Зургаан жилийн өмнө Цайз захын тэндэх гэрийнхээ гаднаас алга болсон Рэнцэн хүүг гэртээ мал маллуулж байсан гэх Б.Самъяагийнх руу хөдөллөө. Б.Самъяагийн гэргийг Л.Батсуурь гэдэг аж. Тэднийх Төв аймгийн Эрдэнэ суманд амьдарч байгаад ноднин Партизаны сангийн аж ахуйд нүүж иржээ.





Б.Самъяа гуай “Монгол бүсгүй”, “Миний Улаанбаатар” зэрэг дуугаараа ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн Монгол Улсын гавъяат жүжигчин Ганзоригийн аав юм байна. Үд хэвийх үед Б.Самъяа гуайн гэрт ирлээ. Ганзориг гавъяатын дүү Мөнхжаргал нөхөр, хүүхдийнхээ хамт иржээ.


Баяраа буюу Рэнцэнг явснаас хойш хоёр хөгшний сэтгэл санаа тавгүй, шөнө ч нойр нь хүрэхгүй байгаа тул хань бараа болж Мөнхжаргал хааяа ирдэг гэнэ. Рэнцэн хүүгийн талаар Б.Самъяа гуайтай ярилцлаа.

 



-Рэнцэн яаж яваад танайд ирсэн юм бэ. Аав, ээж нь гэрийн гаднаас танихгүй хүмүүс машиндаа суулгаад авч явсан гээд байгаа?


-Баяраа өөрийгөө аав, ээжтэй гэр бүлтэй гэж хэлээгүй. Эмээтэйгээ хамт амьдардаг байсан гэсэн. Гэтэл эмээ нь өөд болж орчлонд орь ганцаар үлдсэн гэдэг байсан. Манайх зургаан хүүхэдтэй айл. Хүүхдүүд бүгд тусдаа гарчихсан. Хөгшин бид хоёр л гэртээ байдаг юм. Манай садангийн Бадрал гээд залуугийнх Баянхошуунд байдаг.



Эхнэр бид хоёр тэднийд нэг өдөр очлоо. Гэтэл “Энд нэг аятайхан хүүхэд яваад байдаг юм” гэхээр хөгшин бид хоёр хоёулхнаа гэртээ байдаг тул хань бараа болгохоос гадна нэг ч гэсэн хүнийг хоолонд нь хүргэж буян болчих юм биш үү гээд тэр хүүхэдтэй уулзан “Чи манай хүүхэд болох уу” гэтэл юм дуугараагүй. Хажууд байсан хүмүүс “Чи ийм айлд очвол аав, ээжтэй ахуй амьдралтай болно" гэсэн юм. Би “Манайд очих уу, миний хүү” гэтэл Баяраа уйлчихсан.



Тэгэхээр нь “Чамайг яах ч үгүй. Тэтгэж, тэжээж авах гэсэн юм” гэлээ. Тэгсэн чинь “За” гэдэг юм. Тэгээд хөгшин бид хоёр дараа ирж авахаар болоод явсан. Хэд хоногийн дараа иртэл өнөө хүүхэд байдаггүй. Бадрал бид хоёр хайгаад олоогүй. Дараа нь Бадрал дагуулаад ирсэн. Хөл нь зүсэгдэж хувилаад идээ бээр нь бараг ясандаа тулчихсан хэцүүхэн хүүхэд ирж билээ. Тэгэхэд арваннэгдүгээр cap байсан юм.

 


-Рэнцэн наймдугаар сарын 12-ны өдөр дэлгүүр орох гэж яваад танихгүй хүний машинд суугаад шууд танайд ирсэн гэж байна лээ?


-Харин наймдугаар сард гэрээсээ гарсан гэсэн. Бид хоёрт арваннэгдүгээр сард богино өмдтэй, дан цамцтай, өвлийн хувцасгүй “Наран”-гийн хог дээр явж байхад нь оллоо гэсээр дагуулан ирсэн. Түүнээс биш зарцлах гэх мэт өөр ашиг сонирхол бидэнд байгаагүй. Гудамжинд яваа нэг ч гэсэн хүүхдийг орох орон, идэх хоолтой болгочих юм санасан.



Ганзориг маань 2008 оны 11 дүгээр сарын 18-нд анхны тоглолтоо хийсэн. Хүүгийнхээ тоглолтыг үзэх гэж ирэхдээ анх Баярааг олсон байхгүй юу. Хүүгийнхээ тоглолтыг үзчихээд Баярааг аваад буцъя гэсэн ч бид хайгаад олоогүй тул буцахаар болж Ганзоригийнд байж байтал Бадрал өөрийнхөө куртикийг өмсүүлчихсэн дагуулж ирсэн юм.


