Өнгөрсөн баасан гарагт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус газраас сүүлийн үед ямар ажлууд хийж хэрэгжүүлээд байгаа талаар ШӨХТГ-ын дарга О.Магнайгаас тодрууллаа.

О.Магнай-Өнгөрсөн хугацаанд танай байгууллагаас хийж  эхлүүлсэн  ажил үр дүнтэй байна уу?

-ШӨХТГ-аас СӨХ-ны дээд зөвлөлийг татан буулгах санал гаргасан. Уг саналыг одоогийн байдлаар 100 хувь дэмжээгүй байна. Ер нь бидний зүгээс дээд зөвлөлийн оронд СӨХ-г хянадаг хяналтын байгууллага байх шаардлагатай гэж үзэж байгаа. Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг байгууллага байсаар атал Дээд зөвлөл гэж бас нэг байгууллага байх ёсгүй. Энэхүү байгууллагын үйл ажиллагаатай сайтар танилцахгүйгээр УИХ-ын гишүүн Д.Арвин энэ байгууллагыг удирдах болсонд харамсч байгаа. Ямартай ч ШӨХТГ энэхүү хууль бус үйл ажиллагаатай Дээд зөвлөл гэх байгууллагыг татан буулгахаар шүүхэд өгөөд байна. Шүүхийн үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаа. Харин үүрэн холбооны оператор компаниуд  нэг минут хүрээгүй байхад бүхэл минутаар тооцдог байсан. Тиймээс уг  шударга бус байдлыг зогсоох ажиллагааг  гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр болсон. Түүнчлэн ШӨХТГ-аас нийтийн тээврийн компаниудад хандаж мөн шаардлага хүргүүлсэн. Тодруулбал, 30-аас доош насны хүн нийтийн тээвэр жолоодохыг  хориглох, сүүлийн үед иргэдийн дунд  ихээр яригдаж байгаа автобусны цонх цантах асуудал, автобусны зогсоолыг байнга зарладаг байх зэрэг гурван шаардлага хүргүүлсэн байгаа. Уг асуудлууд тун удахгүй шийдэгдэх байх.

-Киноны уран бүтээлчидтэй уулзах болсон шалтгаанаа тодруулаач?  

-Монголд хоёрхон  кино театр хангалтгүй байна. Тиймээс социализмын үеийнх шиг сум болгонд кино үзмэрийн танхим  байх  нь зүйтэй. Энэ үйл ажиллагааг сэргээхээр болсон. Эхний ээлжинд 150 сумыг кино театртай болгохоор төлөвлөөд байна. Дараа нь үлдсэн 150 сум гээд үндсэндээ 300 мини кино театртай болгох зорилго тавьж байгаа. Тиймээс тун удахгүй манай улс 302 кино театртай болох болно. Ер нь “Өргөө”, “Тэнгис” кино театрууд кино уран бүтээлчдийн ашгийн 60 хувийг авдаг байсан. Нэг ёсондоо монополь гэсэн үг. ШӨХТГ-аас энэ системийг өөрчилж ашгийн хувийг 55-52 хувь болгож бууруулахаар болсон. Өөрөөр хэлбэл,  ирэх сарын 1-нээс эхлэн киночид орлогынхоо 50 хувийг өөрсдөө авна гэсэн үг. Мөн киночид долоо хоногийн “Box office”-оо өөрсдөө зарлаж байхаар болсон. Тиймээс үзэгчид долоо хоног бүр ямар кино ашиг орлогоороо тэргүүлсэн талаар мэдээлэл авах боломжтой болох юм.

-Кино уран бүтээлчдийн хууль эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлэх талаар яригдаж байгаа юу?

-Бид ССАЖЯ-тай хамтарч киноны тухай хууль гаргахаар ажиллаж байгаа. Францын киноны тухай хууль дэлхийд жишиг болдог. Тиймээс тус улсад жилд 270 орчим кино хийгддэг бөгөөд үүний 150 нь буюу 50 хувийг  бусад улстай хамтарч хийсэн кино эзэлдэг  гэсэн тооцоо байдаг. Иймд манай улс  киноны хуультай болохын тулд Франц, Оросын хуулийг орчуулж судлахаар болж байгаа. Уг хуулийн ач холбогдол нь төрөөс кино урлагийг дэмжих, хөгжүүлэх, кино урлагаар дамжуулж үндэсний өв соёлоо сурталчлах, хамгаалахад чиглэх юм. Ер нь Монголын кино урлаг бараг сүүлийн 20-иод жил хөсөр хаягдсан гэхэд хилсдэхгүй гэж бодож байна.

-Томоохон худалдааны төв болон захуудад уриалга хүргүүлсэн гэсэн. Ямар утгатай уриалга хүргүүлсэн юм бэ?

-“Нарантуул”, “Шөнийн зах”, “Саруул”, “Барс”, “Хүчит шонхор”, “Марс”, “Мишээл” зэрэг томоохон худалдааны төв, захуудын менежерүүд цугларч, нэг асуудлыг ярилцсан. Тодруулбал, ШӨХТГ-аас тэднийг урьж, “эх оронч” гэх тодотголтой уриалга гаргаснаа танилцуулсан юм. Жил бүрийн өдийд буюу сар шинийн баярын өмнөхөн өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн их өсдөг. Өөрөөр хэлбэл, жил бүрийн 1-4 дүгээр сарын хооронд үнийн өсөлтийн 70-80 нь ногддог гэсэн судалгаа байгаа. Түүнчлэн иргэд Цагаан сарын баярыг тэмдэглэхийн тулд 700 тэрбум орчим төгрөгийг зарцуулдаг юм билээ. Мөн нийслэлийн томоохон худалдааны төв, захууд түрээслэгчидтэй хийх нэг жилийн гэрээгээ ихэвчлэн жил бүрийн нэгдүгээр сард хийдэг. Хэрэв шинэ гэрээ хийхэд түрээсийн хэмжээ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн тохиолдолд түрээслэгчид барааныхаа үнэд зөрүүг нь шингээдэг. Энэ нь баярын өмнө үнийн өсөлтийг улам хөөргөх шалтгаан болдог гэсэн судалгаа байгаа. Ер нь энэ мэт шалтгаанаар жилийн эхэнд үүссэн үнийн өсөлт нь тухайн жилийг дуусан дуустал дарамт болдог учир арга хэмжээг одоо л авах ёстой байгаа юм.

-Түрээсийн хэмжээ нэмэгдэх нь түрээслэгчид барааныхаа үнийг нэмэх үндэслэл биш биз дээ?

-Хэдийгээр түрээсийн төлбөр бага зэрэг нэмэгдсэнээр бараа, бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орох үндэсгүй ч энэ нь наймаачдад үнээ нэмэх сайхан шалтаг болдог. Тиймээс тэдэнд энэ шалтгааныг нь гаргаж өгөхгүйн тулд түрээсийн гэрээгээ жилийн дунд үед буюу зургаа, долдугаар сард хийх уриалгыг гаргаад байгаа. Уг уриалгад түрээсийн үнийн талаар огтхон ч яриагүй. Зөвхөн хугацааг нь зөв тодорхойлж болох эсэх саналыг тавьсан. Худалдааны төв, захуудын менежерүүд ч уг саналыг хүлээн зөвшөөрсөн байгаа. Тиймээс цаашид түрээсийн гэрээг жил бүрийн зургадугаар сард хийж байхаар болсон.
 
Ж.Отгонмягмар