ХХ зууны эхэнд Нийслэл Хүрээг эзэлсэн хийгээд чөлөөлсөн асуудал Монголын түүхийн хамгийн эмзэг асуудал юм. Түүхчид Монголын тусгаар тогтнол хэд хэдэн удаа алдагдаад хэд хэдэн удаа олдсон мэт ярих.
Манайд олон талаас нь ярьсан боловч “хятадын талаас” анхаарсан нь бараг үгүй. Манай нэрт түүхч Жамсран бага зэрэг өгүүлсэн. Монгол Манж Чин гүрний хараат байсан учраас энэ талаас нь авч үзэж болохгүй юу…
 
Орох газаргүй үе
 
1919 оны хавьцаа Монгол бол дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон байлаа. Монголын эргэн тойрон гал дүрэлзэж байв. 1916 онд Ерөнхийлөгч Юань шикай (монголчууд Ёншхойт гэдэг мөнгөн зоосоор нь мэддэг) нас барснаар хятадад генералуудын эрин үе эхлэв. Энэ бол дэлхийн түүхийн шинжлэх ухаанд тогтсон нэр томъёо бөгөөд 1928 он болтол үргэлжилсэн юм.
 
Зальхай залжин, дарангуйлагч генерал Юань шикай нас барснаар хятадын олон генералууд өөр хоорондоо тасралтгүй дайтсан цөвүүн цагийг ингэж нэрлэдэг.Манайхан л “хятадын засгийн газар” гэж сүртэй нэрлээд байгаа болохоос тэнд албан ёсны засгийн газар гээд байхаар юм үнэн хэрэгтээ байгаагүй юм. Байсхийгээд л унадаг, унагадаг юмыг чинь ямар засгийн газар гэхийм ?!
 
XX зууны эхэнд Хятадад өмнөд умардын дайн, гаднын байнгын түрэмгийлэл гээд хөл толгой нь олдохгүй үй олон үйл явдал болов. Үй олон үйл явдал болж байсан боловч түүний гол хандлага, чиглэл нь манжийн дарлалыг эсэргүүцсэн бүх ард түмний тэмцэл хөдөлгөөн байсан юм.
 
Хятадуудын үзэл санааны үндсэн чиг хандлага “барууны эрдмийг суралцах”, “далайн чанадын түрэмгийлэгчдийг няцаах явдал” байсан юм. Энэ нь хятадын үндэсний болон шовинист үзлийг ихэд дэвэргэх нь мэдээжийн хэрэг байв. Монголчуудын ихэд найдаж байсан Орост 1917 онд хувьсгал гарч, эзэн хаанаа авч хаян, иргэний дайн дүрэлзэв.
 
Зөвлөлт засаг 1917 онд Октябрийн хувьсгалаар ялчихсан юм биш л дээ. Тэнд иргэний дайн хэдэн жил дараалан дүрэлзэв. Манай хойно эсер, большевик, меньшевик, улаан, цагаан, анархист гэхчлэн 19 “засгийн газар” оршин тогтнож “үзэж тарж” байв. Гэхдээ орос оронд коммунист большевик үзэл санаа хамгийн хүчтэй бөгөөд зохион байгуулалт сайтай байсныг хүлээн зөвшөөрөх нь шударга хэрэг болно.
 
Монголчуудын хувьд энэ бүхэн утгагүй хэрэг байв. Орос болон Хятадууд эзэн хааныхаа эсрэг байгаа нь тэдэнд огт таалагдаагүй юм. Эзэн хаанаа алсан Орос бол бүр ч таалагдаагүй юм. Иймээс тэд “буцаад” Хятад руугаа нэгдсэн нь дээр гэж үзэх болсон юм. Энэ талаар түүхэн баримт асар олон бий.
 
1919 оны зун Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн нас барав. Түүнийг шарын талын лам нар л хордуулсан болов уу даа. Ингээд лам нар толгойлсон монголын дээдсийн хүрээллийн дунд автономитаас татгалзах хөдөлгөөн өрнөв. Тэр үед улсад татвар үл төлөх шавь нарын тоо зарим мэдээгээр монголын хүн амын дөрөвний нэгд хүрч байсан мэдээ бий.
 
Тэр үед монголын феодалууд улс орноо удирдах ямар ч чадваргүй байснаас гадна дотоод зөрчилдөө идэгдэж өөр хоорондоо аймшигтай дайсагналдаж байсан нь нууц биш юм. 
 
Хятадад нэгдэх талыг идэвхитэй баримтлагчдын тоонд тэр үеийн гадаад явдлын яамны сайд Цэрэндорж, Ширнэндамдин, Дархан чин ван, мэдээж хэрэг шанзав Бадамдорж нарын олон хүмүүс байсан юм. 1919 оны 10 дугаар сард Богд хааны зөвшөөрснөөр хятад амбан Чэн И алдарт “64 зүйлт гэрээг” Монголын дээд доод хурлаар хэлэлцүүлсэн юм. Богд дараа нь бултахыг оролдсон боловч энэ гэрээг Бээжин баталсан юм.
 
