Х.Баянмөнх: Бөхийн барилдаан гэдэг тэр чигтээ тооцоо, арга ухаан
2018/08/08
Контрол олон нийтийн цахим телевизийн “Комментатор” нэвтрүүлгийн зочноор Монголын домог болсон бөх, Үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт, сонгомол, самбо бөхийн дэлхийн аварга, олимпийн наадмын мөнгөн медальт Хорлоогийн Баянмөнх гуай оролцсон байна. Дархан аварга Х.Баянмөнхтэй тус нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Энхбатын хөөрөлдсөн ярилцлагыг буулган уншигч Танаа хүргэж байна.
–Аварга Та сайхан наадав уу?
-Сайхан. Баяр наадам сайхан болж өндөрлөлөө.
–Саяхан би Увс нутгийг зориод ирлээ. Хяргас , Увс, Үүрэг нуур, Хархираа уул гээд таны төрж, өссөн Увс нутгийн уул, усны сүрлэг сайхныг нүдээр үзэж, сэтгэлдээ биширч ирлээ. Ийм нутагт төрсөн хүмүүс бяр чадалтай байхаас аргагүй юм байна гэж бодлоо. Тантай ч ярилцая гэх сэдэл төрлөө.
-Тийм шүү.
–Та хэдэн жилийн өмнө “Увс нуур” бөхийн дэвжээнээс нэг биш, нэг хэсэг бөх төрийн наадамд түрүүлэх боломжтой гэж хэлж байсан. Үнэхээр ч Мөнхбат аварга харцага, арслан Бүрэнтөгс аймгийн арслан, Ганбат арслан заан, аварга Батсуурь харцага, арслан цолондоо төрийн наадамд түрүүллээ. Бат-Орших харцага өнгөрсөн наадмаар үзүүр түрүүнд үлдэж, гарьд цолонд хүрсэн. Энэ жилийн наадмын үзүүр түрүүнд мөн л “Увс нуур” дэвжээний бөх арслан Н.Батсуурь аварга Санжаадамбатай үлдсэн. “Увс нуур” дэвжээний бөхчүүд олуулаа дасгалжуулж харагдсан. Н.Батсуурьт ямар зөвлөгөө өгсөн бэ тэр мөчид?
-Тэвчээртэй байхыг зөвлөсөн. Өмнөх даваанд заан Жаргалбаяртай хүнд барилдаан хийж, цуцсан байсан. Хүлээцтэй, тэвчээртэй байх, мэхээ даацтай хийхийг зөвлөсөн.
–Батсуурь аварга жудогоор хичээллэдэг нь тус болох шиг санагдсан. Мэх нь?
-Яг ч жудогийн мэх биш ээ. Жудогоор хичээллэдэг нь Батсуурьт давуу нөхцөл үүсгэсэн.
–Олон аймгаар орж байсан. Аймаг бүр л өөрийн нутгийнхаа алдартай бөхөд зориулсан хөшөө босгосон байдаг. Тэр олон хөшөөн дундаас танд зориулж босгосон бөхийн хөшөө архитектурын хувьд өвөрмөц шийдэлтэй гэдгийг анзаарлаа. Үндэсний бөхийн бүхий л цолыг билэгдэж, Хяргас нуурын давалгаан дээр таныг дэвж буйгаар урласан байв.
-Хяргас нуурын тэр давалгаа бол удаандаа нэг хагас юм уу, хоёр секунд тогтдог. Тиймээс тэр давалгаан дээр ямар ч амьд амьтан зогсч чаддаггүй юм байна. Усны шувууд хүртэл тогтож зогсдоггүй гэх. Харин ганцхан намайг л тэнд зогсоочихсон байна (инээв). Анх зурагтай нь танилцаад, “Ингэж болох юмуу даа?” гэж асуусан “Болно” л гэж хариулсан. Тэгээд л тэр зургаар босгосон хөшөө. Одоо бодох нь ээ, хойч үеийнхэнд л дурсгалтай юм болов уу даа.