-Бадрал гэдэг хүн “Манай энд ийм хүүхэд яваад байна” гэхээр нь өсгөөд авчихъя гэж бодсон юм уу?
-Тэгсэн. Бидэнтэй хамт Эрдэнэ суманд ирээд л бид хоёрыг шууд л өвөө, эмээ гээд сүйд болсон. Гургалдай хоёр огтлоод өгөхөд муухан иддэг байсан. Хоол унданд тааруу хүүхэд байлаа. Одоо харин хоолонд сайн болсон.



-Аав, ээж нь зургаан жилийн хугацаанд ажилд сайн сургасан байна лээ гэж байсан?


-Манайд байхдаа ажилд мундаг сайн болсон. Угийн сэргэлэн хүүхэд байсан л даа. Зундаа хурдан морь уначихна. Бид хоёр дээр ирээд их сүрхий болоод байсан юм уг нь. Баяраад бид хүнийрхэж хандаж байгаагүй тул манай хүүхэд шиг л байлаа. Оны өмнө хүүгээ ёолк үзүүлье гээд охиныдоо (Мөнхжаргалынд) хүргэж өгсөн юм. Манай зээтэй хамт PC тоглоно гэхээр нь охин маань тав таван мянган төгрөг өгөөд гаргасан гэсэн. Гэтэл PC тоглоом дээрээсээ гараад тэр чигтээ алга болчихсон байна лээ. Хөгшин бид хоёрт яриад байсан нь бүгд худлаа байсан юм билээ. Аав, ээжтэй гэр бүлтэй гэдгээ тас нуусан байгаа юм даа.


Бид бичиг баримттай болгох гэж зөндөө явсан. Гэтэл аав, ээжийнх нь заавал нэгнийх нь нэр хэрэгтэй болсон. Өөрөө аав, ээжийнхээ нэрийг мэдэхгүй гэж хэлж байсан юм. Иргэний бүртгэлээр явж энэ хүүхдийг яаж иргэний үнэмлэхтэй болгох вэ гэтэл Сонгинохайрхан дүүргийн шүүхээр орох хэрэгтэй гэсэн. Хөгшин бид хоёр уг нь өнгөрөгч намар 15 нас хүрчихлээ гээд гэр бараа төхөөрч, хэдэн мал тасдаж өгч буулгаад байсан юм.

 


-Рэнцэн одоо 18 нас хүрч байгаа юм билээ. Та нарт насаа хэлээгүй юм уу?


-Насаа ерөөсөө хэлдэггүй байсан. Манай эмээ “Миний хүү хулганатай шүү” гэж хэлээд өөд болсон гэж хэлдэг байлаа. Баяраа бие нь жижиг хүүхэд байсан. Ямар сайндаа бид 15-16 нас хүрч байгаа юм чинь гээд гэр барьж, мал тасдаж өгсөн юм.



Манай хүүхдүүд ирэх болгондоо л мөнгө өгч, байгаа бүхнээ илүүчилнэ. Хөгшин бид хоёрт ханьтай байдаг болохоор хүүхдүүд их баярладаг байсан. Баяраад юу хэрэгтэй тэр бүгдийг нь авч өгнө. Жи мобайлын нэг гар утастай байсан түүнийг нь хүртэл гоё утсаар сольж өгнө гэж байсан юм. PC тоглоом тоглож байгаад алга болчихоор нь хот мэдэхгүй хүүхэд төөрчихлөө гээд нэлээд хэдэн цаг хайсан. Шөнөдөө олдохгүй бол өглөө цагдаад мэдэгдье гэж байтал өөрөө утасдсан.



-Утсаар тэгээд юу гэж байх юм?


-“Би эгчийндээ ирчихсэн байна” гэсэн. Аав, ээж нь ч гэсэн бидэнтэй утсаар ярьж болноо доо. Гэтэл бидэнтэй огт харьцахгүй байгаа. Манай хүүхдүүдээс нэгж хэрэгтэй байна гэхэд нь гар утас руу нь нэгж явуулдаг байсан. Гэтэл одоо гэртээ оччихоод бас нэгж нэхээд байна гэсэн.



Бид алга болдог өдөр нь энэ хүүхэд Улаанбаатар мэдэхгүй, утас мэдэхгүй яана даа гээд сандарч байтал бидний бүгдийнх нь утсыг мэдэж байсан юм билээ. Баяраа айхтар сэргэлэн, ажилд ч сайн байсан. Манайд анх ирэхдээ юм ч ярьж чаддаггүй гацаа, ээрүү хүүхэд ирж байлаа. Одоо харин зүгээр болчихсон. Баярааг явсны маргааш нь бид Баяраагийн залгасан дугаар руу залгаад аав, ээжтэй нь уулзаж танилцъя, ядаж жаахан сүү, цагаан идээ аваад явахгүй гэтэл утсаа салгаад түүнээс хойш утсаа аваагүй.



