Түүх соёлоо хамгаалах асуудлаар ҮАБЗ-д хандана
2014/01/22
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 121 жилийн ойд зориулсан "Түүх соёлын үнэ цэнэ" сэдэвт эрдэмтэн, судлаачдын нээлттэй хэлэлцүүлгийг УИХ дахь МАН-ын бүлэг, Нийгмийн ардчиллын хүрээлэн, Түүх соёлоо хамгаалах хөдөлгөөнөөс хамтран зохион байгуулж байна. Улс төрийн зорилгоор түүхийг гуйвуулж, түүхийн дурсгалт зүйлсийг нураан сүйтгэж байгаа эрх баригчдын үйлдэлд эмзэглэж байгаагаа уг хэлэлцүүлэгт оролцогсод хэлж, түүхийн үнэн зөв ойлголтод онцгой анхаарах шаардлагатайг онцолж байна. Хэлэлцүүлэгт нийтдээ 70 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож байгаа юм.
Хэлэлцүүлгийг Нийгмийн ардчиллын хүрээлэнгийн захирал, доктор Я.Төмөрбаатар нээж, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат үг хэлэв. Тэрбээр сүүлийн үед түүхийг гуйвуулж, үгүйсгэх хандлага газар авч байгааг онцолж, МАН түүх соёлоо хамгаалах зорилгоор хөдөлгөөн байгуулсныг зарлав. Их жанжны төрсөн өдрийг угтаж МАН энэ долоо хоногийг "Түүх соёлоо хамгаалах долоо хоног" болгон зарласан. Энэ хугацаанд жирийн иргэд, эрдэмтэн, судлаачдын хэлсэн санал, үзэл бодлыг нэгтгэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-д түүх соёлоо хамгаалах талаар уриалга гарган хүргүүлэх юм.
Мөн профессор Ч.Дашдаваа "XX зууны эхэн үеийн улс төрийн түүхийн зангилаа асуудлууд" илтгэл тавилаа. Тэрбээр "Түүхийг мушгин гуйвуулах вандализм Монголд газар авч байгаад харамсаж байна. Ялангуяа улс орныг авч яваа хүмүүс өнгөрсөн түүхээ мэдэхгүй байна. Жанжин Д.Сүхбаатарыг гэхэд л морин дэл дээгүүр давхиж явсан цэргийн хүн мэтээр төсөөлөхийг хичээж, бүтээсэн гавьяаг нь илт үгүйсгэх болжээ. Зөвхөн энэ хүний хэлсэн үгийг шинжлэхэд л ямар хүн гэдэг нь тодорхой харагдана" гэлээ.
Түүх соёлоо хамгаалах нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Н.Батсүмбэрэл "Түүхийн нэг үеийг нөгөө үеэр дарах ажиллагаа явагдаж, улс төрийн зорилгоор өөрчлөх оролдогууд гаарч, түүхийн мэдээлэл агуулсан хөшөө, дурсгалыг буулгах явдал энэ Засгийн газрын үед хэвийн үзэгдэл боллоо" гэж хэлэв. Энэ мэтчилэн түүхийг гуйвуулж, гутаах, үгүйсгэх оролдлогууд цаашид ч гарч болзошгүй байгаа тул ҮАБЗ анхааралдаа авах ёстой гэж хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн, судлаачид санал нэгтэй тэмдэглэв.