​Хүнээ алдсан, хууль цоорсон, хүүхэд эндсэн, хөрөнгө мөнгө завшсан ч бай манайд асуудал гурав хоног яригддагийн жишээ “Макс-Өргөө” компанитай холбоотой барилгын осол байна.

Мэдээж энэ төрлийн гашуун мэдээллийн хамгийн сүүлийн жишээ энэ юм. Өөрөөр хэлбэл, уг хэргийг хэвлэл мэдээллийнхэн, төрийнхөн, буцах эзэн буух хаяг нь болсон “Макс-Өргөө”-гийнхөн ч мартахад ердөө гурав хоног л хэрэгтэй байжээ. Сэтгэл сэрдхийлгэм мэдээллийг бид мартаад яг 14 хонож байна. Тэгвэл уг хэрэгтэй холбоотой асуудал яагаад таг чиг болчихов оо гэдэг нь сонин. Албаныхнаас лавлавал, хэрэг мөрдөн бай­цаалтын шатандаа явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэж байгаа бол уг осолд хариуцагч компани болон мэргэжлийн хяналтын байгууллага, салбарын яамныхныг буруутгах хүн цөөнгүй байгаа юм. Учир нь энэ сарын 7-ны өглөө гарсан уг осолтой “амь” нэг хэргүүд эцэстээ ямар үр дүнтэй дуусдаг болохыг мэддэг, мэдээлдэг хүн байхгүй нь эмгэнэл гэлтэй. Тэгвэл нэг бус нэлээд хүний амьдралыг дуусгаад байгаа барилгынхны хариуцлагагүй, балагт үйлтэй холбогдох хэр­гүүдийг эргэн сануулбал нэлээд урт дараалал гарч байна. Энэ бүхэнд монголчууд бид ямар шийдэл хэнээс хайх вэ. Хохирогчийн ар гэрийнхэн болоод ард түмэн үнэхээр “Макс-Өргөө”-г уучлахгүй нь тодорхой.

Зөвхөн барилгын осолтой холбогдох хар өдрүүдийг нэхэн санавал ийм байна.

-2012.08.11-ний өдөр. Орхон аймагт 13 настай хүү “Агни трейд” гэх компанийн барилгын ажил хийж байх үедээ шороонд дарагдаж амиа алдсан. Тэрээр найзынхаа хамт Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн өргөтгөлийн барилгын подвалын үерт өртсөн шороог зөөж байхдаа нурангид дарагдсан.

-2012.09.03-ны өдөр. Бетон зуурмаг шахаж байсан машин унаснаас 12 настай охин нас барав.

-2012.09.07-ны өдөр “Баганат-Өргөө” компанийн барьж эх­лүүлсэн барилгаас төмөр унаж, хүний нүүрний яс бяцарч, зүүн нүд нь хараагүй болов.

-2012.09.08-ны өдөр “Рапид харш” орон сууцны барилгын өргөгч цамхагийн оройн хэсэг нь хугарч, 26 настай залуу амиа алдав.

-2012.12.07-ны өдөр. Баянзүрх дүүргийн X хороонд баригдаж байсан “Асар шим” компанийн барилгын гурван давхарт ажиллаж байсан 33 настай Э өндөр хүчдэлд цохиулж, нас барсан.

-2013.04.29-ны өдөр. Баянгол дүүргийн III хороо Нарны гүүр, Энхтайваны гүүрний хооронд байрлах “Хурд” компанийн “Нарны хороолол”-ын барилга дээр ажиллаж байсан 40 настай ажилчны дээрээс төмөр сапуд унаж амиа алдсан. Тэрбээр “Шинэ их холдолт” компанийн харьяат ажилчин байсан гэдгийг мэдээлж байлаа. Энэ үед барилгын есөн давхарт нь “Минимакс” компанийн ажилчид кранаар сапуд өргөж байснаа алдсан юм.

-2013.08.03-ны өдөр “Roma Investment”-ийн барилгын тулгуур төмөр унаж, 17 настай хүүгийн тархинд хүнд гэмтэл учрав.

-2014.01.07-ны өдөр “Grown town”-ы барилгаас бэхэлгээний төмөр унаж, “Land Cruiser-200” машины жолооч амиа алдлаа.

Аймшигтай. Тэгвэл энэ мэт амь нэхсэн хэргүүдийн өмнө хэн буруугаа хүлээх ёстой вэ. Хариуцагч компаниас мэдэгдэл гаргаж, ар гэрийнхнээс нь уучлалт гуйгаад л бүх юм “ок” болчихдог гэсэн хөнгөхөн ойлголт манай хуулиас дээгүүр жаалагчдад бий болжээ. Тэгвэл хамгийн сүүлд болсон  “Макс-Өргөө” компанид холбогдох хэргийн зангилаа хаана байгааг тодрууллаа. Тус компанийн зүгээс хэдийнэ мэдэгдэл гаргаж барилгын ажил гүйцэтгэгч компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд тавих хяналт хангалтгүйгээс хүний амь эрсдлээ гэж буй.

 

 ПАЙЗ ЯАГААД СУГАРАВ ГЭДЭГ ХАМГИЙН ЧУХАЛ

Д.Бямбасүрэн: (МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч)

-Дээрх ослыг хөдөлмөрийн аюул талаас нь тайлбарлавал хэт хавтгайрсан тайлбар болно. Осол гарахад ажиллаж байсан ажилчид хамгаалалтын бүстэй байснаас бэртэл аваагүй. Өнгөрсөн онд манай байгууллагаас хяналтыг сайжруулсны үр дүнд барилгын ажилчид өндрийн бүсээ хэрэглэж хэвшсэн байна гэж дүгнэж байна.  Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал уу, техникийн гэмтэл байсан уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Өргөх механизмын нэг талын гуяны төмөр сугарснаас өрөөсөн тал нь шидэгдсэн. Сугарсан пайзыг хайсан ч олдоогүй. Өөрөөр хэлбэл, өргөх зөөх механизмыг мэргэжлийн хүмүүс суурилуулдаг. Анх суурилуулсан өргөгч нь барилгын нөгөө талд байсан. Харин осол гарсан талд өөр байгууллага суурилуулсан юм билээ. Пайз яагаад сугарав гэдэг нь хамгийн чухал. Энэ бол ослын шалтгаан.

 

ЗАСАЛ БОЛОН ДЭЭВРИЙН АЖИЛД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН

Б.Цэдэнсамба: (БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлстийн дарга)

-“Макс-Өргөө” компанийн “Crown center” гэх барилгыг 2011 онд зөвшөөрөлтэй эхлүүлсэн. Өнгөрсөн онд үндсэн угсралтын ажил дуусч есдүгээр сард барилгын ажлаа үргэлжүүлэх хүсэлтээ яаманд гаргасан. Ес­дүгээр сарын 25-нд хүсэлтийг хүлээж аваад аравдугаар сарын 25-нд үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн. Өөрөөр хэлбэл, угсралтын ажил дууссан учраас засал болон дээврийн ажилд зөвшөөрөл олгосон. Гэхдээ долоодугаар сард зөвшөөрөл нь дууссан байсан юм билээ. Харин есдүгээр сард манайд хүсэлт гаргасан. Энэ удаагийн зөвшөөрлийг жилээр сунгасан.

Хүний амь авсан “Макс-Өргөө”-гийн барилга тойрсон асуудал ийм байжээ. Мөн тус барилга дээр 2012, 2013 онд хэд хэдэн шалгалт хийсэн ч тухайн үедээ илэрч байсан 18 зөрчлийг арилгаагүйгээс хамаг бүхэн эхтэйг одоо сануулбал, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй ижил гэдгийг мэдэх ч энэ мэт хэрэг ахин гарахгүй гэх баталгаа алга. Эндээс харахад тэдэнд уучлал гуйх эрх байхгүй байлтай.

М.МӨНХТУНГАЛАГ