Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр /2014.01.23/ Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр "Том төрөөс ухаалаг төр рүү" санаачилгыг хэрэгжүүлэх тухай" 52/32 дугаар зөвлөмж гаргасны дагуу төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газарт, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөмж болгосны дагуу энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

 

   Хуулийн төслийн танилцуулгад дурьдсанаар сүүлийн жилүүдэд манай улсын хувьд эдийн засгийн аль нэг салбарын бодлогыг төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, нэгжийг олон тоогоор, тодорхой судалгаагүй бий болгох замаар хэрэгжүүлэхийг эрмэлзэх болсон нь түгээмэл ажиглагдаж байна. Үүнийг салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллагууд төрийн аж ахуйн үйл ажиллагааг салбарын бодлоготой уялдуулах зорилгоор тайлбарлаж буй хэдий ч бизнесийн шийдлийг хэт хараат байдлаар гаргах нь аж ахуйн үндсэн зорилготой нийцэхгүй байх сөрөг үр дагавартай. Түүнчлэн тухайн салбарт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд уг салбарын үйл ажиллагааг зохицуулах бүрэн эрхтэй байх нь нийтлэг зарчмын үүднээс тайлбарлавал сонирхлын зөрчил үүсгэж улмаар бусад оролцогчдын эрх ашигт сөргөөр нөлөөлөх магадлалтай. Иймд энэхүү сөрөг нөлөөллийг багасгах үндсэн арга зам нь төр өөрийн өмчлөлийг хэрэгжүүлэх хүрээ, хязгаар, механизм, арга хэлбэрээ зөв тогтоох явдал юм гэсэн байна.

   Мөн танилцуулгад Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл нь энэ зарчмыг хэрэгжих механизмыг тогтоосон Төрийн аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийг хэрэгжүүлэх урьдач нөхцөлийг хангах зорилготойн зэрэгцээ сүүлийн үед хэт хавтгайрах үзэгдэл болж төрийн өмчит хуулийн этгээдийг олноор үүсгэн байгуулж буй байдлыг хууль гарах хүртэл хугацаанд буюу тодруулбал, төр өөрийн өмчлөлийг хэрэгжүүлэх зүй зохистой механизм бий болох хүртэл түр хугацаагаар хязгаарлах зорилготой болно гээд энэхүү хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамтад нь боловсруулсан тухай дурьдсан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.