Жүжигчин Т.Бархүүгийн гэрээр айлчилсан тэмдэглэл
2018/10/10
Сүүлийн үед Х Түц продакшн дэлгэцийн уран бүтээл дээр нэлээд түлхүү ажиллах болсон. Тэдгээр бүтээлүүдийн гол дүрүүдэд тоглосон хосын гэрээр айлчлах нэгэн завшаан надад тохиосон юм. Т.Бархүүгийнх гэдэг айлын үүдээр ороход классик загварын цагаан тавилга гэр гэрэлтүүлэн угтлаа. Харин үүдээ нээж зочноо хүндэтгэлтэйгээр урин залсан өрхийн тэргүүн гал тогооны өрөөндөө гал, тогоо, халбага нийлүүлэн зогсов. Тэрээр гэртээ ганцаараа байгаа хэмээн даажигнаж байсныг эхэндээ би мэдээгүй юм. Дөнгөж тухлан сууж байтал Сууний дэргэд гүйж ирээд, түүний араас Гүнжүүлээ ч гараад ирлээ. Удалгүй жүжигчин И.Одончимэг өрөөнөөсөө гарч ирээд надад цай барив. Өмнө нь дэлгэцийн цаанаас, эсвэл тайзан дээр л бараадан хардаг байсан мундаг жүжигчдийн гэрт ингээд цай, хоол болоод суух нь мэдээж надад үнэхээр таатай байлаа. Ганцаараа байгаа гэж хэлсэн Т.Бархүүгийн хошигнол сюрприз байжээ.
Нүдээр харж, дүрслэлээр мэдэрсэн зүйл хэзээ ч мартагдахааргүй үлддэг. Кино, жүжгийн ямар ч лекцтэй дүйцэхгүй үнэт чанар нь тэнд оршдог юм.
Т.Бархүү, И.Одончимэг нарын хамгийн сүүлд гаргасан уран бүтээл бол “Алтан өндөг” УСК гэж хүмүүс андуурдаг юм билээ. Би ч тэгж бодож байлаа. Харин “Алтан өндөг” нь гурван жилийн өмнө мэндэлсэн боловч Өвөрмонголд 90 хувь нь бүтсэн учраас тус орны албан ёсны зөвшөөрөл хүлээгдсээр одоо л олны хүртээл болж буй нь энэ аж. Өмнө нь мэдсэн хүмүүст бол урт удаан хугацааны хүлээлт үүссэн нь лавтай. Жүжигчин И.Одончимэг “Миний хамгийн сүүлд хийсэн уран бүтээл бол “Солиот эх” юм шүү дээ” гэж тодотгон тайлбарлав.
“Солиот эх” киноны амжилтын мэдээг хэвлэлүүд цаг тухай бүрт нь хүргэж байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Тус кино нь “Чин дао”-гийн олон улсын кино наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацийн шагналыг хүртээд ирсэн. Одоо “Солиот эх” Вьетнам, Эстони зэрэг хэд хэдэн улс оронд уригдаад байгаа юм байна. Тухайлбал, Эстонийн кино фестиваль нь “А” зэрэглэлд багтдаг гээд бодохоор энэ уран бүтээл Монголын кино урлагийг олон улсад таниулах бас нэгэн үүд хаалгыг нээж өгч буй чанартай бүтээл болсныг илтгэнэ. Зарим улс орны хувьд төрөөс нь киногоо дэмжээд томоохон фестивалиудад оролцуулдаг байна. Харин манай киночид өөрсдийн хүчээр л өөдөө тэмүүлж явааг урлагийн гэр бүл онцолж байсан юм.
Ингээд И.Одончимэг жүжигчин бид хоёрын яриа “Алтан өндөг” инээдмийн кино хэрхэн мэндэлсэн тухай сонирхолтой түүхээр үргэлжиллээ.
-“Алтан өндөг” кино бүтсэн түүхээс сонирхуулаач
-Би ер нь настай хүмүүстэй их ярилцдаг юм, кинонд их хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Тэгээд яагаад ийм кино хийх болсон бэ гэхээр нэг эмээгийн ярианаас үүдсэн юм. Тэр эмээ ярихдаа “Үнэтэй эд хогшил, ээмэг зүүлт ямар ч үнэ цэнэгүй юм байна, амьдралын үнэ цэнэ өөр юм байна. Үүнийг залуу байхдаа л бодож, үнэ цэнэ гэдэг зүйлийг арай эрт ухаарах ёстой юм байна. Ямар ч үнэ цэнэгүй юмны хойноос үхэн хатан гүйдэг юм байна.” гэж байсан юм. Ингээд би үнэ цэнийн тухай, хүн яах гэж, юуны төлөө амьдраад байгаа юм бэ гэдгээ нэг бодох ёстой юм байна гэдэг тухай хөнгөн жанрын уран бүтээл хийе гэж бодож хийсэн юм.
