"Шинэчлэе" хэмээх уриа лоозонтой шинэ Засгийн газрын нөхдүүд ард түмнэээ басамжлаад байна уу аль эсвэл доромжлоод байна уу гэлтэй. Сүүлийн үед арай ч дээ гэмээр үг хэллэг хэлж, бичиж суух болж.

Үүний хамгийн сүүлийн жишээ гэхэд Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг. Тодруулбал, тэрбээр өндөг 500 төг болчихлоо энэ үнийг хөөрөгдөл биш үү хэмээн сэтгүүлчийг асуухад биш гэсэн. Тэгээд будааны үнэ өсөөд үнэтэй болчихлоо гэхэд  "будаа үнэтэй байгаа бол, гурил аваад идэхгүй юу даа" гэж байсан цаг саяхан. Гэтэл үүний халааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ залгамжилжээ.

Тодруулбал,  С.Эрдэнэ "ХАХНХЯ байгуулагдсан цагаасаа хүн амын бүлэг тус бүрээр сэдэвчилсэн зөвлөгөөн зохион байгуулж ирсэн. Эдгээр чуулган зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан зөвлөмж болон 1999 оноос төр, төрийн бус байгууллагуудаас удаа дараа зохион байгуулсан үндэсний хэмжээний онол практикийн бага хурлуудаас гарсан саналд түшиглэн 2014 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж байна. Учир нь гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол аюулгүй байдлын үндэс, улс орны хөгжил дэвшлийн баталгаа төдийгүй үндэсний ёс заншил, соёл уламжлал овог удмын үнэт зүйл хадгалагддаг хүний хөгжил төлөвшлийн суурь орчин байдагт гол онцлог нь оршдог. Гэр бүлийг дэмжих жил болгох саналыг бид Засгийн газрын хуралдаанд оруулж Засгийн газар дэмжиж тогтоол гаргасан байгаа. Хүн амын өсөлт, насжилтын нэн тааламжтай цонх үе тохиож байгаа энэ үед бид гэр бүлийн хөгжлийн асуудлыг төрийн бодлогын түвшинд нэлээд онцгой авч үзэх шаардлагатай гэж үзэж байгаа" хэмээж байсан. 

Мөн хүн өсгөх бодлогыг барьж төрөлтийг нэмэгдүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллана гэж онцолж байсан удаатай.

Тэгвэл тэрбээр энэ салбарын сайд хүн байж өөрийн твиттер хуудаснаа: "Төрөхөө болиод хэзээ эмнэлэг цэцэрлэгтэй болсон цагтаа төрнө гээд л хүлээгээд хэвтэж байхгүй юу даа хө"  хэмээн жиргэж суух юм.

Энэ арай хэтэрч байна аа. Төрөх эмнэлэг хүрэлцэхгүй байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ ард иргэдийг ингэж доромжилж болохгүй гэдгийг мэдэхгүй гэж үү. Төрөх эмнэлгийн тоог нэмж, хүн амаа нэмэгдүүлье одоо юу хийх үү яавал хурдан эмнэлгээ барих уу гээд хаа сайгүй гүйж харайж явах хүн шүү дээ. Үүний оронд зөөлөн сэнтийд тухалж суучихаад ийн ард түмнийг үг хэлээр гутаах ёс зүй С.Эрдэнэ байна гэж үү?

Монголчууд бид үнэхээр ийм ухаан муутай хүн сонгож өөрсдийн төлөөлөө болгосон гэхэд харамсч байна. Хэлсэн үгэндээ уучлал гуйчих зоригтой аавын хүү УИХ-д даанч алга.  АНУ, Европын орнууд, Япон, БНСУ, Австрали, Шинэ Зелланд гэх мэт хөгжсөн орнуудад бол хэлсэн үгэндээ уучлал гуйгаад огцорчихно. Гэтэл манайд эсрэгээрээ дуртай нэг нь ард иргэдээ басамжилж, доромжилж байх нь энгийн үзэгдэл мэт болж. Хэн дуртай олон нийтийн сүлжээгээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ Монгол улсын Хүн ам, хөгжлийн сайд хүн ингэж бичих нь арай хэрээс хэтэрч буй хэрэг.

Түүний хэлсэн нэг өгүүлбэрийн цаадахыг ухаж ойлгоход,

Нэгдүгээрт: хүүхэд төрүүлээгүй гэр бүл олон бий.

Хоёрдугаарт: Одоо амаржих гэж буй олон мянган эхчүүд байгаа

Гуравдугаарт: Эмэгтэйчүүдийн ээж болох эрхийг боомилж

Дөрөвдүгээрт: Хүн амаа өсгөнө гээд байсан өөрийн үгээ үгүйсгэж буй хэлбэр

Тавдугаарт: Төрөх эмнэлгийг нэмэгдүүлэх ажлыг хийх хүн ийм зүйл ярьж буй нь хамгийн хачирхалтай үйлдэл болж байгаа юм. 

С.Эрдэнэ сайд "Олуулаа болъё гэхээр элдвээр доромжилно. Хариу бичихээр бөөн дуулиан болгоно. Өөр шалтаг олдохгүй байна уу? Улстөрөө бодож хий…" гэх мэтээр тооцсон шинжгүй хариу барих аж. Ардчилсан намын энэ сайдад улс төрийн соёл, төрийн хүний зангараг, ёс зүй гэх мэт олон шалгуур үзүүлэлтүүдээс аль нь ч алга. 

Ингэж ард түмнээ доромжилсон үгэндээ уучлалт гуйж чадах уу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ээ.

Таны дорожилсон үгийг олж уншсан болохоор одоо уучлалт гуйхыг чинь хүлээж байна.

Х.Даваа