Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газраа төвхнүүлэх гэж байх тэр үедээ нэг мэдэгдэл хийсэн дээ. Тэрэндээ, 
-Би төрийн албанаас хүн халахгүй, төрийн албаны орон тоог нэг ч хүнээр нэмэгдүүлэхгүй.

Ийм явдал гарвал би толгойгоороо хариуцна гэж байлаа. Үүнийгээ ч өөрөө санаж байгаа байх. Харин тэр үгийг мань хүн чухам эрүүл бус байхдаа хэлсэн юм байхдаа гэж бодогдох юм. Яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэвэл өнгөрсөн жил гаруй хугацаанд юу гээч болов. Өнөөдөр төрийн алба ямархуу төрхтэй байна вэ? 

Засгийн газар харьяа байгууллагууддаа халаа сэлгээ, суудал сандлын солиог ёстой баруун, солгойгүй хийсэн дээ. Төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчид бараг 100 хувь зайлуулагдсан нь үнэн. Одоо гудамжинд лааз өшиглөж яваа тэд. Зарим нь зарга зальхай хийж захиргааны хэргийн шүүгчийн ширээ хавтаст хэргээ даахгүйд хүрсэн бий. 

Үүнийг яахав гэж бодьё. Гэтэл цаана нь нөгөө халагдсан албан хаагчдын суудалд төрийн ажлын ямар ч ойлголтгүй, “нусгайчууд”-ыг шургалуулж амжсан байдаг. Ингэснээр өнөөгийн төрийн сульдаа эхэлсэн дээ. Ийм байна гэдгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос томилсон ажлын хэсгийнхэн тогтоосон. 

Гэтэл үүнийг Н.Алтанхуягийн засгийн газар үл хайхарсан хэвээр. Өмнө нь 11 байсан яамын 16 болгож “үржүүлсэн”. Бас 15 агентлагийг татан буулгасан ч тэрнийг орон тоогоор нь яамдын бүтцэд нийлүүлж “молигдсон”. Олон газарт нэрийг өөрчлөх төдий хандсан. Тэд нь улсын төсвийг “сорогч” хэвээр байгаа. Ингэснээр 2012 оны эхний хагаст 124 мянга байсан төрийн албан хаагчдын тоо одоо 162 мянгад хүрсэн баримт бий. Төр үнэхээр данхайсан. 

Өнөөгийн төрд урьд нь нэг хүн хийж байсан ажлыг 3-4 хүн хийдэг болж. Ийм маягаар орон тоог тэлсэн. Нөгөө талаар яам, агентлагийн ажлын чиг үүргийн давхардал их. Адил албан тушаал, ижил цалин хөлсний үндсэн зарчим болох төрийн албан хаагчдын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээ гэдэг юм огт мөрдөгдөхөө болив. Шинэчлэлийн гэх тодотголтой засгийн бүтэцэд ажил албаныхаа чиг үүргийг ч мэдэхгүй, мэдлэг чадваргүйчүүд дэндүү олширсон. 

Ганцхан баримт хэлэхэд зарим яамны гадаад бодлогын асуудал эрхэлсэн түшмэд адаглаад орос хэл ч мэдэхгүй байна шүү дээ. Энэ тухай амтай болгон шахуу шүүмжилж байхад Засгийн газрын тэргүүн хийгээд түүний сайд нар мэдээгүй царайлсаар байх юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн уриа дэвшүүлсэн. 

Уг урилагыг Н.Алтанхуягтнууд олон орон тоотой данхар аппарат л гэж ойлгоод байх шиг. Уг нь Ерөнхийлөгч бол хүчтэй, чадавхи өндөртэй төр гэсэн болов уу. Гэтэл Ерөнхий сайд нь нөгөө л юмны үнэ өсөөгүй, утааны хор нь багассан гэж зүтгэдэг шигээ би шинэчилж байгаа гэж гүрийх юм. Төрийн нэг түшээ хүртэл Ерөнхийлөгчийн уриалгыг илт гуйвуулж твиттер хуудастаа “Том боовноос ухаалаг боов руу” гэсэн хошигнол болгон бичсэн байв. 

Үүнийг төрөө дээдэлж байна гэж үзэх үү, Яав ч үгүй. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн утга учиргүй шинэчлэл гэгч бас төрийг сулруулахад их нэмэр болж байх шиг. Хуулийнхан дотор нүдээ олоогүй шинэчлэл гэх хүн олон байна. Юу гэж байна вэ гэвэл нэгийг нь хэлэхэд мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагий газар гэсэн газруудын олон үүрэг функцийг цагдаа руу шилжүүлж ёстой л самарна гээч болж байна. 

Эцсийн эцэст хууль эрх зүйн салбарынхны ажилд байдаг үндсэн чиг хандлага тэр гэж хэлэх юмгүй л болох нь гэж зарим хуульчид хэлж байгаа юм. 

Муугаар бодоход л долдугаар сарын нэгэн шиг юм боллоо гэхэд цагдаа тэнд ямар үүрэг хүлээх юм бэ? Бид тэнд очих албагүй гээд суучихад буруудахгүй л болов уу? Иймэрхүү харалган гэмээр шинэчлэл төдий зүйл Монголын өнөөгийн төр, засгийн үнэн дүр төрх нь юм уу даа. Зөвийг буруудуулж, зөөлөнг хатууруулдаг тийм цаг иржээ. Улс орноо зөв замаар явахад саад бологсод ухаараасай билээ.

Д.Бичээчхүү 

http://stat.gogo.mn/news/2010/6/15/uls%20turiin%20toim%20shine480x.jpg