Нүдээр харж, дүрслэлээр мэдэрсэн зүйл хэзээ ч мартагдахааргүй үлддэг. Кино, жүжгийн ямар ч лекцтэй дүйцэхгүй үнэт чанар нь тэнд оршдог юм.
Кино зохиолыг Бараа бид хоёр бичсэн. Алтан өндөг бол амьдралд байхгүй зүйл шүү дээ. Гэхдээ зохиолыг нь уншихаар яг амьдралд байгаа юм шиг сонирхолтой. Киноны 90 хувь нь Хөх хотод, 10 хувь нь Монголд хийгдсэн. Уг нь бүх зураг авалтаа тэнд хийнэ гэж байсан юм. Гэтэл зохиол дээрх цагаан тахиа олдоогүй. Дандаа бор тахиатай фермүүд байдаг юм байна. Олдохгүй байхаар нь гүүглээс хайгаад үзтэл манай Монголын “Баян өндөг” гараад ирсэн. Баянчандманийн “Баян өндөг” чинь Азидаа томд ордог юм байна. Одоо сая тахиатай болох гэж байгаа гэсэн. Тахианы фирмд хүн оруулдаггүй юм байна. Тахиа гэдэг чинь их эмзэг, амархан өвчин авдаг, өвчлөх юм бол амархан халдварлаж, амархан үхдэг амьтан гэнэ. Тэгээд удирдлагууд нь хуралдаж, хэлэлцээд зөвшөөрч, Бараа бүтэн ариутгалд орж байж зургаа авсан даа.
-Өнгөрсөн долоо хоногт “Алтан өндөг” киноны нээлтээ Дархан, Сэлэнгэд хийгээд ирсэн гэсэн. Бусад орон нутгийн үзэгчид бас хүлээлттэй сууж байгаа болов уу. Өөр аль нутгийнхандаа “Алтан өндөг”-өөр бэлэг барих вэ?
-Бид киногоо одоо Төв аймгийнхандаа хүргэхээр бэлдээд байна. Энэ долоо хоногт нээлтээ хийнэ. Ер нь боломж нь болвол аль болох 21 аймгийн үзэгчдэдээ уран бүтээлээ хүргэх юм сан гэж бодож, хичээх юм даа. Үнэндээ бол уран бүтээлч бид чинь хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдралтай хүмүүс. Хошин урлагийн тоглолт гэхэд л бензин тос, тэр олон хүний буудал, хоол хүнс гээд зардал маш их гардаг. Кино бол бүр хэцүү. Олон кино шатаж байна. Хийсэн зардлынхаа 1 хувийг ч олохгүй кино байна. Тийм учраас орлого, ашиггүй байгаа кинонууд яаж дахин зардал гаргаж орон нутгийг зорьж чадах вэ дээ. Аппиш, анонс гэхэд л хэдэн сая төгрөг болно. Манай киноныхон бол ёстой бор зүрхээрээ л явж байна.
-Ер нь явж очиж зардал гаргасанаас интернэтэд байршуулж болохгүй юу. Заримдаа шинэхэн бүтээлүүд тавигдсан байдаг. Уг нь энэ оюуны өмчийн хулгай гэдэг ч зохицуулах боломжгүй зүйл дээр зардал гаргах шаардлага байна уу?
-Уг нь киноны хувьд уран бүтээлчид нь өөрсдөө очоод уулзвал үзэгчид илүү хүлээж авдаг юм билээ. Үзэгчидтэйгээ уулзаж, сэтгэгдлийг нь сонсож, хамт зургаа авахуулах чинь бидний бас нэг аз жаргалтай цаг мөч байдаг юм шүү дээ. Тэгэхээр үзэгчдээ ч гэсэн хүндэтгэх үүднээс орон нутгийг зорих нь зөв. Харин хамгийн аюултай нь маш их зардлаар бүтсэн кино, IPTV-гийн бүтээлийг нь хүмүүс хулгайлаад цацчихдаг. Би үүнийг их гайхдаг. Ард түмэн урлагийнхныгаа сайн ойлгох хэрэгтэй. “Байтаг богд” алдагдахад бид нар бүр өмнөөс нь гол харлаж байлаа. Хэдэн зуун саяар хийсэн бүтээл шүү дээ.