–Бөхийн үндсэн цолыг баяжуулж, харцага, гарьд гэж шинэ цол нэмсэн. Шувууг билэгдсэн харцага, гарьд цолыг бөхчүүдэд олгож байгаа ч үзэгч түмний ой той, төсөөлөлд нэг л бууж өгөхгүй байгаа шүүмжлэл их сонсогддог. Уг нь бөхийн цолонд чимэг нэмж олгодог. Чимэг нь бөхчүүдийн эрэмбэ, амжилтыг илэрхийлж байдаг шүү дээ.
-Чимэгт ч бас эрэмбэ байх учиртай. Өнөөдрийн тухайд бөхийн чимэг ач холбогдол тун муутай байгаа. Чимгийг ач холбогдолтой болгох ёстой. Чимэг олгох журмыг боловсронгуй болгож, таваас дээш давсан бөхчүүд авдаг байх ёстой. Тав давсан аваргад чимэг нэмж яавч болохгүй. Аварга хүн түрүүлж байж аварга болно. Түрүүлж байж л чимэг нэмэх учиртай. Начинд тав, заанд долоо, арсланд найм давсны дараа л чимэг өг. Өрнөн дэлгэрэх, өсөн нэмэх, үнэн хүчтэй гээд. Хуйрнин шуугигч, улс даяар гайхамшигтай, баяр наадмын манлай гэдэг чинь аваргад өгдөг чимэг. Аваргад өгдөг чимэг, арсланд өгдөг чимэг ялгаатай. Заан хүний цол дуудахад улс даяар гайхамшигтай, баяр наадмын манлай гэж дуудаж байна. Цол дуудахад ийм алдаа дутагдал гаргаж байна. Энэ буруу зүйлийг засаж, залруулах ёстой. Яагаад гэвэл баяр наадмын манлай гэдэг чимэг аварга, дархан аваргад өгдөг чимэг юм. Ямар цолтой бөхийн цол дуудаж байгаа вэ гэдгээс хамаараад түүнд нь таарсан нэр томъёо, чимгийг дуудах ёстой юм.
–Уг нь ийм ёс жудаг, эрэмбэ, дэг дээр үеээсээ Монгол үндэсний бөхөд байсан байж таарна.
-Байлгүй яахав. Байхдаа монгол бөхөд бичээд үлдээсэн дүрэм байхгүй. Уламжлалаараа явдаг. Мэх техник ч, алдар цол ч гэсэн тэдэн оны тэдэнд тэгж тэгж өгнө өө, тэгж шийднэ ээ гэсэн юм бага. Ах нь дүүдээ, аав нь хүүдээ, багш нь шавьдаа уламжлуулан хадгалуулсаар энэ бүх зүйлс өдий зэрэгтэй ирсэн байна аа, судлаад үзэхэд.
–Таныг бөх болохын төлөө төрсөн хүн гэж монгол түмэн хардаг. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд 50 жил барилдсан хүн Таниас өөр байхгүй. Миний л мэдэхээр Та улс хувьсгалын дөрвөн том ойд барилдаж, хоёрт нь түрүүлсэн байх юм.
-Ер нь надтай хамт, миний шавь нар сүүлийн зургаан том ойг авсан шүү дээ. 50, 60-ыг би, 70-ыг О.Балжинням, 80-ыг А.Сүхбат, 90-ийг С.Мөнхбат аварга авсан. Монгол бөхийн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал гэж боддог. Их ой бол арван жилд нэг л удаа тохиолддог. Тиймээс их ойгоор түрүүлсэн бөхийг хоёр наадамд түрүүлсэнд тооцож, аварга цол олгодог. Цэрэн аварга 40 жилийн ойгоор түрүүлж аварга болж байсан. Ингэхээр монгол бөх их хатуу журамтай. Ид барилдаж байгаа бөх их ойд хоёр л барилддаг юм. Арван жил болж нэг том ой тохиодог учраас тэр. Миний хувьд 40 жилийн ойд улсад барилдаагүй ч, сумандаа түрүүлсэн. Тэгээд 41 жилийн ойд улсад анх барилдсан. 9 жил барилдаад ардын хувьсгалын 50 жилийн ой, 19 жил барилдаад ардын хувьсгалын 60 жилийн ойгоор наадамд түрүүлсэн. 29 жил барилдаад 70 жилийн ойгоор шөвгийн дөрөвт үлдэж байсан. Тэр хооронд гучин жил өнгөрчихөж байна. Улсын баяр наадмын шөвгийн дөрөвт үлдэх, үзүүр түрүүнд үлдэх тэр амжилтыг гуч гаруй жил хадгална гэдэг амаргүй.
