Ирэх сараас эхлэн шатахууны үнэ өсөх үү
2018/09/18
"Дорнын эдийн засгийн чуулган-2018"-ын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах боломжтой гэж хэлсэн нь ойрын өдрүүдэд олон монгол хүний чихэнд чимэгтэй мэдээ болж сонстов.
Тэгвэл энэ мэдээний хамт дуулгах муу мэдээ бас Хойд хөршөөс ирлээ. ОХУ ирэх сараас эхлэн шатахууны үнээ нэмэхээр болжээ. Тодруулбал, Аи-92 шатахууны үнэ 41 ам.доллараар өсч нэг тонн нь 763 ам.доллар боллоо. Мөн дизель түлшний үнэ 91 ам.доллараар өсч тонн нь 765 ам.доллар болж буйг ОХУ-ын Сангийн яамны сайтад мэдээлсэн байна. Ойрын өдрүүдэд дотоодын хэвлэлүүд энэ асуудлаар идэвхитэй бичиж эхлэх нь тодорхой. Гэхдээ шатахууны үнэ өсч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсч ард түмний амьжиргаанд мэдэгдэхүйц хүндрэл авчирдаг гэсэн нэг л өнцгийг олон нийт ярилцдаг. Гэтэл шатахууны зах зээл дээр хойд хөршөөс бүрэн хамааралтай бидний хувьд асуудлыг олон талаас нухацтай авч үзэх хэрэгтэй юм. Манай зах зээл дээр борлуулагдаж буй шатахууны энэ сарын үнийн тухай ярья. Есдүгээр сард худалдах Аи-92 шатахууныг нэг тонныг нь 722 ам.доллараар, дизель түлшийг 674 ам.доллараар импортолжээ. Энэ бол хойд хөршид зарагдаж буй үнэ бөгөед манай улсад жижиглэнгээр зарах шатахууны үнийн бүрдэлтийн зөвхөн нэг хэсэг нь. Үүнээс гадна Онцгой албан татвар, Гаалийн татвар, Замын албан татвар, Төмөр замын ачих буулгах зардал, НӨАТ гэх мэт олон шатаар шатахууны үнэ тооцогдож тогтож явсаар Улаанбаатарт өнөедөр Аи-92 шатахууны үнэ нэг литр нь 1.830 төгрөг, дизель түлш 2.200 төгрөгийн үнээр хэрэглэгчдэд хүрч байна. Тийм болохоор шатахууны үнэ Орост ийм, Хятадад ийм үнэтэй... гэж өөрсдөө үйлдвэрлэчихдэг өөр нөхцөл байдал бүхий өөр улс оронтой өөрсдийгөө харьцуулах нь утгагүй юм. Тээвэрлэлт, татвар гэх мэт зардлууд байдгийг мартаж болохгүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд гадаад үнэ дээр өөрсдийн зардлаа нэмж, ашиггүй ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий.
Өнгөрсөн хавар шатахууны хомсдол үүсэж зарим колонкууд шатахуун худалдахгүй байсныг бид мэднэ. Тухайн үед импортлогч компаниудын төлөөлөл мэдээлэл хийж, алдагдалтай ажиллаж байгаагаа учирлаж байсан. Улмаар Засгийн газар тогтоол гаргаж А-80, Аи-92 шатахууны татварыг бууруулснаар асуудал намжсан юм. Гэхдээ хэсэгтээ хэл ам дагуулаад өнгөрсөн тэр асуудал дахиад босож ирэх нь бололтой. Учир нь 10 дугаар сард ОХУ шатахууны үнээ өсгөөд зогсохгүй 11, 12 дугаар сард ч үнээ нэмэх чиглэлтэй байгаа аж. Энэ нь удаан хугацаанд барууны улс орнуудаас худалдааны хориг арга хэмжээ авахуулаад байгаа ОХУ бүтээн байгуулалтын салбарт төсвийн тэлэх бодлого явуулж буйтай холбоотой аж. Юутай ч ирэх сараас эхлэн шатахуун импортлогч Монголын 80 гаруй компани Хойд хөршөөс нэг тонн Аи-92 шатахууныг 763 ам.доллараар (1,878,330 төгрөг), дизель түлшийг 765 ам.доллараар (1,883,260 төгрөг) худалдан авахаас аргагүй нөхцөл байдал үүслээ. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээр үнэ нь өсөж буй нефтийн бүтээгдэхүүний үнийн хандлагыг Хойд хөрш маань дагалаа. Харин ирэх хэдэн сард манай улсад шатахууны үнэ хэрхэн өсөх нь одоогоор тааварлахад эрт байгаа ч үнэ өсөх нь тодорхой болжээ.
Т.БЭРХ
Эх сурвалж: "Өдрийн" сонин