Хүмүүс уран бүтээлчдийг буруу ойлгодог гэдгийг ганц комментоос л харж болно. “Одоо болоо шдээ та нар. Зөндөө л гаргалаа, яасан ханаж цаддаггүй юм бэ” гэх юм. Ойлголт мөн ч их хол байна даа.
Кадр болгон дээр гарч байгаа бүх зүйлд, ганц аяганд хүртэл мөнгө төлдөг гэдгийг тэд ойлгохгүй байна. Тэнд ажиллаж, хуруу хөдөлгөж байгаа хүн бүрийг үнэлж, тэдний бүх хоол унд, унаанд гэх мэтээр урсгал зардал ямар их гардаг гээч. Тэр зардлаа буцааж олж авч чаддаггүй. Ёстой гарын таван хуруунд багтах тооны бүтээл нь эргүүлж олж байвал их юм.
-IPTV-д уран бүтээлээ байршууллаа гэхээр та нарыг их шуналтай болж гэж ярьдаг хэсэг хүмүүс байдгийг мэдэх байлгүй. Тэр хүмүүст юу гэж хэлэхийг хүсдэг вэ?
-Шуналтай байна гэж ойлгож байгаа хүмүүс бол дэндүү хоцрогдож байна гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй. Жишээ нь, бид талхчин юм уу гуталчныг “Чи одоо болоо шдээ, хэчнээн их мөнгө олдог юм бэ” гээд ажлын байрыг бүгдийг нь буулгаж хаявал юу болох уу? Яг үүн шиг уран бүтээл хийгээд байгаа хүмүүсийн амьдрал нь кино, жүжиг, IPTV бүтээл, хошин тоглолтууд байхгүй юу. Биднийг бөөн мөнгө олоод байна гэж бодоод байдаг, гэтэл зардлаа яаж нөхөх гэж дэрчийж байгааг мэддэггүй. Тиймээс бүтээлээ мануулахын тулд их зардал гаргаж байна. Үүнийг кинотеатр хариуцдаггүй юм. Энэ талаар дан ганц бид яриад бүтэхгүй байх. Яам төрөөс бодлогоор л зохицуулах ёстой. Одоо нэг хууль батлах гээд байгаа, тэрийг л хүлээгээд байна. Түүнээс биш одоо бол хэдхэн төгрөгийн торгууль тавиад л өнгөрдөг. Оюуны өмчийн газар ажлаа хийгээд ч дийлэхгүй байна.
Хэрэв баярын өдрөөр бид нараас үнэгүй бүтээл хүлээж байгаа бол бидэнд ч мөн баяраар үнэгүй хоол хүнс, үнэгүй хувцас хунар өг л дөө.
Үүнтэй л адил юм. Бид авъяасаараа л мөнгө олж, амьдралаа залгуулж яваа хүмүүс. Урлагийг үнэгүй олгох ёстой гэдэг ойлголт бол буруу. Харин ч бид 10 гаруй жил үнэгүй бэлэг барьсан. Тэр тухай огт бодохгүй байна. Бүгдийг үнэгүй өгдөг коммунист сэтгэлгээнээсээ салж чадахгүй л байгаа юм.
-Сүүлийн үед зарим ухамсартай хүмүүс хулгайн бүтээлийг үзээд, уран бүтээлч рүү нь утасдаж мөнгө шилжүүлдэг болсон. Та нарт ийм явдал тохиолдож байсан уу?
-Би энэ талаар уншиж байсан. Ямар сайндаа “хүүе ээ, ямар хүн байнаа? Тэр хүнийг алдаршуулан мандуулах юм сан” гээд шоконд орж байлаа шд. /инээв/
Сууний: Би жүжигчин, эмч, бассейны багш болно
Ийнхүү бидний яриа халуун өрнөж байх зуур Сундари /Сууний/, Гүнж /Гүнжүүлээ/ хоёр хүрч ирэв. Суунийг танихгүй хүн ховор биз ээ. Хоёр хүүхдээ 5 настайд нь сургуульд оруулсан нь эртэдсэн гэж бодож байгаагаа аав ээж нь ярьж байлаа. Энэ талаар Одоноо эгч “Би сургуульд байхдаа бодож байсан зүйл одоо улам баталгаажаад байна. Манай сургалтын программ хүүхдийг хэтэрхий ачаалалд оруулж, залхаадаг. Зургадугаар ангид үзэж байсан газарзүйн хичээлээс юу үлдэв? Түүний оронд хүн чанарын талаар, хэрхэн зөв хүн болох тухай, харилцаа, хайр, хүндэтгэлийн тухай заах нь илүү үлдэцтэй юм байна.” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
Сууний, Гүнжүүлээ хоёр нэг ангид сурч байсан гэдгээр нь хүмүүс мэддэг. Харин одоо Сууний өөр сургууль руу шилжжээ. Тэд дуртай хичээлийнхээ тухай, том болоод ямар мэргэжилтэй хүн болох тухайгаа ярьж өглөө. Жүжигчин Одоноо том охиноо анх жүжигчин болгохгүй гэж зүтгэдэг байсан бол одоо бага охин нь жүжигчний мэргэжлийг сонирхох болжээ. Олон нийтийн сүлжээгээр ч жүжиглэх авъяасаа харуулсаар, хэдийнэ танил болсон шүү дээ. Жүжигчний хажуугаар эмч, багш болохыг хүсдэг гэнэ.
