Ж.Батзаяа: Гэхдээ би тэр цагдаад гомддоггүй
2018/05/11
Хичээлийнхээ хажуугаар ажил хийж, гэр бүлийнхээ амьжиргаанд тус дэм болдог, 16-хан настай залуу 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр ажлаа тараад гэр лүүгээ явах замдаа аймшигт үймээнд өртөж, насан туршдаа эрүүл мэндээрээ хохирч үлджээ. Одоо тэрээр нэг хөлөө тайруулахаас өөр аргагүй болсон бөгөөд хагалгаанд орохын тулд хашаа байшингаа зарахаар болсон байна. Гэмгүй олон иргэдийг гэмтэн болгож шоронд оруулсан, зарим нэг нь амь насаа хүртэл алдсан хар 7 сарын 1-ний үймээнд хохирсон иргэн Ж.Батзаяатай ярилцлаа.
-Сайн байна уу. Яаж яваад тэр аймшигт үймээний хохирогч болсон бэ. Сонирхоод очсон юм уу?
-Тэр үед би 8-р ангиа төгсөөд Олон улсын урлагийн сургуулийн урилгатай байлаа. Аав маань тэр жил өнгөрөөд удаагүй байсан учир мөнгө их хэрэгтэй байсан. Мөнгө олохын тулд ундаа зөөж эхэлсэн. Тухайн өдөр хүүхдийн зуугийн ард байсан захад гурвуулаа нийлж хоёр кантенр буулгасан юм. Тэгээд ажлаа дуусаад 11 хагас гээд гэр лүүгээ харих гэж байсан. Уг нь хүүхдийн зуугаас Сансар гэсэн микро автобус явдаг байсан. Гэтэл тэр өдөр ирдэггүй, бараг 12 болсон байх. Алхахаар шийдээд алхсан. Алхахаар угаасаа талбайгаар дайрна. Талбайн хажуугаар явтал гал түймэр гарсан, хүмүүс бужигналдаж байсан. Яг л дайн болсон мэт. Сонирхол татаж, юу болсныг мэдэхийн тулд галын тэнд очсон. Галын хажууд хүн байхын аргагүй утаатай, нүд хорсож байсан. Талбайг нэвт гарахаар Улаанбаатар зочид буудлын тийш алхсан. Гэтэл урдаас цагдаа нар гараад ирсэн. Хүмүүс цагдаад баригдаж болохгүй шүү, наадуул чинь зодно гэж орилж байсан. Тэгээд тэдний үгээр орж хойшоо гарах гэтэл мөн урдаас цагдаа нар гараад ирсэн. Цагдаа нар хоёр талаас шахаад ороод ирсэн. Би хаашаа явахаа мэдэхгүй талбайн голд, Сүхбаатарын хөшөөний гинжин дээр хэсэг суулаа. Гэтэл цагдаа нар бүр дайрч, түрээд ирсэн. Хүмүүс Монтелийн тийш бүгд зугтсан, би ч дагаад гүйлээ. Олон хүнээ дагаад л явсан. Шангри-Лагийн тийш чиглэн гүйж байтал буун дуу гарсан. Нэг сэрсэн буланд хэвтэж байсан. Хүмүүс чулуу шидэлцээд, хөлийн тэндээс 5-6 бамбайтай цагдаа ирж байсан. Би “ах аа авраарай, туслаарай” гэхэд хоёр дахь цагдаа нь “чи наанаа тэр чигтээ үхээрэй” гээд дэвсэж байсан. Ухаан алдаад нэг сэрсэн талбай дээр байсан, баахан хүмүүс тойрсон. Дахин нэг сэрсэн машин дотор, эмнэлэгт байсан.
-Яаралтай хагалгаа хийсэн үү?
-Тийм. Шууд хагалгаа хийгээд, сэхээнд найм хоносон.
-Яаралтай хагалгаа хийсэн ч амжилттай болоогүй юм уу?
-Бууны сум зөөлөн эд рүү орвол нэвт гараад явах боломжтой юм байна. Харин яс луу орвол аюултай гэнэ. Анх намайг эмнэлэгт очиход миний дунд чөмгийн 25 см орчим нь үүрчихсэн байсан. Түүнийг нь эмч нар хусаж аван, нуруунаас яс авж нөхсөн. Одоо миний дунд чөмөгний зургийг харвал хоёр балны үзүүр нийлсэн мэт тийм сонин ястай. Бага зэрэг эвгүй гишгэвэл хугарах аюултай.
-Одоо хөлөө тайруулахаас өөр аргагүй болсон гэлээ. Хөлөө тайруулаад хиймэл хөлтэй болно гэсэн үг үү?
-Солонгос явахаар зардал өндөртэй юм билээ. Тиймээс Бээжин явна. Бээжинд арай зардал багатай 45 орчим сая төгрөг болно. Яг хиймэл хөлнийх нь үнэ 35 сая төгрөг юм билээ. Бусад нь хагалгааны зардал, эмнэлгийн хоол унд гэх мэт урсгал зардал.
-Энэ мөнгийг олохын тулд хашаа байшингаа зарна гэлээ. Ээжтэйгээ хоёулханаа амьдардаг гэсэн. Хашаа байшингаа зарчихвал хаана амьдрах уу?
-Хөл минь л зүгээр болж байвал болох байлгүй дээ. Тэгэхгүй бол жаахан алхахаар л явж чадахгүй, заримдаа гутал ч өмсөж болохгүй болдог. Ажил хийгээгүй биш хийж үзсэн. Ажлаас гарсан шалтгаан маань дандаа л эрүүл мэндийн байдлаас болж гардаг. Жаахан ядрангуут дархлаа суларч, хөл өвдөж эхэлдэг. Тэгээд л эмнэлэгт 2-3 сар хэвтэнэ. Нэг ажилд ихдээ л нэг жил л ажилладаг. Байшингаа хүргэн ахтай хамтарч барьсан. 64 мкв байшин бий. Эмнэлгээс гараад гэртээ байхдаа өдөрт нэг тоосго, нэг блок тавьсаар байшингаа босгосон.
-Ээж нь ажил хийдэг үү?
-Ээж минь барилгад ажилладаг байсан. Гэхдээ одоохондоо ажилгүй байгаа. 50 гарсан хүн бий. Уг нь хөлөө авахуулахгүй байя гэж бодсон. Гэвч авахуулахаас өөр аргагүй болсон гэсэн.
-Буудуулсан цагдаагаа олоогүй юу?
-Олоогүй. Гэхдээ би тэр цагдаад гомддоггүй. Ажлаа хийж л яваа хүн. Шүүх хурал дээр генералуудын ярьж буйгаар дээрээс нь тушаал л өгсөн юм билээ. Толгой дээр дэвссэнд нь л гомдсон. Хэдий ажлаа хийж яваа ч бас тэгж болохгүй байсан байх. Ард иргэдийг хамгаална гэдэг болохоос ална гэдэггүй ш дээ.
Чи юу яриад байгаа юм · 2018/05/11
Чи одоо юу яриад байгаа юм бэ? Ингэж хохирчихоод цагдаад гомдолгүй гэж. Цаадуул чинь хүн буудахгүй байж болох л байсан шүү дээ. Чи л ийм хүмүүсийг өөгшүүлээд байвал өөрөө л хохирно доо. Ийм үед "тэгвэл хохь нь" гэсэн үгийг хэлдэг юм шүү дээ. Чи л өөрийгөө хохирсон чигээр нь үлдээх гээд байгаа юм биш үү.