Баярын өдрүүдэд  2014 оны 01 сарын 30-ны өдрөөс 2014 оны 02 сарын 03-ны өдөр хүртэл Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв, Дүүргүүдийн  Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн  кабинетууд, Өрхийн Эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллана гэсэн  мэдээлэл иргэдэд таатай санагдаж байсан.

Гэвч энэ нь бараг ташаа мэдээлэл болох нь ажиглагдлаа.  Зүгээр энгийн нэгэн жишээг одоо өгүүлье.  Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 4-р хорооны өрхийн эмнэлэг өчигдөр ажилласангүй.  Учрыг лавлатал  “Амралтын өдөр амардаг юм байгаа биз дээ. Тэгээд ч цагаан сар болж байна” гэсэн тайлбарыг  хороог манадаг  эр хэлэв.  
Ингээд  үзэхээр ихэнх өрхийн эмнэлэг ажиллаагүй болж таарч байгаа юм.  Тэгэхээр иргэд  дүүргийнхээ эмнэлэгт ачаалал нэмж, үйлчлүүлж таараа.  Тиймээс  дүүргийн эмнэлгийг  зориход ачаалал ахдаад,  ихдээд гавьсан зүйлгүй байна лээ.  Харин  архины хордлого болсон  нөхдүүд нилээн хэд байсан бөгөөд бүрзийсэн тэдгээр нөхдөд санаа нь зовсон ар гэрийнхэн нь  хүлээлгийн танхимд их харагдсан. Тэдгээр шартсан нөхдүүдийн дунд нэг бяцхан хүү харагдсан.  Хамгийн эмгэнэлтэй нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт  толгойгоо хагалсан тэр бяцхан хүүд толгойг нь боогоод өгөх марли олдсонгүй.

 “Шарх нь гайгүй юм байна. Яанаа манайд марли байхгүй ш дээ.  Шархыг нь цэвэрлээд  боочихоорой” гэж зөвлөв.  Бүхэл бүтэн дүүргийн эмнэлэгийн хүлээн авах нь марлигүй  байна гэдэг эмгэнэл биш үү.

Архичдын хордлогыг тайлах дусал байдаг юм байж, яагаад Монголын ирээдүй болсон хүүхдийн толгойг боох марлиар эмнэлэгийг хангадаггүй юм бэ?

Н.Удвал сайдаа салбар чинь дэндүү дампуурчихаад байна шүү анхаараарай.

А.Баярмаа