Ийн ярилцах зуур гэрийн эзний карритай хоол ч бэлэн болж, жүжигчин гэр бүлтэй нэг ширээний ард сууж хооллох нь бас л таатай сайхан байсан шүү. Том охин нь болох З.Номундарь ч ирлээ. Залуу жүжигчин бүсгүй биднийг ярилцлага хийж сууна гэхэд гайхаж, ихэд энгийн харагдаж байгааг хэлэв. Карритай хоолыг тэдний гэрийнхнээс Номундарь нь хамгийн сайн хийдэг аж. Жүжигчдийн хүүхдүүд хоорондоо их дотно байдаг болов уу? гэж сонирхоход “Багаасаа ойр өссөн нэгэнтэйгээ дотно, ер нь бие биесээ мэднээ.” гэв. “Тагнуулч аав” кинонд жүжигчдийн хүүхдүүд хамтран тоглосон байдаг болохоор энэ талаар онцлон асуусан минь энэ.
Хуучин бол драмын театр, хүүхэд залуучуудын театр гэж байхад театр театраараа нийлдэг байсан бол одоо ганц театртай, тэнд нь залуу уран бүтээлчид туршлагажиж, улмаар учраа олоод ирэхийн цагт чөлөөт уран бүтээлч болж гардаг болсон тухай Одоноо эгч тайлбарлаж өгөв. Тэгэхээр чөлөөт уран бүтээлч гэдэг салбар гарч ирээд, хуучин шигээ бөөгнөрдөг, нийлдэг байдал өөрчлөгдсөн ажээ.
Би ер нь том мюзикл хийх хүсэл мөрөөдөлтэй
Яриагаа жүжигчин Т.Бархүүтэй үргэлжлүүллээ. Түүнийг жүжигчний замд хөл тавьсан түүх, одоо хийж байгаа уран бүтээл гээд сонирхолтой сэдвээр бид хуучилсан юм.
-Дуучин болох гэж явсан Бараа гэнэт жүжигчин болсон гэдэг. Яг юу болсон юм бэ?
-2000 оны сонгуулиар одоогийн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа манай Нюанс хамтлагийг МАХН-ын сурталчилгаанд орон нутгаар явуулж байсан юм. Түүнээс өмнө 1998 онд Говь гээд эдийн засгийн дээд сургуульд дуртай дургүй сурч байгаад жил ч бололгүй гарсан. Тэгээд 2000 оны сурталчилгаа дууссаны дараа яах вэ гэж бодож байгаад ерөөсөө сонирхолоо дагаад урлагийн хүн болъё гэж шийдээд СУИС-ийг зорьсон. СУИС-ийн 2 давхарт дуулаачийн тэнхим, 1 давхарт жүжиглэх урлагийн тэнхим байдаг. Гэтэл жүжиглэх урлагийн тэнхим нүдэнд харагдаад чигээрээ ороод л бүртгүүлсэн чинь нөгөөдөр шалгалттай болж таарсан. Шалгалт нь юу юм бэ гээд нэг хүүхдээс асуусан чинь намайг юу ч бэлдээгүй байгаад гайхаж байсан юм. Уг нь сар бэлдэцгээдэг юм байна. Би гурван өдрийн шалгалтанд 24 цагийн дотор л бэлдэж орсоор байгаад тэнцэж байлаа. Иймэрхүү замналаар жүжигчин мэргэжилтэй болсон доо.
-“Яг түүн шиг” шоунаас харахад дуучид хүртэл Бархүүг барахгүй хоцорсон шүү дээ. Дуулах дуртай юм чинь Сөрөлт шиг дууны урлагт орох уу?