-Өмнөх амьдралынхаа талаар огт дурсдаггүй байсан юм уу. Нэрээ хүртэл хэлдэггүй байсан гэж үү?


-Гэр бүлийнх нь тухай асуухаар “Би санахгүй байна” гэдэг. Анх өөрийгөө Төгөлдөр гэж хэлдэг байсан. Манай ач, зээ нарын дунд олон Төгөлдөр байдаг болохоор нэрийг нь Баяраа болгочихъё гээд Баяраа болсон. Баянзүрхийн цагдаагаас биднийг дуудахад л Баяраагийн жинхэнэ нэрийг Аваа-Рэнцэн гэдгийг мэдсэн. Аав нь “Миний хүүг өдий зэрэгтэй болгож өсгөсөн хүмүүст гомдол байхгүй” гээд өргөдөл бичээд өгсөн байна лээ. Харин садангийнх нь нэг хүн “Маш их сэргэлэн хүүхэд байсан тул том хүн болох байсан. Гэтэл манай дүүг хулгай хийж авч явсан” гэдэг утга бүхий зүйлийг байцаагчид нь хэлсэн байна лээ.



Бид анх найман настай хүүхэд байна юмны наад цаад учир мэддэг гэж бодоод аав, ээжийнхээ талаар яриад өгөөч гэхэд юу ч хэлдэггүй байсан.



-Өөртэй нь хамт хоёр хүүхдийг машинд авч явсан гэсэн байна лээ. Тэр нь ямар хүүхдүүд юм бэ?


-Ор үндэсгүй худлаа хэлсэн байна. Баянзүрх дүүргийн байцаагч манай хүү Ганзоригийг дуудаад “Нэг удаа алдаад зам руу гүйж явахад нь араас нь ирж авч явсан байна” гэсэн байна лээ. Тийм зүйл ч огт болоогүй. Баяраад бид ширүүн үг ч хэлэлгүй зургаан жил болгосон. Манайхаас зугтах шаардлага ч гардаггүй байсан. Хөгшин бид хоёртой нүүрэлдүүлбэл ингэж худлаа ярьсан талаараа нэг ч үг хэлж чадахгүй. Аав, ээжтэй нь бид уулзмаар байна. Манайх тийм ч олон малтай айл биш. Хэдэн үхэр, цөөн тооны бог малтай.



-Зургаан жилийн хугацаанд шинэ хувцас авч өгөөгүй гээд байна гэсэн?


-Юу гэсэн үг вэ. Хувцас авч өгөлгүй яах юм. Манай охин, хүү хоёр Солонгост ажилладаг байсан. Солонгосоос маш их юм явуулна. Тэр явуулсан хувцсыг нь хуучин хувцас гэж боддог байсан болж таарах нь. Баяраа дутах юмгүй байсан. Шинэ хувцсаа өмсөлгүй шууд л цааш нь далд хийчихдэг хүүхэд байсан юм. Одоо ч гэсэн тэр хувцаснууд нь байж л байна. Манай хүүхдүүд өмсч байсан хувцсаа дамжуулаад өмсдөг байсан. Тиймэрхүү зүйл байлгүй яахав дээ. Баярааг ээж, аав нь өмнө нь хэд хэдэн удаа алдаад, цагдаа нар гэрт нь авч ирж өгч байсан гэсэн. Гэрээсээ дайждаг хүүхэд байсан юм шиг байна лээ.

Урд эгнээний баруун гар талаас гурав дахь хүрэмтэй нь Рэнцэн. 2012 он
 


-Гуравдугаар ангид орох жилээ алга болсон гэсэн. Алга болоогүй бол сургууль соёлд сурах байсан гээд хэл ам гараад байна гэв үү?


-Гуравдугаар ангийн хүүхэд манайд ирсэн гэхэд уншиж чадахгүй, мөнгөний тоо ч мэддэггүй байсан. 600 төгрөгний юм аваад ир гээд 1000 төгрөг өгөөд явуулахаар мөнгө хүрэхгүй байна “Тэр чинь 600 төгрөг гэж байна” гээд хүрээд ирдэг юм.

 



-Таныг өөрт нь их сайн байсан тухай гэрийнхэндээ ярьсан байна лээ?