–Үндэсний бөхийн олон дээд амжилтын эзэн бол яах аргагүй Та.
-Ер нь олон рекорд бий. Бидний хувьд 10 жилд нэг удаа том ой тохиож байсан бол өнөөдөр их ойг таван жилийн ой дээр ч тэмдэглэдэг болж.
–Сумо бөх гэхэд эхний даваанд бүдэрчихээд, дараагийн даваанд давхар унасан ч үлдсэн 13 даваандаа ялснаар түрүүлчих тохиолдол олонтаа. Монголын үндэсний бөхөд хэзээ ч тийм зүйл байдаггүй. Нэгийн даваанд өвдөг, тохой хүрсэн бол тэгээд наадам дуусдаг. Аваргын төлөө байтугай, цол ахих тухай ч мөрөөдөх боломжгүй.
-Хатуу гэдэг нь энийг л хэлж байгаа юм. Өршөөлгүй. Тэгснээрээ бөхчүүдээс илүү их хариуцлага шаардана. Хянуур, болгоомжтой барилдах, өрсөлдөгчөө зөв үнэлэх сургууль юм.
–Монгол үндэсний бөхийн онцлог нь бусад бөхийн төрлөөс ялгаатай. Барилдаан бүр нь эцсийн барилдаан гэж байдаг гэж хэлэхийг сонсож байсан.
-Тэгэлгүй яахав, миний сүүлийн барилдаан шүү гэж дотроо бодон барилддаг. Өөр цаана нь ямар нэг барилдаан байхгүй. Энэ хүнийг давахгүй л бол барилдахгүй. Тиймээс нэгийн даваанд гараад ирж байгаа бандитай ч гэсэн онцгой хариуцлагатай барилдаж, өрсөлдөгчөө үнэлэх ёстой. Бөх бол найман тулгууртай. Тэр наймыг бөх хүн хоёрхон тулгуур дээрээ авч явж байгаа. Тэгэхлээр зургаан тулгуур нь байхгүй байна ш дээ. Хоёр хөлөөрөө тэр болгоныг мэдэрч, хадгалж байна л гэсэн үг.
–Найман тулгуурт юу, юу байх вэ?
-Найман тулгуур гэж, найман зүг рүү унана. Унах болбол тулах цэгээ олоогүйгээс л унана. Тийм учраас хариуцлага ихтэй.Барилдаан хатуу байдаг. Миний мэдэх гадаадын бөхчүүд “Ямар айхтар хатуу журамтай юм бэ танай үндэсний бөх. Би тэр бөхтэй барилдана гэж амладаг гэнэ та нар” гэж гайхаж асууж байсан. Тэр хүн ямар эрх дархаар бусдыг амлаж байгаа юм бэ? Шударга явдал уу? гэж асуух, гайхах хосолдог байсан. -Тэр амлаж авах эрхийг барилдаж олж авдаг юм гэж намайг хариулахад, Өө тийм үү, тэгвэл ч бас учиртай юм гэж эцэстээ зөвшөөрсөн. Монгол үндэсний бөх бол амжилтаараа эрэмбэ зиндааг өөрөө тогтоодог. Тэр эрэмбээрээ дээгүүр цолтой нь амлаж авах эрхээ эдэлж, бага цолтой, доогуур амжилт үзүүлсэн нь үг дуугүй амлагдана. Дуртай хүнээ хэний ч хавчлагагүйгээр амлаж авах эрхийг том цолтой бөх эдэлдэг.