Монголыг эзлэх төлөвлөгөө 
 
Монголыг эзлэн түрэмгийлэх санааг Хятадын Ерөнхий сайд, аньхой бүлгийн гишүүн Дуань цижуй анхлан гаргасан байна. Дуань цижуй бол Хятадыг дэлхийн Нэгдүгээр дайн татан оролцуулсан хүн бөгөөд армиа шинэчлэн зохион байгуулахын тулд Японоос хэд хэдэн удаа ихээхэн зээл авсан юм. Цэргийн яамны зэрэгцээгээр, “Дайнд оролцох асуудлыг товчоо”-ны захирал гэж Дуань цижуйн авсан зээлийн мөнгө амласан ёсоор хилийн чанад дахь байлдааны ажиллагаанд оролцоогүй арми байгуулахад зарцуулагджээ.
 
Дайн төгсөхөд Дуань цижуйг эсэргүүцэгчид буруугаар ашиглахаас нь эмээж шинэ армиа тараахыг түүнээс шаарджээ. Гэтэл Дуань цижуй Монголын тусгаар тогтнолыг устгахад шинэ армиа ашиглахаар шийдсэн байна. Энэ нь Парижийн энхийн гэрээгээр Японд Шаньдуныг буулт хийн тавьж өгснөөр ганхсан байр сууриа эргүүлэн олох гэсэн “эх оронч” оролдлого төдий өчүүхэн зүйл байсан аж.
 
Хэрэв тэр үнэхээр “эх оронч” байсан бол Шаньдунаа алдахгүй байх ёстой байсан юм. Том улсын зарим эрх баригчдад эх орноо худалдан буулт хийж, жижиг улсаас эх орноо “хамгаалдаг” хятад зан байдаг байх…
 
Ингээд Дуань цижуй өөрийн байгуулсан армиа “Баруун Хойт хилийн арми” гэж нэрлэх болж, түүнийг захирагчаар аньхой бүлгийн нэгэн гол зүтгэлтэн, манай Э.Бат-Үүлийн “сайн найз” генерал Сүй шүжанг томилжээ.
 
Дашрамд дурдахад энэ Дуань цижуй гэгч этгээдийг 1920 онд өрсөлдөгч Жилийн бүлгийн генералууд Бээжингээс хөөн гаргасан. 1924 онд дахин гарсан төрийн эргэлтийн үеэр Жан золин, Фэн юйсян хоёрын хоорондоо байгуулсан гэрээгээр засгийн газрыг дахин толгойллох болж энэ удаад төвийг сахих болсон.
 
Империализмыг эсэргүүцсэн энхийг жагсаалыг тараах тушаал өгч, “Гуравдугаар сарын 18-ны” гэсэн аймшигт аллага үйлдсэн. Үүнийхээ дараа Тянжин, дараа нь Шанхай руу оргон зугтаж, 1936 онд Шанхайд нас барсан. Их харгис хүн байсан.
 
Дуань цижуй Монгол руу довтлох тушаалыг бараг огцорсон хойноо өгсөн ч байж магадгүй. Яагаад гэвэл тэр яг энэ үеийн хавьцаа бусад генералуудын бүлгийн шахалтаар огцорсон юм. Үүнийг шалгах хэрэгтэй…
 
Монгол руу хийх аян дайныг монголын хэд хэдэн лам ноёдын хүсэлтээр (!!!) хийсэн. Мөн 1919 онд Манжуурын Дагуур өртөөнд Нэйс Гэгээн Мэндбаярын Засгийн Газрын “аюулаас сэргийлэх” асуудал хятадууд Монголд түрэмгийлэх нэг том шалтгаан болсон. Энэ Засгийн Газрыг Япончууд болон буриадын дэвшилтэт сэхээтнүүд дэмжиж байсан нь жич ярих асуудал юм.
 
Яг энэ үеэр Монголын армийн ихэнхи хэсэг Урианхай буюу одоогийн Тува руу “бага сага” ажлаар яваад эзгүй байсан юм. Энэ талаар манай илэн далангүй “ардчилсан” түүх бичлэгт бараг юу ч өгүүлдэггүй. Ингээд монголын армийн “эзгүй хойгуур” Сүй шүжан Монголын Нийслэл Хүрээг эзэлжээ. Сүй шүжаны гавъяаг хятадад талархан дэмжиж, түүний сөрөг хүчин Сун ятсений Өмнөд Хятад хүртэл түүнд баяр хүргэж байлаа. Энэ бол хятад бахархал бололтой…
 
Сүй яагаад солигдов
 
Сүй шүжан Монголд ирээд яасан, юу хийснийг Монголд яаж хараадаг, Хятадад яаж магтдагийг Э.Бат-Үүлээс бусад нь бүгдээрээ мэддэг болохоор юуг нь ярихав. Харин ганцхан асуудал бий.
 