-Баяраад өмнө нь хэд хэдэн унадаг дугуй авч өгсөн. Манай зээ, Баяраа хоёрыг мотоцикль унаж сурга гээд Говь-Алтайгаас мотоциклио машинд дайж явуулсан гээд бод доо. Унаад сурсных нь дараа шинэ мотоцикль авч өгнө гэж байсан юм. Явахынхаа өмнө очиж хэд хоносон айлдаа “Өвөө надад мотоцикль авч өгнө” гэж ярьсан байна лээ. Манайх 100 гаруй богоо энүүхэн ойрхон айлд байлгадаг байсан юм. Тэр айл хотоос болж бүтэхгүй хүмүүс авч ирж малаа маллуулдаг байсан. Хойд айлын хэцүү хүмүүсээс Баяраа их юм сурсан байх гэж боддог. Тэр айлд байсан залуу утсаар залгаад “Баяраатай ярья” гэхээр нь “Гэр рүүгээ явчихсан” гэсэн чинь “Өө тэгвэл ирэхгүй юм байна тэ” гэж байсан. “Чамайг эд нар зарж байгаад л хаяна” гэж хэлсэн юм байх гэж бодоод байгаа юм.

 



-Яагаад зүгээр байсан хүүхэд гэнэт явах болсон юм бол?


-Бид Баярааг бичиг баримттай болгохын тулд шүүхээр явах шаардлагатай болсон.

Шүүхээр яваад бичиг баримттай болгохоор миний бүх зүйл илэрнэ гэж айгаад явах сэжүүр төрсөн байх. Түүнээс биш “Би хэзээ ч явахгүй” гэдэг хүүхэд байсан. Хот хүрээ оръё, тоглолт үзүүлье гэхээр “Та нар яв. Би ганцаараа ч хамаагүй байж байя” гэдэг хүүхэд байсан юм даа.



-Партизаныхан Баяраагийн тухай хэр ам сайтай байдаг вэ?


-Баяраа явчихсан гэсэн чинь “Болж, болж” гээд л байгаа юм.

 



-Яагаад тэгж хэлдэг билээ?


-Энд байдаг нэг эмгэнд хүүхдүүд нь хань болгож асрамжийн газраас хүүхэд авч ирж өгсөн юм билээ. Гэтэл өнөө хүүхэд нь эмгэнээс мөнгө нэхээд “байхгүй” гэсэн чинь алж хаячихаад мөнгийг нь аваад явчихсан юм гэсэн. Түүнээс хойш энэ хавийнхан тиймэрхүү хүүхдийг үзэхээ байсан.

Тэгэхээр нь хөгшин бид хоёр манай Баяраа арай ч тэгэхгүй ээ гэдэг байлаа. Баяраа манайд ямар байсныг Төв аймгийн Эрдэнэ сумынхан бүгд мэднэ.

 



-Эрдэнэ сумын айлуудад “Манайд мал маллах гэж ирсэн хүүхэд. Нэрийг нь Баяраа гэдэг” гэж танилцуулсан юм биш үү?


-Анх авч очсон цагаас хойш Эрдэнэ сумынхан мэддэг. Хүүхэдгүй хоёр хөгшин хүртэл Баяраа шиг хүүхэд олоод өгөөч гэж бид хоёрт хэлдэг байсан. Бид хоёр хаанаас олох вэ дээ.

 



-Сэтгэл санааны хувьд хэр тайван хүүхэд байсан бэ?


-Их ууртай байдаг байсан. Уурандаа гурван бярууны толгой руу модоор цохиод унагачихаж байсан юм. Ганзориг тэгэхэд нь “Миний дүү тэгж болдоггүй юм. Тэгвэл чи малтай ч болохгүй, мал ч өсөхгүй” гэж хэлж л байсан. Хэдэн бог малыг өшгичөөд бөөрийг нь салгачих гээд байдаг байсан. Ер нь их ууртай хүүхэд шүү. Мал зодлоо гээд бид уурлаж, загнаж ч байгаагүй.

 



-Өглөөний дөрвөн цаг өнгөрөөж босоод л гэрийн ажил хийдэг байсан гэсэн үнэн үү?


-Юу гэж тэгж хар шөнөөр босгох вэ дээ. Үхэр, тугалын баас цэвэрлэдэг байсан нь үнэн. Өнгөрөгч зун хөгшинтэй хамт үнээ сааж сурсан. Манай зээ хүү хүртэл үнээ саагаад сурчихсан. Манай хөгшин “Энэ насанд хүрч байгаа байх. Чадал тэнхээгээрээ залуу хүн шиг байна” гэдэг байсан. Манай хүүхдүүд бие жижиг болохоор нь 15-16 настай л хүүхэд байх гэдэг юм. Тийм бага наснаасаа бүх зүйлээ нууж ирснийг нь бодоход айхтар санаа суусан хүүхэд байж. Хүн итгэтэл худлаа ярьдаг хүүхэд одоо юу ч гэж ярьж яваа юм бүү мэд.



Э.Энхболд, Л.Мөнхтөр, Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн