"Хурд" группийн барьж буй "Хүннү" хороололд барилгын туслахаар ажиллаж байсан 17 настай хүүгийн дээрээс өргөгч краны тросс тасран унаснаар хүү амь насаа алдсан билээ.

Энэ үйл явдлын дараа барилгын ажлыг гүйцэтгэж байсан "Түмэндэлгэр" компанийн зүгээс мэдэгдэл хийж, хүүгийн ар гэрээс уучлалт хүссэн юм. Ингээд талийгаач хүүгийн ээж Н.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Талийгаачийн ажиллаж байсан компаниас ирж уулзсан уу?

-Энэ сарын 8-нд миний хүү Г.Уламбаяр осолд ороод цаг бусаар нас барсан. Үүнээс хойш 11 хоног боллоо. Энэ хугацаанд хүүгийн минь ажиллаж байсан барилгын компани, цагдаа, прокуророос ирж уулзаж, янз бүрийн мэдэгдэл өгсөн юм алга. Шүүх цагдаа сар хугацаатай шалгагдана гэсэн. Хэзээ ч дуудсан ирнэ шүү л гэсэн. Иймд цагдаа болон прокурорын байгууллага үнэнийг шүүгээд гаргаад ирэх байх гэж бодож байна. Миний хүү нас барахад өөрийн зүгээс хийсэн буруу зүйл байхгүй. Цаад ажил олгогч нар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс ийм харамсалтай хэрэг болсон гэж бодож байгаа.

-Талийгаач Г.Уламбаярын талаар тодруулахгүй юу?

-Манайх ам бүл дөрвүүлээ. Хоёр хүүтэй. Бага хүү болох Уламбаяр ийм золгүй байдлаар амиа алдчихлаа. 2001 оны долдугаар сарын 14-нд төрсөн, 17 настай байсан. Наадмын дараа төрсөн болохоор дахин дахин баяр нэмж ирсэн гэдэг утгаар ийм нэр өгч байсан юм. Техник технологийн коллежийг энэ жил төгсөх байсан. Үргэлжлүүлэн тус коллежийн авто механикийн ангид ахин элсэн орж суралцана гэдэг байлаа. Миний хүү чинь багаасаа Баянхошууны дэнжид тоглож өссөн. Гэрээсээ гарахгүй. 127 цэцэрлэгээр сурган хүмүүжигдэж, 105-аар сургуулийг төгссөн юм. Дуулна, бүжиглэнэ, хошин мэдрэмж сайтай хүмүүсийг элэглэж байнга инээлгэнэ, ой тогтоолт маш сайн хүүхэд байсан. Ирэх жил “Universe best song”-д оролцоно гээд арваад гадаад дуу бэлдэж байсан юм. Дор хаяж арван дуу сурч байж энэ тэмцээнд орохын байна гээд л дуулдаг байлаа. Маш олон талын мөрөөдөлтэй хүүхэд байсан даа.

-Танай хүү барилгын компанид ажиллаж байгаа талаараа хэлсэн үү. Яагаад барилга дээр ажиллах болов?

-Ер нь бие дааж ажил хиймээр байна. Үе тэнгийн хүүхдүүд амралтаараа ажил хийгээд байна гэдэг байсан.Би л ганцаараа гэртээ байна гэдэг байсан. Нэг найзтайгаа хамт барилгын ажилд орох гээд очиход нь насанд хүрээгүй гээд аваагүй хэмээн наадмын өмнө ярьж байсан юм. Ингэхэд нь ашгүй дээ хэмээн баярласан. Дараа ажил хийнэ гэдгээс нь сатааруулахын тулд гэр бүлээрээ хөдөө яваад ирсэн юм. Хотод ирээд хэд хоногийн дараа би хүнтэй ажил ярьсан байгаа. Удахгүй ажиллаж эхэлнэ гэсэн. Ямар ажил юм гэхэд бас л барилга гэсэн л дээ. Ингэхээр нь өмнө барилгын компани шиг насанд хүрээгүй хүүхэд гээд авахгүй байх л гэж бодсон. Ажилд авсан гэхээр нь өөрийнхөө насанд тохирсон ажил юм байна гэж ойлгосон. Хүүхэд өөрөө ажиллах хүсэл сонирхолтой байхад хориод дийлэхгүй юм байна лээ. Эрүүл саруул биетэй, 180 метрийн өндөртэй залууг гэртээ хүлээд хорилтоо биш дээ.

-Ослын талаарх урьдчилсан дүгнэлт гарсан уу. Танай хүү тухайн барилгын компанид ямар ажил хийж байсан юм бэ?