Сүй шүжаны алдарт “найман зүйлт гэрээг” монголын дээд хурал баталж, доод хурал татгалзсан. Урвагчдын нэрсийг монголын түүхчид нэн тодорхой дурдсан.
 
Жишээлбэл: түүхч Н.Хишигт. 1919 оны 11 дүгээр сарын 22-нд Хятадын Ерөнхийлөгч Монголын автономитын устгасан энэхүү гэрээг баталж, үүгээр 1915 оны Хиагтын гэрээг хүчингүй болгосон. Энэ их ноцтой юм шүү…
 
1919 оны 12 дугаар сард Монголын Засгийн Газрыг тарааж, монголын зэвсэгт хүчний зэвсгийг хурааж, татаж буулгасан. Богд хааныг Хятадын Ерөнхийлөгчийн хөргийн өмнө мөргүүлсэн. Энэ хөрөг нь Сүй шүжаны өөрийнх нь төрсөн ах Сюй Шичан байсан бөлгөө. Харин үүнийг бол хувь заяаны шоглоом гэдэг юм…
 
Монголын уур хүрвэл
 
Уг нь бол монголын дээдэс буюу феодалууд хятад руу “нэгдэе” гэж бодож байтал эргүү тэнэг шовинист Сүй шүжан орж ирээд хамаг юмыг баллаад хаях нь тэр. Монголын феодалуудын олонхийн толгойд манж, хятад хоёрын аль дээр вэ гэсэн бодол эргэлдэж байсан нь илэрхий байдаг. Үүнээс арай өөрөөр бодож, сэтгэж, үйлдвэл ёстой жинхэнэ хувьсгалт сэтгэлгээ болох байв. 
 
Тэр үеийн монголын уламжлалт нийгмийн төлөөлөгчид болох феодалууд “өөр сонголт” хийх хэцүү л дээ. Тэд бол яахын аргагүй уламжлалт, “феодалын”, хамжлагат ёсны, хуучин цагийн төлөөлөгчид байсан юм. Хуучин нийгмийн төлөөлөгч бол хуучнаа л сонгох нь мэдээж хэрэг.
 
Ер нь бол тэр үеийн орос, хятад, монгол бүх хүн сонголт хийж байсан бөгөөд энэ нь ердөө л шинэ, хуучин гэсэн хоёрхон чиг хандлагатай байсан юм. Монголын ард түмэн буюу “доодос” өөрийн шинэ, зөв сонголтоо хийсэн бөгөөд үүний илрэл нь хувьсгалт бүлгүүд байлаа.
 
Харин хятадууд хамгийн их ач холбогдол бүхий монголчуудын ясны дургүйцэл, зэвүүцлийг бүрмөсөн төрүүлснээ ойлго сон юм. Тэд энэ удаад бүх монголчуудын, түүний дотор дээдэс лам ноёдын зарим хэсгийн дүргүйцэл зэвүүцлийг төрүүлжээ. 
 
Үүнийгээ ч тэдний зарим мэдэрсэн байна. Хамгийн түрүүнд 1916 онд нас барсан Юань шикайн дараа Манжуурын гурван мужийг захирах мундаг эрх олж авсан Жан Золин үүнийг мэдэрчээ. Тэрээр нааш цааш гүйж байгаад Хятадын Ерөнхийлөгч Сюй Шичанаас (Сүй шүжаны төрсөн ах -Х.Д.Г.) Монголоос Сүй шүжаныг болон цэргээ татахыг гуйжээ. Үүнд нь Цао Кунь болон У Пэйфу нар зуучилсан гэж сурвалжид өгүүлдэг. Ингээд 1920 оны 7 дугаар сард Сүй шүжан Монголоос гарч, оронд нь бидний “сайн мэдэх” Чэн И эргэн иржээ. 
 
Ингээд Чэн И Богдод зарим эрх мэдэл эргүүлэн олгох зэргээр аргадаж тал засахыг оролдсон боловч Хүрээнд байсан Жан Циньхуй, Го Сунлин, Ма нарын цэргийн дарга нар түүнд захирагдсангүй. Энэ нь хятадад болсон замбараагүй үйл явцын тусгал буй за.
 
Энэ хооронд Монголд аль хэдийн хувьсгалт хэд хэдэн бүлэг байгуулагдаж амжсан байна. Одоо бол ямар ч эргэлт буцалт байхгүй. Хятадын гамингаас өөр бол чөтгөр ч хамаагүй… 
 
Барон ба орчуулагч Ж.Нэргүй
 
Ингээд байж байтал 1920 онд барон Унгерн Монголын Нийслэл Хүрээг чөлөөлөв. Харин 2010-аад онд орчуулагч Ж.Нэргүй түүнийг Монголын “тусгаар тогтнолыг сэргээн тогтоогч” гэж тунхаглав. Ингээд Монголын “тусгаар тогтнолыг сэргээн тогтоох их үйлс” эхлэв. Энэ бол зүгээр л сэтгүүлч, сурвалжлагч, орчуулагч нарын уран зохиолын хийрхэл юм.
 
Энэ дэлхийн орчуулагч нар бол зүгээр л орчуулдаг. Харин монгол орчуулагч бол орчуулсан зүйлээ өөрөө нэмэн тайлбарлаж түүх-үзэл суртлын бүхэл бүтэн сургааль номлол боловсруулдаг. Үүний тод жишээ нь монголын орчуулагч-сэтгүүлч Ж.Нэргүй юм.
 
Түүний энэ зохион байгуулалттай суртал нэвтрүүлгийн үр дүнд монголын түүх ихээхэн гуйвж, зарим талаар хүмүүсийн ой тойнд хүрч, монголчууд Барон Унгерн гэсэн өвөрмөц маягийн “түүхийн баатартай” болж байна. Энэ бол арай “сэрүүдсэн”, дэндүү утгагүй хэрэг мөн. 
 
Сүүлдээ монголын нэн шинэ түүхчид бараг бүгдээрээ орчуулагч Ж.Нэргүйн байгуулсан “Азийн морин дивиз”-д элсэн орцгоож, бүгдээрээ “цагаантан” болцгоов. Тэгээд оюун санааны “дээрэм тонуул” хийж амьдрах болов. Дөнгөж саяхан тэдний олонхи “улаантан” байсныг би сайн мэдэх бөлгөө. XXI зууны Монголд шинэ “барон жанжин” Ж.Нэргүй төрөн гарав.
 
Сахалтай бол сахалтай, түрэмгий бол түрэмгий, юм мэдэхгүй бол мэдэхгүй… Хамгийн түрүүнд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл бароны цэрэгт “элсэн орж”, хамгийн эхэнд Лениний хөшөөний эсрэг аян дайн хийж “ялалт” байгуулав. Тэгээд хятадын элчин сайдын яамнаас очиж уучлал гуйв…
 
Миний хувьд түүхэн зүтгэлтнүүдийг хувь хүний хувьд өөчлөх тун дургүй. Гэхдээ тэднийг харьцуулж болно. Ингэвэл барон Унгерн шиг тогтворгүй, орох газаргүй, ирээдүйгүй, алхам тутамдаа азаа үзсэн, хоёрдмол, зөрчилт сэтгэлгээтэй, тайлбарлахын аргагүй хүн байхгүй. Түүнийг судлах тутам бодит байдлаас домог нь ямагт давамгайлах бөлгөө.
 
Яг үнэндээ бол Монголын Нийслэл Хүрээ болон бусад олон газарт олон зуун жил үзэгдээгүй аллага хядлага, дээрэм тонуул болов. Барон Унгерн Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаагүй гэдгийг би батлан хэлж чадна. Барон монголын “тусгаар тогтнолыг сэргээн зарласан” нь хэлбэрийн төдий бөгөөд үүнийг тэр “Төв Азийн Холбооны Улс байгуулах” үл гүйцэлдэх, фанатик хүслийнхээ төлөө хийсэн нь олон баримтаар нотлогддог.
 
Үүнийг би өөр өгүүлэлд жичид нь бичих болно. Энэ үед баронд үл захирагдах цагаантны цэргийн 20 гаруй томоохон нэгтгэл Монголд нэвтрэн үймүүлэн бусниулж байв. Мөн Хиагт болон бусад олон газар гамин цэргүүд аллага хядлага үйлдэж байв. Үүнийг тусгаар тогтнол гэж орчуулагч Ж.Нэргүй болон түүнийг дэмжигч түүхчид л ойлгодог байх.
 
Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг Хиагтыг гамин цэргээс чөлөөлж анхны ялалт байгуулсныг монгол үндэстний цогт эх оронч Жагчид Цэцэн:
 
“Энэ мөч XYII зуунаас нааших нэг эриний төгсгөл бөгөөд шинэ цагийн бошиг байсан юм” гэж туйлын үнэн зөв дүгнэсэн байдаг. Жинхэнэ Тусгаар тогтнолыг 1921 онд Монгол Ардын Нам, Ардын Журамт Цэргүүд олгосон юм…
 
Судлаач Х.Д.Ганхуяг.