–Ер нь аливаа спортод хоёрдугаар байр гэж байдаггүй юм шиг санагддаг. Улирах тусам аваргыг л дурсдаг.
-Тийм байж болно (инээв). Монгол бөхийн түүх бол аваргуудын түүх. Аваргуудтай бусад бөхчүүд яаж барилдаж байсныг л харуулсан түүх байдаг юм. Начингийн түүх гэж байхгүй ээ. Тав давснаар улсын начин цол л авна. Аваргуудтай өрсөлдөж байсан нь үнэн. Ийм л түүх. Монголын үндэсний бөх бол Монголын ард түмний маш том өв уламжлал, өөр хэний ч оролцоогүйгээр бүтээсэн соёл юм. Монгол бөхийн түүх бол гайхамшгийн түүх. Би, монгол бөхийн 725 мэхийг ялгаж, гурван боть ном бичлээ. Түүгээрээ Шинжлэх ухааны диссертаци бичиж байна. Судлаад үзэхэд, ард түмний зан заншил, эрхэлдэг аж ахуй, ахуй амьдрал, амьдарч буй нөхцөл, цаг агаар, шашин шүтлэг, мөрөөдөл сэтгэлгээ, аз хийморь гээд бүх зүйл монгол бөхөд бүрэлдээд орчихсон байна. Тэр бол Монголын ард түмний өөрийн агуу том соёл. Уртын дуу нь ч явж байна, байгаль дэлхийн араншин ч явж байна, эрхэлдэг аж ахуй байна. Бөхийн мэхүүд нь бүгдээрээ Монголын ард түмний аж амьдралын хөдөлгөөнүүд. Ахуйтай холбоотой. Хангал догшин үрээг сурган номхруулж байна. Шар үхрийг барихын тулд эгц урдаас нь очвол мөргүүлчих аюултай. Тэгэхээр хажуунаас нь ойртож очоод эврээс нь барьж авдаг ч юмуу, азаргыг яах юм, хангал догшин морийг яах юм, туурайнаас нь яаж зайлж явах вэ гээд маш нарийн арга ухааныг монгол хүн ахуйгаасаа сурсан байдаг. Бодоход, тэр бүхэн манай монгол бөхөд шингэсэн байна.
–Нийтдээ 800 орчим мэх байна гэв үү?
-Өрсөлдөгч бөхөө унагах бие даасан 725 мэх байгаагаас 125 мэхийг олимпод хэрэглэж болохоор байгаа. Ерөнхийдөө 827 мэх миний гурван боть номонд шингэсэн байгаа. Энэ бол үнэхээрийн олон жилийн зүтгэл гаргаж, сэтгэл шингээн бичсэн бүтээл болсон. Мэхний зураг авах ажил хүнд хэцүү. Дээр нь мэх болгоноос яаж ахин мэх хийх вэ? гэдгийг тус бүр судалж, тодорхойлон, бүх хувилбарыг нээж бичсэн. Тухайлбал, зүүн гараараа далбаанаас барьж байлаа гэж бодоход тэндээс хэчнээн мэх хийж болох хувилбар бүгдийг судалж, тодорхойлно.
–Манай монгол бөхчүүд сумод очоод амжилт гаргаад байгаагийн нууц нь мэхэндээ байдаг байх?
-Мэдээж нөлөөлнө. Сумогийн зарим бөхчүүд барилдаан мэддэггүй юм байна гэж анзаарагддаг. Мэдрэмж муутай, тал бүрийн барилдааны мэдрэмж их муу. Хөдөлгөөний эвсэл, хувиралтууд, хүчээ хаана нь хурааж, хэдийд ямар мэх хийх вэ гэдэг бүгд мэдрэмжийнх.
–Монгол Улс бөхийн уламжлалтай орон. Тиймээс манай бөхчүүд чөлөөт бөхийн дэлхийн аварга, олимпийн наадмын барилдаанд оролцсон эхний жилүүдээс л анхаарал татаж, маш богино хугацаанд амжилт үзүүлсэн байдаг. Та тэр үед чөлөөт бөхийн шигшээ багт багтаж байсан.
-Тийм шүү. 1963 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа орсон. Тэнд бол нэг оноо авах мэхтэй л очсон. Хойно нь гараад шууд сөхрүүлээд л нэг оноо авна. Өөр ямар ч барилдаан мэдэхгүй, ийм улсууд оролцсон. Тэгэхэд Монголын Эрдэнэ-Очир арслан бол дэлхийн аваргыг тонгороод доороо хийчихсэн байсан гэсэн. Тэгээд дарж чадахгүй учраас өөрөө дээгүүр нь даваад л цэвэр ялагдсан гэдэг. Цэрэн аварга 87 кг жингийн дэлхий, олимпийн алдартай аваргатай барилдсан байдаг. Түүнийг ганц дайраад л мостонд оруулчихсан гэдэг юм. Даанч хэвтээ барилдаан мэдэхгүй болохоор нөгөөх нь мэхнээс гараад явчихгүй юу даа. Тийм үе байсан юм билээ. Монголын чөлөөтийн баг 1963 онд дэлхийн аваргад анх оролцохдоо л тийнхүү дэлхийн чөлөөт бөхийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан байдаг. Ямар янзын улс ирээ вэ, энэ чинь. Дэлхийн том том аваргуудыг хялбархан дороо хийчих юм, даанч чөлөөт бөх сураагүй байна даа. Түүнээс биш баллах улсууд байна гэсэн мэдрэмжийг гаднынханд өгсөн байдаг. Бид бол чөлөөтийг сайн мэдэхгүй ч, монгол бөхийн барилдаанаар л барилдсан юм шүү дээ.
–Түүний дараачаар Монголын бөхчүүд Мехикогийн олимпод оролцсон. Тэр олимпийн нээлтэнд Та зодог, шуудгаа өмсөн, төрийн далбаагаа өргөн цэнгэлдэхэд алхахад Таны тухай, монгол бөхчүүдийн талаар ихээхэн шуугиж, сонин хэвлэлд бичиж байсан гэсэн.
-Надад одоо сонин нь байгаа л даа. “Чингисийн баатрууд” гэж нийтлэлдээ гарчиг өгсөн байдаг. Тухайн үед Мехикогийн 19 дүгээр олимпийн нээлтийн ажиллагааг сурвалжлан, сонины нүүрэнд миний туг барьж яваа зураг, бамбар асааж байгаа эмэгтэйн зургийг тавиад гурван том үйл явдал болж олимпийн наадам нээгдлээ гэж бичсэн байдаг. Нэг баатар туг барьж явлаа. Тэр бол Чингисийн баатар. Том ширэн гутлаараа манай сар шиг нарийхан арлыг өм, цөм гишгэх шахам алхаж явна аа гэж миний тухай бичсэнээ, нөгөөх эмэгтэйг бол эрх чөлөөний тив, Америк тивд дэлхийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн олимпийн бамбар асаалаа гэж онцолсон. Хожим нь 1975 онд Америкаар аялж байхад тэндхийн нефтийн үйлдвэрийн эзэн биднийг үйлдвэртээ урьж аваачсан. Гэтэл өрөөнд, түүний суудлынх нь ард миний туг барьж явсан зургийг байрлуулсан байсан. Хоол ундаар дайлж, хууч хөөрөх үеэр, Таны суудлын ард өлгөөтэй энэ хэний зураг вэ гэсэн чинь “Хаанах гэсэн билээ, нэг баатар эр л гэсэн” гэж хариулсан. “Тэр хүн чинь энд сууж байна шүү дээ” гэтэл, “Нээрээ монгол гэсэн байх шүү. Энэ нөхөр нээрэн мөн байна” гэж билээ. Тухайн үед дэлхийн нийтийн анхаарал татсан байж. Би бол медаль авах горьдлоготой байсан юм. Тэгсэн олимпийн нээлтээс хойш долоо хоног надад бэлтгэл хийх зав гараагүй. Хэвлэлийнхэн тойроод гүйгээд байдаг. Зураг авна. Тэгэхэд биднийг Ж.