-Хөдөлмөр хамгааллын номон дээр тухайн компани юу хийлгэхээр авсан тэр ажлыг л хийх ёстой байдаг юм байна. Өөр ажил хийх ёсгүй юм байна лээ. Миний хүү Г.Уламбаяр тухайн барилгын компанид барилгын талбайн цэвэрлэгээний ажилтнаар орсон байдаг. Барилгад ажиллаж буй хүн хамгаалалтын малгай өмсөх ёстой байдаг юм байна. Энэ малгайн найман килограммын жинтэй зүйлийн цохилтыг тэсвэрлэх хийгддэг байна. Краны техникийг гурван сар тутамд шалгаж байх ёстой байдаг гэнэ. Эрсдэлтэй тохиолдолд байнга сольж янзалж байх ёстой аж. Мөн краны өргөх ёстой даацыг цаанаас заагаад өгдөг юм байна. Кран ямар нэг зүйлийг өргөхөд даац нь хэтэрсэн тохиолдолд дуугарч дохио өгдөг гэсэн. Ачааны машин дээр байсан хоёр чингэлгийг өргөх гэж байсан краны тросс тасарч миний хүүгийн толгой дээр унасан байгаа юм. Гэтэл хүүг минь өөрийн үүрэгт ажлаа хийж яваад амиа алдсан гэх мэдээлэл яваад байгаа. Хэрвээ үүрэгт ажлаа хийж байсан бол тухайн өдөр барилгын талбайн цэвэрлэгээгээ л хийх ёстой байсан. Хэн нэгэн л үүрэг өгөөд л краны зөөх гэж байсан чингэлгийн оосорлогч юмуу дохионы ажил хийлгэхээр тухайн чингэлэг өөд гаргасан байх.

-Хүү ажлынхаа талаар танд ярьдаг байсан уу?

-Ядахдаа хамгаалалтын малгайгаа өмссөн байсан бол хүү минь өдийд амьд ч байх байсан юм билүү. Гэмтлийн эмнэлэгт ухаангүй хэвтэж ч байж болох байсан. Гэтэл хамгаалалтын малгайгүйгээс краны тросс төмөрт тархи нь хагартал цохиулаад газар дээрээ нас барчихлаа шүү дээ. Найз нөхдөөрөө гуйлгаад барилгын компанид ажилд орсон нь үнэн. Гэтэл цэвэрлэгээ хийлгэнэ гэж авчихаад оосорлогч, дохиочин хийлгэсэн юм шиг байна лээ. Өдөр бүр л хүүгээсээ юу хийснийг нь асуудаг байсан. Хүүдээ байнга л ажлаа сайн хийгээрэй,чанартай хий чамд туршлага болно гэж байнга захидаг байлаа. Хэрвээ хог л цэвэрлэх ажил гэж бодож, чанартай хийхгүй бол болих хэрэгтэй гэж би хэлдэг байсан.Хоёр удаа илүү цагаар ажиллаж оройтож ирсэн. Тэгэхэд нь хүртэл яагаад насанд хүрээгүй хүүхдийг хоногоор ажлуулаад байгаа юм гэж байсан юм. Эцсийн эцэст хүүгээ хүний төлөө ажлаа сайн хий, үгэнд сайн орж байгаарай гэж захисан минь л их буруу боллоо гэж өөртөө гомдож сууна. Чадахгүй гэдэг үгийг амнаасаа бүү гарга, чадахын төлөө чадахгүй байгаа зүйлээ хүмүүсээр заалга гэдэг үгийг мөн ч их захисан даа. Энэ л миний алдаа юм болов уу гэж бодох юм.

-Хүү энэ жил сургуулиа төгсөх байжээ. Цаашдын мөрөөдлийнхөө талаар ярьдаг л байсан байх?

-Бүхнийг хүн доороос нь эхлэх ёстой тэгж байж л амжилтад хүрдэг. Хэдэн ном үзээд мэргэжил болохгүй гээд коллежид оруулсан юм. Энэ Техник технолгийн коллежийн Засварын ангиа төгсөөд, үргэлжлүүлээд механикийн ангид суралцана гэдэг байсан. Сургуулиа төгсөөд Японд техник технологи их хөгжсөн улс учраас тэнд очиж бакалавраар суралцана гэдэг байлаа. Японоос ирсэн эгчтэйгээ хүртэл энэ талаараа ярилцсан байна лээ.

-Туслан гүйцэтгэх компани хэвлэлийн хурал хийж та бүхнээс уучлалт гуйгаад байсан. Талийгаачийн буяны ажилд туслалцаа үзүүлсэн үү?

- Туслан гүйцэтгэх компани хүүгийн оршуулгын ажилд зургаан сая таван зуун мянган төгрөг өгсөн гэсэн. Би яг сайн мэдэхгүй байна. Албан ёсоор надтай бол хэн ч ирж уулзаагүй. Байшин барилгыг барих гэж газрын худалдаж авсан компани “Хурд групп” шүү дээ. Иймээс тухайн барилгын ажил эхлээд дуусах хүртэл яаж ажиллах, юуг хаана төсөвлөсөн гээд тооцоолж тогтоосон байгаа байлгүй дээ. Гэтэл “Хурд групп”-ийн барилга гэх мөртлөө тэнд юу болсныг бид мэдэхгүй. Туслан гүйцэтгэх компани л мэднэ гэсэн ямар ч уялдаа холбоогүй юм ярьж байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байна.Тухайн барилгын талбайд ажиллаж буй ажилчдын хөдөлмөрийн хамгаалалтын аюулгүй байдал гэдгээс бүхий л шатны ажилчдын аюулгүй байдлыг хянаж ажиллах ёстой биз дээ. Зөвхөн манай бараа материал хангадаг компани гэж байсан.

Тухайн компани ямар бараа бүтээгдэхүүн яаж хангаж яаж ажиллаж байна гэдгийг “Хурд групп” хянах ёстой биз дээ. Өмнө “Хурд групп”ийн барилгын талбайд осол гарч байсан юм билээ. Анхны осол гаргахад техник болон ажилчдын аюулгүй байдлыг хангах дахиж ийм харамсалтай зүйл гаргахгүйн төлөө ажиллах ёстой. Алдаагаа огт засаж залруулахгүй байгаагын том жишээ нь миний хүү боллоо. Яагаад миний хүүд хамгаалалтын малгай өмсгөж болоогүй юм бэ гэсэн. Ер нь туслах ажилтан ороход өөрсдөө хувцсаа бэлд гэдэг ш дээ гэх хариулт өгч байна лээ. Авсан хэд хоногийн цалингаараа хувцас аваад явах хүн байх уу.

-Хүүг тань осолдсон талаар хэдэн цагийн үед, хэн мэдэгдсэн вэ?

-Тухайн өдөр зургаан цагийн орчимд гадуур явж байгаад гэртээ орж ирсэн юм. Хүүгийн тарах цаг нь болж байсан учраас хоолоо хийх бэлтгэлээ хийж байсан. Энэ үеэр миний утас дуугараад таны хүү бэртчихлээ, та яаралтай ир гэсэн. Зөөх гэж байсан хоёр чингэлгийн урд талын чингэлэг дээр миний хүүгийн тархи нь байхгүй, тэр хавийн газраар цус нь гол шиг урсаж байсан. Чингэлэг дээр миний хүү зогсож байсныг хараагүй гэсэн тайлбар хэлсэн.

-Хамгийн сүүлд хүү нь юу гэж хэлээд гарсан бэ?

-Тэр өглөө эрт боссон. Учир нь өмнө өдөр нь амарсан юм л даа. Сургуулиа төгсөөд дахиж сурахгүй. Ажил хийнэ гээд ширээн дээр хоолоо идээд сууж байсан. Тэгэхэд нь би нуруугаар чинь насны онцлог гээд яасан их юм гараа вэ гэсэн чинь харин нуруугаар л гараад, нүүрээр огт гарахгүй байна. Тэгээд л хоолоо идэж дуусаа л ажилдаа явна гээд хувцсаа өмсөөд гүйгээд гарсан аа. Өө, ээждээ үнсүүлэхээ мартчихаж гээд буцаж орж ирээд үнсүүлээд гарсан.

-Техник технологи талдаа маш сонирхолтой хүүхэд байж дээ?

-Жолооч нар хүртэл миний хүүг гайхаад байдаг байсан. Техник сэтгэлгээ сайтай хүүхэд байна. Танай хүү ШУТИС-д сурдаг уу айхтар мэдлэгтэй хүүхэд юм аа. Хоёр хүүгээ хэний ч өмнө биеэ даах чадвартай, хүнтэй харьцах соёлтой, өөрийн гэсэн боловсрол мэргэжилтэй, нийгмийн дотор өөрийгөө зөв авч явдаг хүн болгохын төлөө л амьдарч байна. Миний талийгаач бага хүү архи тамхи хэрэглэхгүй,гадуур хий дэмий цаг нөхцөөж явдаггүй, цагийг асар их хайрладаг хүүхэд байсан.

-Хүү нь чөлөөт цагаараа юу хийдэг байсан бэ?

-Өсвөр насны хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй байна. Найзуудаараа мөнгө нийлүүлж хэдэн цаг заал авч тоглоно. Өөр чөлөөт цагаа өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх газар огт алга байна. Заримдаа тархи сайн амраадаг гээд надтай хатгамал байнга хатгана. Хамт хатгаж байсан муурын хатгамал нь тэнд байж л байна. 15-17 насны хөвгүүд чинь бие хүн болчихсон болохоор ажил хийнэ гээд байдаг юм байна. Гэрт, хашаанд хашигдахгүй. Бие бялдар, оюун санаа нь тэлж буй хүүхдийг яаж боогоод байх юм. Гэтэл хөвгүүдийн ийм насанд таарсан ажил байх ёстой байхгүй юу. Манай улсад хүүхдийг хөгжүүлж ажилд сургах ямар ч газар алга. Олон хүний дунд ажил үзэг л гэж бодсон. Түүнээс сургалтын төлбөр, хичээлийн бэлтгэлээ хийх гэж ажил хийлгээгүй.

