Монгол Улсын арслан П.Бүрэнтөгстэй “Нүүдэлчин Монгол” наадмын үеэр ярилцлаа.


-“Увс нуур” галын хамт олон 20 жилийн ойгоороо сайхан наадаж шинэ аварга өлгийдөж авлаа. 2015 оноос хойш тасраад байсан түрүүгээ энэ жил хүртлээ. Ярилцлагаа энэ талаар эхлүүлье?

-Монгол үндэсний бөхийн ууган гал болох “Увс нуур” галын 20 жилийн ойн их баяр энэ онд тохиож байгаа. Энэ баялаг түүхтэй галын 20 жилийн ой өнөө жил тохиож байгаа нь монгол бөхийн хувьд томоохон баяр юм даа. Өнгөрсөн он жилүүдэд энэ галаас улсын цолтой олон алдар цуутай бөх төрж гарсан. Эднийхээ залгамж халаа болж манай үеийнхэн ид барилдаж, хөдөлмөрлөж явна. Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмаар энэ галын бөх улсын харцага Намсрайжавын хүү улсын арслан Батсуурь маань одтой сайхан барилдаж түрүүлж Ардын хувьсгалын 23 дахь аваргаар тодорч ойн баяртаа том бэлэг барилаа. Их шөвөгт “Увс нуур” галаас улсын аварга С.Мөнхбат, улсын заан Н.Жаргалбаяр нар шалгарч сайхан наадлаа.

-Аварга Н.Батсуурь Ч.Санжаадамбыг өхийлдөж даваад гүйж байхад Н.Жаргалбаяр заан та хоёр “Аргагүй бөх болох гэж төрсөн хүн юм аа. Мундаг сэтгэл зүйтэй” гэж ярилцаж байсан. Н.Батсуурь аварга цолны төлөөх барилдааны өмнө юу ярьж байв?

-Н.Батсуурь шөвгийн дөрөвт Н.Жаргалбаяр заантай их хүнд барилдаан хийснийг бөх сонирхогчид бүгд харсан. Ийм хүнд барилдааны дараа аваргыг давж аварга болно гэсэн сэтгэл зүйтэй үлдэнэ гэдэг гайхамшиг л даа. Би доогуур даваанд уначихаад дотор харлаад сууж байхад хамт бэлтгэл сургуулилт хийдэг найз маань аварга болоод дэвэхэд нь огшоод л босоод ирсэн. Бид чинь бие биенийхээ бэлтгэлийг хангаж, хоёр биенээ хурцалж дутууг нь нөхөж дундуурыг нь дүүргэж өгдөг улс байхгүй юу. Найзыгаа аварга цол авахад өөрөө түрүүлсэн юм шиг л санагдсан.

-Та сар шинийн барилдаанд үзүүрлэснээс хойш гурван ч удаагийн том барилдаанд түрүүлсэн. Энэ утгаараа бөх сонирхогчид таныг төрийн наадмын өндөр даваанд харж байсан, болсонгүй юу?

-2012 онд улсын их баяр наадамд түрүүлснээс хойш бөхөд дур сонирхолтой хэн бүхэн намайг “цолоо ахиулна, аварга болно” гэж итгэл найдвар хүлээлгэж дэмжиж байгаа нь мэдрэгддэг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл дэмждэг ард түмнийхээ хүлээлтэд хүрсэн барилдаан үзүүлж, хүсээд байгаа улсын аварга цолыг нь авч хараахан амжаагүй л байна. Монгол үндэсний бөх өөрөө их хүнд спорт. Тамирчин хүн бэртэл, гэмтэл авах эрсдэл өндөртэй. Энэ бартаа саадыг би ч тойроогүй дайрч гарсан. Ингэлээ гээд ухарч няцаж итгэл хүлээлгэдэг ардынхаа сэтгэлийг гундаах эрх надад байхгүй. Өөрөөс шалтгаалах бүхий л нөөц бололцоогоо дайчилж аварга цолны төлөө зүтгэж байна.

-Энэ жил таны заалны барилдаанд оролцож байгааг харахад бэлтгэл сургуулилт онцгой сайн байгаа нь ажиглагдсан. “Баяр наадмын тавын даваанд Говь-Алтайн хурц арслан Ц.Бямба-Очирыг амлаад барилдчихгүй” гэх харуусал бөх сонирхогчдын дунд байсан шүү?

-Өнөө жил миний бэлтгэл сургуулилт их сайн байсан. Баяр наадмын тавын даваанд ам авахаар гарын даа нарын зүг хандахад ам бөх олон байсан л даа. Би ч гарцаагүй хаяна гэж тооцоолж Баянхонгор аймгийн харьяат цэргийн арслан Д.Цэрэнтогтохыг амлаж барилдсан. Барилдаан тооцоолсноос өөрөөр эргэж улсын цолны төлөө зүтгэж буй залуу бөхийн шийдсэн мэхэнд орж өвдөг шороодсон. Хүний шийдсэн мэх гэж амаргүй л дээ. Нэг сайхан залуу бөх үнэн хүчээрээ барилдаад улсын цолонд хүрлээ. Цаашдаа ч цолоо ахиулна гэж найдаж байна. Одоо тэгж их харамсаад байх юм алга. Наадам нэгээр дуусахгүй шүү дээ.