Норолхоо гэж дарга ахалж явсан. Монголыг сурталчилж л байвал яваад бай, яваад бай гэдэг. Тэгээд л өглөө зодог шуудгаа өмсөөд, нөмрөгөө нөмөрч аваад л гардаг. Хоол идэж байгаа зураг авна. Улсаа сурталчилж байна гээд л зураг авахуулаад л явна. Тэгээд долоо хоног бэлтгэл хийлгээгүй. Их өвөрмөц юм л даа. Яагаад үүнийг ярьж байгаа юм бэ гэхээр монгол бөх өвөрмөц. Мэх техник нь ч өвөрмөц. Монгол бөх бол тэнцвэр олох чадвар өндөртэй. Хоёр хөл дээрээ найман зүгийн тэнцвэр хадгалаад л зогсож чадаж байгаа юм. Хөдөлгөөн дунд тэнцвэрээ хадгална, тэнцвэр алдлаа л бол унана. Зогсолт сайтай. Манай З.Ойдовын хөлийг нь аваад ч унагаж чаддаггүй байв. Унадаггүй бөх гээд нэр өгчихсөн. Хөл дээрээ зогсоод л байдаг, нэг хөлийг нь аваад нөгөө хөлд нь дэгээ хийхэд үсрээд л гарчихдаг. З.Ойдов чинь хөлийг нь өргөөд толгой дээрээ тавьчихсан байхад л унадаггүй ш дээ, хариу мэх хийгээд, суйлаад л гарчихдаг. Тэр чинь л монгол бөхийн өвөрмөц чанарыг харуулж байгаа юм.
–Мехикогийн олимпод манайхан их амжилттай оролцсон. Анхны медалиудаа авч байсан?
-Сайхан оролцсон. Анхны дөрвөн медаль авсан. Би их баярлаж явдаг. Өөрөө медаль аваагүй ч гэсэн. Олимпод туг залж явна гэдэг их хариуцлагатай ажил. Ардаа явж буй тамирчдынхаа хийморь золбоог, амжилт, нэр төр, өнгө зүс гээд бүгдийг залж явна. Туг залаад сайхан бөх барилдлаа гэж боддог.
–Түүний дараа та Мюнхены олимпод оролцсон. Та мөнгөн медалийг эх орондоо авчирсан шүү дээ.
-Тийм ээ, тэр үеийн олимпод манай улсын баг тамирчид мөнгөн медальтай ирсэн. Манайхаас ганц мөнгөн медаль авсан нь энэ шүү дээ. Сэнж нь (харуулав) тасарсан учраас энэ л ойрхон үлдэж лээ.
–Тухайн үед, дэлхийд Оросын чөлөөт бөх давамгайлж байсан үе. Таны жинд Оросын хоёр ч хүчирхэг аварга байлаа. И.Ярыгин, Глюткин гээд. Гараас атгачихвал, тавиулахын аргагүй хүчтэй бөх байсан гэж Ярыгины тухай Та хэлж байсан.
-И.Ярыгины хамт үнэн хүчтэй гурван бөх байлаа, тэр үед. Оросын гурван бөх надтай ээлжилж ноцолддог байлаа. Энэ жил тэр бөхтэй таарах болов уу даа гэж бодон бэлдэж байтал өөр бөх нь ирдэг нь байв. Тэд тусгай бэлтгэл хийчихээд л ирнэ. Сүүлд нь И.Ярыгин надад ярьж байсан. Манай шигшээ багийн хурал болоод “-48, 52 кг-ийн жинд японтой хэн барилдах вэ? Японы бөхийг манайхаас хэн нь ялах вэ? гэж асууна. За тэгээд хасах 100 кг -ийн жинд ирэхлээр, – Монголын Баянмөнхийг хэн ялах вэ? Яаж ялах вэ чи? гэж дасгалжуулагч биднээс асуудаг байсан” хэмээн хожим дурссан.
