдэн албан тушаалтан ял эдэлсэн. Тэр явдлаас хойш Ерөнхийлөгчийн гурван ч удаагийн бүрэн эрхийн хугацаа өнгөрч, өдгөө дөрөв дэх бүрэн эрх хэрэгжээд явж байна. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын санаанд ороогүй алхмыг юутай ч өнөөгийн Ерөнхийлөгч хэрэгжүүлсэн нь зөв, буруу гэх шүүмжлэлийг зэрэг дагууллаа.

“Төр өгч болсон цолоо хурааж бас болно" гэсэн зөвтгөл дунд ямарваа үндэслэл дурдагдахгүй байгаа нь анзаарагдаж байна. Энэ нь цолоос хасагдаж буй генералуудыг гэхээс илүүтэй аливаад чиг шугамаа баримталдаггүй төрийг өөрийг шүүмжлээд байгаа мэт ойлгогдож байх аж. Нөгөө талд Ерөнхийлөгчийн зарлигийг буруу гэж үзэж буй хэсэг нь "шийтгэлийг давхардуулж оноодоггүй” гэсэн шүүмжлэлийг хэлж байна.

Мөн энэ зарлигаас. үүдээд зарим хүн “Зөв шийдвэр гаргажээ. Цаашдаа армиас бусад цагдаа тагнуул ОБЕГ- ын салбаруудад генерал цол өгөхгүй, хуулиар хориглох хэрэгтэй", “зөвхөн арми, хилийн цэрэгт л генерал цол байх нь зүйтэй” гэсэн сэтгэгдлийг нийгмийн сүлжээнд илэрхийлсэн байх бол нөгөө хэсэг нь “Энэ чухал ажил мөн үү. Бөхийн татами биш шүү", “Одоо хууль үйлчилдэггүй бөхчүүдийн цолыг эхнээс нь хурааж ав" гэхчлэн бичиж байна.

Санал, сэтгэгдлүүд дундаас бүр өөр нэгэн асуудал энд хөндөгдөж байгаа нь генерал цолыг зөвхөн батлан хамгаалах, зэвсэгт хүчнийхэнд л олгох уу, цагдаагийн байгууллага жагсаалтаас хасагдах уу гэх асуулт юм. Нийтлэлийн эхэнд дурдсан тооноос харвал нийт генерал цолтнуудын 10 орчим хувь нь цагдаагийн эгнээнээс төржээ. Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар улс орны тусгаар тогтнолтой холбоотой стратегийн салбар гэдэгтэй маргах аргагүй ч 1945 оноос хойш дайны байдал зарлаж байгаагүй, энэ утгаараа энх цагийн манаачид.

Харин улс орны хөгжлийн явцад цагдаагийн байгууллага нь стратегийн ач холбогдлын хувьд хүн амын аюулгүй байдал, амь нас, эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс илрүүлэхээс гадна урьдчилан сэргийлэх гэх зэрэг хүнд, хариуцлагатай албан үүргийн мөн л тушаал, тангараг дор гүйцэтгэдэг албан болон өргөжжээ. Өдөр тутмын 24 цагийн тасралтгүй үйл ажиллагааг хэрэгжүүлж, үйл явдлын халуун шугамд явдаг онцгой алба юм. 

Зөвхөн энэ утгаар аваад үзсэн ч цагдаагийн байгууллага зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарын нэг адил зэрэг дэвтэй байх ёстой гэж мэтгэж болмоор. Тэрчлэн цагдаагийнхнаас генерал цолтон ховор төрдөг гэх гомдлыг салбарынхан дотроо ярилцдагийг ч сонсож байлаа.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд цагдаагийн цолыг албан тушаалтай нь харгалдуулан өгч байх, албан тушаалаас буухдаа цолоо буцаан хураалгаж байх зарчмыг дэвшүүлсэн нь салбарынхны ил, далд хүчтэй эсэргүүцэлтэй тулж байв. Нэг үгээр цагдаагийнхны хувьд цол хамгийн эмзэг зүйл нь юм.

 

З.Боргилмаа

Эх сурвалж: "Өглөөний сонин"