УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт сэжиглэгдэж сайн дураараа бүрэн эрхээсээ татгалзаад байгаа. Улмаар өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын 62 дугаар тогтоол гарсан.

Ингэхдээ 2015 онд Р.Бурмаа нарын санаачилж батлуулсан Сонгуулийн тухай хуулийг хэрэглэсэн байдаг. Уг тогтоолоор бол ирэх ням гарагт УИХ-ын Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болох товтой.

Гэвч Ерөнхийлөгч, УИХ, ИТХ-ын сонгуулийн хуулиудыг нэгтгэж гаргасан уг хуульд нөхөн сонгуулийн асуудлыг нарийн тусгаагүйгээс өнөөдөр нэлээд маргаантай байдал үүсээд байгаа юм. Учир нь, Сонгуулийн хуулиар төрийн албан хаагч сонгуульд өрсөлдөхийг хүслээ гэхэд тухайн оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажил, албан тушаалаа өгсөн байх хэрэгтэй болж байгаа аж. Гэтэл Хэнтийн нөхөн сонгуулийн товыг өнгөрсөн зургадугаар сард зарласан гэхээр төрийн албан хаагчид өрсөлдөх боломжгүй болчихсон хэрэг л дээ. Тиймээс иргэний сонгогдох эрхийг зөрчсөн тухай мэдээлэл Үндсэн хуулийн Цэцэд хүрч Цэц ч нөхөн сонгуулийг хойшлуулах тухай дүгнэлтээ гаргав. Үүнээс улбаалан өдгөө Төрийн ордонд АН-ынхан нь “МАН-ынхан Цэцэд нөлөөлж сонгууль хойшлууллаа” гэсэн хардлагаа тээж байхад МАН-ынхан “Р.Бурмаагийн хуулиас болоод сонгууль хойшиллоо” хэмээн маргалдаж байна.

Тухайлбал, уржигдар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Цэц эрх баригчдын талд шийдвэр гаргасан” хэмээн үг хаяхад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “2012 оны Сонгуулийн тухай хуулийг “Бурмаагийн хууль” гэж нэрлэдэг. АН эрх барьж байх үед Р.Бурмаа оруулж, батлуулсан шүү дээ. Би энэ хуулийг хэлэлцэж байхад эсэргүүцээд телевизэд ярилцлага өгч байлаа. Энэ үед л төрийн албан хаагчдын эрхэд хориг тогтоосон шүү. Би эзэнтэй юм ярьж байна. Гурван шатны сонгуулийг нэгтгэсэн нь туйлын буруу. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Би чин үнэнийг нь хэлье. Төрийн албан хаагчтай холбоотой заалт оруулсан нь өөрсдөдөө улс төрийн давуу байдал бий болгохын тулд хийсэн” хэмээн бухимдав.

Харин УИХ-ыг төлөөлж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралд хариуцагчаар очсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Өмнөх парламентын үед баталсан сонгуулийн хуулиа хэрэгжүүлсэн. Тиймээс тогтоол хууль зөрчөөгүй. Харин Сонгуулийн тухай хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн байгаа юм. Бид одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиа барьж, нөхөн сонгууль зарлаагүй бол өөрсдөө Үндсэн хууль зөрчих байсан. Цэцийн дүгнэлт гарснаас хойш Сонгуулийн тухай хуулийг судалж байгаа. Өнөөдрийн байдлаар УИХ-ын сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль гэсэн гурван төсөл анхны хувилбараараа бэлэн болж байна. Харин шинэ сонгуулийн хуулиа хүлээх үү, эс хүлээх үү гэдэг байна. Хэрвээ намрын чуулганаар шинэ хууль батлагдвал одоогийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй. Хэрвээ амжихгүй бол гишүүд санаачилж, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь нээлттэй” гэж байлаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах ёстой юм биш үү. Хэдийгээр УИХ-ын тогтоол хуулийн дагуу гарсан ч иргэдийн эрх хоёр хуулийн завсар зөрчигдөөд байна. Хоёрдугаарт, төрийн албан хаагчийг зургаан сарын өмнөөс ажлаа өгөхийг хугацааг нь багасгаж, гурван сар болговол яасан юм бэ” гэсэн санал гаргаж байв.

Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн Байнгын хороодын шийдвэрийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүйгээ мэдэгдээд байгаа. Хэрэв УИХ хүлээж авахгүй бол Цэцийн их суудлын хуралдаан болно. Цэцийн практикаас харахад дунд суудлын хуралдааныхаа дүгнэлтийг өөрчилсөн тохиолдол тун ховор. Хэрвээ УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэдэг шийдвэр гаргаад түүнийг нь Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар зөвшөөрсөн ч сонгууль хойшилдогоороо хойшилно. Учир нь Р.Бурмаа нарын санаачилсан Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийг заавал зургадугаар сарын сүүлч эсвэл аравдугаар сарын эхэнд хийхээр хуульчилсан. УИХ-ын шийдвэр өнөөдөр гарсан ч Цэц их суудлын хуралдаанаа хамгийн хурдандаа л ирэх долоо хоногт зарлана гэсэн үг. Ямар ч тохиолдолд УИХ-ын Хэнтийн 42 дугаар тойргийн иргэд нэг жилийн хугацаанд хууль тогтоох дээд байгууллагад төлөөлөлгүй байх нь тодорхой. Ийнхүү иргэн Р.Бурмаа УИХ-ын танхимд эргэн дурсагдаж байна. Гэхдээ хуулийн өөрчлөлтийг олон талаас нь бодож, нухацтай хийхгүй бол бүр бүтэн тойргийн иргэд төрдөө төлөөлөлгүй болдог тухай жишээ болон яригдаж байгаа юм.

Үндэсний шуудан сонин