-Та өөрийн гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Миний нөхөр Я.Ганбаатар нь Архангай аймгийн уугуул хүн. Политехникийн дээдийг механик мэргэжлээр төгссөн. Насаараа техник, технологиор ажилласан хүн байгаа. Гэрт суухаар хүү минь бодогдоод хэцүү байна гээд ажил хийж байгаа. Юм л хийхгүй бол хүүгийн минь хэлж, ярьж байсан бүх зүйл харагдаад хэцүү байна гээд л одоо ажилдаа явсан байна. Төрсөн ах 127 цэцэрлэгээр хүмүүжиж, 105 сургуулийг төгссөн. Мөн л Техник технологийн коллежийг сантекникч гагнуурчин мэргэжлээр төгсөөд өдгөө Төмөр замд ажиллаж байна. Би Төв аймгийн уугуул хүн. Хавдар судлалын төвд асрагчаар ажиллаж байгаад хувиараа бизнес эрхэлж эхэлсэн. Одоо хувиараа бариа засал хийдэг. Иймээс хүүхдүүдээ багаас ямар нэгэн өвчин зовлон хүрсэн ч эмчлээд өдийг хүргэсэн. Ингэж өдийг хүртэл эрүүл саруул өсгөсөн юм чинь амиа алдана гэж огт бодож байсангүй. Том хүү маань тусдаа амьдраад гурван жил болж байна. Иймээс бага хүү гал голомтоо сахиж үлдэх байсан. Аав, ээж нь хүүдээ энэ байшингаа өвлүүлж үлдээнэ гэхээр байшингаа ингэж шинээр барина. Хашаандаа ийм зүйл хийнэ гээд л их мөрөөднө. Өөрийн гэсэн машины салон нээнэ гэх мэт олон мөрөөдөл байсан даа. Байр аваад ингэж амарна гэхээс илүү өөрөө л хийж бүтээнэ гэдэг хүүхэд байсан.

-Хүүгийнхээ найз нөхдийг харж өөрийгөө тайтгаруулж байгаа байх даа?

- Шүдээ зуугаад явж байна даа. Хариуцлагагүй албан байгууллагаас болж ийм богинохон амьдрлыг өөр хүүхэд дахин бүү үзээсэй гэж бодож байна. Өвдөж зовоод өнгөрсөн бол үнэхээр хэлэх юм алга. Гэтэл эрүүл саруул өссөн үр минь ингээд байхгүй болчихлоо гэхээр л хатуу байна. Одоо хүсэж буй ганц зүйл нь хууль хяналтын байгууллага энэ хэргийн үнэнийг гаргаад ирээсэй гэж хүсэж байна. Харин тэр нэг ядарсан кранчин, ажилтанд энэ хариуцлагыг бүү хүлээлгээсэй гэж хүсэж байна даа. Хүүгийн минь оршуулах ёслол дээр найзууд нь ирж үг хэлсэн. Нэг найз нь...

Уулзах газар Улаан-Үд

Уралдах машин унадаг дугуй

Ухаарал хайралдаг нь Улака шүү ...гэж байсан. Найз нараа эцэг, эхийн мөнгөөрөө архи тамхи хэрэглэх гэлээ гээд байнга уурлаж загнадаг байсан гэсэн. Буруу зүйл хийхгүй байхыг найзуудаасаа байнга шаарддаг байсан гээд л найз нар нь уйлж байсан. Манай арын хоосон хашаа зарагдаж байгаа. Мөнгөтэй бол манай хашааны ар талд байгаа газрыг худалдаж аваад сагсны талбай л байгуулмаар байна. Хүү минь заал авахын тулд ээж ээ мянган төгрөг байна уу, өнөөдөр би заал даана гэсэн юм гэдэг байсан. Иймээс хүүхдүүд чөлөөтэй тоглодог сагсны талбай байгуулчих юмсан. Ядаж хүүхдүүд ард шуугиад хүү минь хажууд байгаа юм шиг сэтгэлээ тайвшируулж суух юм даа. Мөн олон хүүхэд тоглох талбайтай болно шүү дээ. Ийм л зүйл бодож сууна даа. Мөнгө төгрөгний боломж байхгүй л дээ. Гэхдээ биелүүлэх гэж зорино.

эх сурвалж: Өдрийн сонин

Б.Үржиг