-Та баяр наадмаас хойш амарч амжсан уу. Барилдаануудад алгасалгүй зодоглож байгаа харагдах юм. Сүүлийн хоёр барилдаанд нь түрүүллээ?

-Би барилдаан алгасалгүй барилдахыг зорьдог. Энэ бол нэг талаараа миний ажил, нөгөө талаараа үүрэг юм шүү дээ. Тамирчин хүн дөрвөн улирлын турш бэлтгэлийн өндөр формоо хадгалж байж сайн барилдаж цолоо ахиулдаг. Ирэх жилийн наадмын бэлтгэлээ базаагаад эхэлчихсэн гэж хэлж болно. Наадмаас хойш Говийн бүсийн хурд, Даншиг хүрээ цам наадам, Баянгол фестиваль гээд барилдаануудад барилдсан. Баянгол фестиваль гэж том наадамд улсын арслан Р.Пүрэвдагва, улын заан Н.Жаргалбаяр нарыг давж түрүүлсэн. Өнөөдөр “Нүүдэлчин Монгол” гэж наадамд барилдаж түрүүллээ.

-“Нүүдэлчин Монгол” наадамд улсын цолтой бөхчүүд тойргийн журмаар барилдаж аваргаа тодруулаа. Ойрд ийм барилдаан зохиогдоогүй санагдаж байна?

-Энгийн барилдаанд бол найм даваад л түрүүлдэг. Нэг хоёрын даваанд сумын заан, аймгийн бага цолтнуудтай таарна. Тойргийн барилдаанд бол улсын цолтой, өндөр хэмжээнд бэлтгэгдсэн олон бөхтэй нэг дор тойргоор барилдана. Хэн сайн бэлтгэлтэй байгаа нь л түрүүлдэг. Би 17 барилдаан хийж түрүүллээ. Амаргүй байлаа.

-“Даншиг наадам-Хүрээ цам”-ын гурвын даваанд улсын арслан Р.Пүрэвдагватай таарч барилдаад хоёулаа туг тойрч байгаа харагдсан. Тухайн барилдаанд юу болсон юм бэ?

-Хоёр бөх бол талбайд давахын төлөө өөрт байгаа бүх хүчээ шавхаж шударгаар өрсөлддөг. Хөлийн цэц засуулууд л ийм барилдаанууд дээр хариуцлагаа ухамсарлаж сайн ажиллах хэрэгтэй. Хүний хөлс хөдөлмөрийг үнэгүйдүүлэлгүй шударгаар шүүх нь тэдний үүрэг гэж би ойлгодог. Бэлтгэл сургуулилт сайн байсан учраас хөлийн цэц засуулууд хариуцлагатай ажилласан бол цаашдаа би яаж ч барилдаж болно шүү дээ. Ийм л учраас холбооны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаад байдаг. Бөхийн барилдааны шүүлтэд камерийн тусламж ашиглах зайлшгүй шаардлага гараад байна. Би л гэхэд нэг биш удаа ийм шударга бус шийдвэрийн золиос болж байна.

-Том цолтой тэр дундаа аварга, арслан цолтой бөхчүүд хөдөө аймгуудын наадамд нутгийн дүү нараа дагуулж очиж найраанд гар бие оролцож байгаа нь монгол бөхийг бараантуулж байна. Таны хувьд аймгуудын наадамд тэр бүр зодоглож харагддаггүй. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Тийм ээ. Сүүлийн үед ийм зүйлс ажиглагдах болсон. Энэ нь наадмын зохион байгуулагчидтай холбоотой байж болно. Аймаг, сумын наадмыг долдугаар сарын 10,11-ний өдөр нэгдсэн журмаар зохион байгуулж болмоор санагддаг. Бөхчүүд сум, аймаг, улсын наадамд барилдахаа өөрсдөө мэдээд шийддэг. Ингэхээр олон наадам хэсэхгүй жилд нэг л наадамд зодоглоно шүү дээ. Цол илүү үнэ цэнэтэй болно. Сайхан барилдаж байгаа дүү нараа дэмжээд цолд хүргээд өгдөг уламжлал бий. Гэхдээ хэрээс хэтэрч болохгүй.

-Улсын арслан М.Мөнгөн та хоёр нэг голын уснаас ундаалж өссөн гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Торхилогийн голд М.Мөнгөн арслан бид хоёр төрсөн гэж бодохоор өөрийн эрхгүй огшдог шүү. Үнэхээрийн хувь заяа намайг ивээжээ л гэж боддог юм. Манай гол, манай сумаас улсын арслан хоёр төрлөө. Улаангомоос Улаанбаатарт хөл тавихад М.Мөнгөн арслан маань надад ихийг сургасан даа. Барилдааны хувьд ярихад бөхийн нарийн ухааныг сургаж өгсөн. Хүмүүст энгийн санагддаг ч их ухаан шаардах үнэтэй зөвлөгөө хэлж байсан. Бурхан болохоосоо өмнөхөн ч зааж зөвлөсөөр л байсан. Тэр жилийн наадамд улсын арслан Р.Пүрэвдагва бид хоёрын барилдаан маргаантай болоход их шаналсан гэнэ лээ.

Эх сурвалж: Өдрийн сонин