–Тооцоонд орчихсон байж?
-Тийм ээ, миний жинд надаас өөр хүний нэрийг ярьдаггүй байсан гэсэн.
–Ардчилсан Германаас Бютнер гэж мундаг шиддэг бөх байсан шүү дээ, таны жинд.
-Хүчтэй, хурдтай, оч шиг бөх байсан шүү. Тэр Бютнер л ЗХУ-ын гурван мундаг аваргыг гурвууланг нь цэвэр дарж байсан юм даг.
–Харин Та Бютнерийг ялчихдаг байсан.
-Тийм. Түүнийг ялдаг байсан тулдаа л дэлхийн аварга болсон. Тэр жилийн дэлхийн аваргаар гурван биенээ тойрсон.
–Тэр бол их хатуу ялалт байсан шүү.
-Их хатуу давааг давж дэлхийн аварга болсон. Сүүлийн барилдаан шийдэх байсан. Бютнер намайг оноогоор ч бай, ялбал аварга. Миний хувьд Оросын бөхөд ялагдсан учир Бютнерийг цэвэр дарж байж л аварга болох байсан. Хүнд барилдаан хийсэн. Бютнерийг цэвэр ялж дэлхийн аварга болж байсан түүхтэй.
–Мэхийн тухай Та судалгаа хийснээ хэлсэн. Дархан мэх гэж ярьдаг. Дархан мэх яг юу юм бэ, та л хэлнэ дээ?
-Дархан мэх гэдэг их олон талтай. Юуны түрүүнд хүн дархан мэх гэж сайн эзэмшсэн мэхийг хэлнэ. Өрсөлдөгчөө унагадаг гол мэх. Гэхдээ тэр дархан мэхийг буй болгоход маш олон хүчин зүйл нөлөөлнө. Хүний төрөлхийн зан чанар харагдана.
Үргэлжлэл бий.
Ц.Энхбат
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2018/08/18
Ямар юмных нь тооцоо, арга ухаан байхав дээ, хар бяраар явдаг ш дээ, одоо мэх хийж барилддаг бех байхгуй болсон шуу
Зочин · 2018/08/18
Ямар юмных нь тооцоо, арга ухаан байхав дээ, хар бяраар явдаг ш дээ, одоо мэх хийж барилддаг бех байхгуй болсон шуу
иргэн · 2018/08/08
уг нь өдий Насны өвгөн Намба зааж налайж суухын оронд Бөхчүүдыг хоёр талцуулж Халх Дөрвөдөөр нь хувааж атгаг Шуналдаа автаж Бөхийн Өргөөний бөөрөнхий байшинг булаацалдаж Хэрүүл маргаан хийх юм гэж Хэн санал даа Одоо бодохнээ Дархан аварга Мөнхбат Цэрэнтогтох Аваргууд маань үнэхээр Жудагтай олон таван үггүй Хэрүүл маргаангүй жинхэнэ Халх даяар Дуурсагдсан сайхан Аваргууд байж дээ Эдний маань дэргэд Баянхмөнх аварга ч дээ Хэрүүл маргаан хийсэн ёстой Хөгшчүүлийн хэлдгээр Дөрвөд хүн Хүн биш гэдэг үгийг Баталаад байх шиг байгаа юм даа
Хаха · 2018/08/08
Буян заяагаа бодоол сайхан амарч болдоггүйн бхдаа
Баатархүү · 2018/08/08
Юун тооцоо вэ. Хэдэн мангар юм ноцолдохыг хэлж байгаа юм уу