А.Гансүх сайд Хятадын талтай ямар тохиролцоо хийсэн бэ
2014/01/21
Хэдхэн жилийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайд Санжаагийн Баяр “Монгол Улс үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирлээ” хэмээн бахархалтайгаар зарлаж билээ.
Үнэхээр тэр үеийн тооцоо судалгаа, хөрш болоод хөгжингүй орнуудын бидэнд тавьж буй санал зэргийг харгалзаж үзэхэд тиймэрхүү мэдэгдлийг итгэл төгс, омог бардам хийж болохоор байж. 2008 оны сонгуулиар эрх баригч намууд улс орны үсрэнгүй хөгжилтэй холбогдуулан “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” хэмээх сая, сая таван зуу мянган төгрөгийг ард түмэндээ тарааж өгөхөөр ам булаалдан амлацгааж байв. Гэтэл өнөөдөр Монгол улс өнхөрч унахын даваан дээр тулчихжээ. Тэр их боломж хаашаа, яагаад алга болчихов?
Ердөө хэдхэн жилийн дотор юм яагаад ингэж өөрчлөгдөв?
2008 оны сонгуулийн дараа тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяр “стандарт бус” нэгэн шийдвэр гаргасан юм. Тэр нь сөрөг хүчин болох Ардчилсан намаа гэртээ оруулж, өвөртөө хонуулах буюу хамтарч засаг барих шийдвэр байв. Түүний энэ шийдвэрийг сайн, муу олон өнцгөөс тайлбарлаж болох ч хамгийн гоё тайлбар нь “улс орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө хоосон улс төржилт, хэрэггүй хэрүүлээ зогсоож их бүтээн байгуулалтыг хамтдаа эхлүүлэх” байв.
С.Баярын “стандарт бус” шийдвэрийн алдаа оноог цаг хугацаа дүгнэх биз. Гэхдээ өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад түүний хамгийн том алдаа нь улс орныхоо дэд бүтцийн чухал салбарыг мэдлэг боловсролоор мааруухан мэргэжлийн бус хүнд хариуцуулсан явдал байжээ.
Нэгэн баримт танилцуулахад, 2012 оны эхээр буюу Ардчилсан нам хамтарсан засгийн газраас гарсны дараа тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тухайн үеийн Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж нарт хандан бичсэн албан бичигтээ “Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулж холбогдох шийдвэрийг гаргуулахдаа Оросын төмөр замын нийгэмлэгтэй хамтарч Сайншанд-Тавантолгой чиглэлийн өргөн царигийн төмөр зам барина, гол санхүүжилтийг Оросын төмөр замын нийгэмлэг (төмөр замын төслийн талаар урьдчилан яриа хэлэлцээ хийхдээ Таван-толгойн нүүрсний ордны тусгай зөвшөөрлийг Оросын Холбооны Улсын талд өгнө гэж яриа хэлэлцээр хийсэн гэдгээ хожим нь танилцуулсан) хариуцна, Оросын Холбооны Улс өргөн төмөр зам тавина гэсэн нөхцөл тавьсан тул Гашуунсухайтын чиглэлд тавигдах байсан 200 гаруй км, Нарийн сухайтын чиглэлд тавигдах байсан 50 км нарийн цариг бүхий төмөр замын ажлыг зогсоохоос аргагүй гэсэн тайлбар хийж байсан” гэжээ.
Үүнээс өөр нэгэн баримт танилцуулахад, тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын гарын үсэгтэй 2009 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хятадын төмөр замын групп (China Railway Group Limited) гэдэг компанитай байгуулсан санамж бичигт “Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Тавантолгойн коксжих нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан барих төмөр замын төслийн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн асуудлыг Хятадын тал бүрэн хариуцах бөгөөд Монгол улсын Засгийн газар Хятадын талд Тавантолгойн коксжих нүүрсний орд газрыг ашиглах онцгой эрхийг олгоно” гэж заажээ.
Мөн тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Дэд сайд А.Гансүхийн 2009 оны 07 сарын 23-ны өдөр гарын үсэг зурж, Хятадын төмөр замын яамтай байгуулсан өөр нэгэн санамж бичигт, “Талууд харилцан тохиролцсоны дагуу Хятад-Монголын хамтарсан төмөр замын компани байгуулах бөгөөд талууд тус бүр 50%-ийн хувьцаа эзэмшинэ. Хятадын тал төмөр замын компанид техник, технологи, барилгын ажлын хөрөнгө оруулалт оруулах замаар хувьцаа эзэмших бөгөөд Монголын тал хайгуул хийн нөөц нь тогтоогдсон уул уурхайн ашигт малтмал ашиглах эрхээр хувь нийлүүлнэ” гэж заажээ. Цаашилбал, “Шивээхүрэн – Нарийн сухайт, Сайншанд – Замын-Үүд болон Баруун-Урт – Бичигтийн чиглэлийн төмөр замуудыг 1435 мм-ийн (нарийн) царигаар барина” гэсэн байна. Энэ мэтчилэн судлаад байвал өчнөөн олон баримт бичиг байх бөгөөд зөвхөн эдгээр баримтуудаас үзэхэд, Монгол Улсын баялагийг ухаад, зараад байна гэж уурлаад байдаг Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга маань өөрөө Тавантолгойн коксжих нүүрсийг вагоноор нь биш орд газраар нь оросуудад, бас хятадуудад бэлэглэхээр тохиролцож байжээ.
Мөн, нарийн царигаар төмөр зам тавьчихвал улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул учирна гэсэн утгагүй үлгэрт нь итгэх хүн олдохгүй болохоор төрийн хар хайрцагний бодлого, геополитикийн бодлого гэсэн сүржин нэртэй, даржин юм зохиож явдаг Зам, тээврийн сайд А.Гансүх нь өөрөө нарийн царигаар төмөр зам барихыг зөвшөөрөөд гарын үсгээ зурчихсан байж.
Монгол Улс хөгжих ёстой. Хөгжихийн тулд давын өмнө хөрш орнуудтайгаа найрсаг харилцаатай үүсгэж, харилцан ашигтай хамтран ажиллах хэрэгтэй. Дэлхий даяараа худалч хүнд дургүй. Тохирсноосоо буцдаг, амалснаасаа няцдаг хөгийн юманд хэн ч дуртай байхав. Дамаа ялангуяа Монгол төрийн сайд хүн хөрш орнуудтайгаа юмаа мэдэж, улсаа бодож тохирдог байх ёстой.
Дээр нь муутай ч, сайнтай ч гэсэн үндэсний компаниудынхаа төлсөн татвараар л Монгол Улс өдий дайтай яваа болохоор гео-политикийн асуудал гэж бүлт мулт үсрэхээсээ өмнө үндэсний компаниудынхаа эрх ашгийг бодолцож үзэх ёстой.
Гэтэл Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Зам, тээврийн сайд А.Гансүх гэх хоёр этгээд юуны тулд, хэний төлөө, аль улсын эрх ашигт тохируулан өөрсдийнхөө хөрөнгөөр төмөр зам тавих гэж байсан үндэсний компаниудынхаа ажлыг бүхэл бүтэн таван жилийн турш гацаасан юм бол? Энэ хоёрын яриад байсан гео-политикийн бодлого нь Монгол Улс хөрш орнуудтайгаа таагүй харилцаа үүсгэж, стратегийн ач холбогдолтой уул уурхайн төслүүдээ царцаагаад, эдийн засгаараа хямрах бодлого байсан юм уу?
tumur zamchin · 2014/01/22
gansukh bas ter batzaya jenko nariin hiij bgaa zuil niit tumur zamchdiin ner hundiig aikhtar muuhai ynagaj baina. deerees n ylsaas tumur zamd ugch byi sankhuugiin demjlegiig dandaa huvaaj ideed bg****dee