Дубайн угсаа залгамжлах ханхүү, тэрбумтан Фазза Монголд дахин иржээ
2018/08/29
Арабын ертөнцийн язгууртнуудын нэг, Дубайн угсаа залгамжлах ханхүү Шэйх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум Монгол орноор аялжээ. Тэрбээр өнгөрсөн жилийн өдийд ч мөн ирж байжээ.
Фазза хэмээх нэрээрээ алдартай энэ эрхэм Инстаграм сүлжээний од юм. 35 настай Фазза Инстаграм сүлжээнд 5.1 сая дагагчтай бол Твиттер сүлжээнд 2.4 сая дагагчтай.
Тэрээр адал явдалд дуртай, аялагч нэгэн бөгөөд өдөр тутам дэлхийн өнцөг булан бүрт яваа гэрэл зургаа, тэрбумтны амьдралын хэв маягаа дагагч нартайгаа хуваалцаж байдаг.
Фазза нь АНЭУ-ын дэд ерөнхийлөгч, ерөнхий сайд, Дубай хотын эмир Шэйх Мохаммед бин Рашид Аль Мактумын хоёр дахь хүү. Түүний эцэг $13.9 тэрбумын хөрөнгөтэй гэгддэг.
Фаззаг эцэг нь 2008 онд өөрийн угсаа залгамжлагчаар зарлаж байв. Түүний ах 2015 онд 33 настайдаа зүрхний шигдээсээр нас барсан юм.
Фазза одоо Дубайн Удирдах Зөвлөлийн ерөнхийлөгч, бас Дубайн Спортын Зөвлөл, Дубайн Аутизмын Төвийн тэргүүн. Тэрээр төрөл бүрийн спортоор хичээллэдэг, авьяаслаг гэрэл зурагчин, аялагч, яруу найрагч.
Ханхүү Монголын байгаль, ахуйг харуулсан гэрэл зургуудыг өөрийн Инстаграм хуудсанд оруулсныг хүргэж байна.