-Би ер нь том мюзикл хийх хүсэл мөрөөдөлтэй. Одоо нэг зүйл дээр жоохон харамсдаг юм. Намайг жүжигчний сургуульд сурч байхад манай дууны багш, дуучин Мягмарсүрэн “чи дуулаачийн ангид давхар яваад хоёр дипломтой төгсчихөөч” гэж байхад нь чихнийхээ хажуугаар өнгөрөөчихсөн юм. Жоохон хичээгээд, цаг гаргасан бол боломж байсан. Харин “Яг түүн шиг” шоунд оролцоход хань, найз нөхөд, хамт олноос эхлээд эргэн тойрныхон маань их нөлөөлсөн. Хүн чинь бас өөрийгөө чамладаг юм байна. Одоо бол хэд хэдэн дуу хийж байгаа. Наранзун ахтай хоёр ч дууны ард гараад байна. Нэг нь “Алтан өндөг” киноны дуу, нөгөөх нь манай гэр бүлийн дуулсан “Жаргалтай гэр бүл” гэдэг дуу. Бас нэг уран бүтээл бол Т.Ариунаа эгчийн 7 дахь цомог болох “Тэнгэр шиг бай” цомогт орж байгаа, Т.Ариунаа эгчтэй хамтарч дуулсан “Чамдаа уусна” гэж дуу бий.
-Шоунаас шагнуулсан 20 сая төгрөгөө нууц биш бол юунд зарцуулсан бэ?
-Шагналын мөнгөнийхөө тодорхой хувийг өөртөө зарцуулаад, тодорхой хувиас нь мэдэгдсэн, мэдэгдээгүй тусламж хандив, сайн үйлсийн аянд өгсөн.
-Х ТҮЦ-ээр өөр сонин юутай байна. Яг одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Бид сая “Базарваань” гэдэг уран бүтээлийнхээ зураг авалтыг хийлээ. Энэ бол IPTV-д зориулагдсан бүтээл.
-“Худалч залуу” киног өөрийн гэртээ хийсэн гэсэн?
-Тийм. Өнөр хорооллын тэр гэрийн маань зохион байгуулалт их таалагддаг юм. Тэр кинонд ч яг тохирсон байсан.
Дорнын зохиолоор тавьсан жүжгийг монголчууд маш сайн хүлээж авдаг юм
Тэд одоо Өнөр хорооллоос нүүгээд өөр бас нэг хорооллын дөрвөн өрөө байранд амьдарч байна. Сониуч зандаа хөтлөгдсөн гэртэй нь танилцахыг хүсэхэд Одоноо эгч уриалгахан хүлээн авч надад өрөөнүүдээ танилцуулсан юм. Энэ хооронд бид уран бүтээлийн яриагаа үргэлжлүүлсээр.
-Х ТҮЦ хятадын зохиолоор жүжиг, кино хийдэг. Яагаад заавал хятадын бүтээлийг сонгодог юм бэ?
-Энэ ийм учиртай юм. Сонгодог гэхээр манайхан 1700, 1800-гаад оны европын зохиолуудыг л ойлгож, тэрийгээ л малтаад байдаг. Аргагүй сайхан жүжгүүд. Тэрийгээ хэд дахин тавина. Бичиг үсэг, ном зохиол дорно дахинд л үүссэн шүү дээ. Ийм эртний сурвалж, соёлтой дорно дахины ард түмний сонгодогуудыг тавьж болохгүй гэж. Ингээд Х ТҮЦ эртний болон орчин үеийн дорнын сонгодогуудаас судалж үзсэн. Энэтхэг, Япон, Солонгосоос хайлаа. Гэтэл яалт ч үгүй гялтайдаг юм байна. Цао Ю-гийн “Аянгын бороо”-г сонгосон. Аянгын бороо нь Хятадын оргил 8 бүтээлүүдийн нэг, 12 орноор тоглогдсон байдаг юм. Бид ч энэ жүжгийг тавихад үзэгчид маш сайн хүлээж авсан. Олон ч шүүмж гарсан, олны анхааралд өртсөн. Дараа нь хоёр дахь жүжгээ тавья гээд 4 жил хайсан. Гэтэл Японы нэг зохиолыг сонгоод байтал Найдандорж найруулагч Драмын театрт тавьчихсан юм. Тэгээд “Шюй ко бүсгүй” зохиолыг сонгож, “Сэрүүн хасын нууц” нэртэй жүжгийг тавьсан. Энэ хоёр жүжгийг үзсэн үзэгчид алга ташиж зогсоод гардаггүй байлаа. Дорнын зохиолоор тавьсан жүжгийг монголчууд маш сайн хүлээж авдаг юм.
Х ТҮЦ эртний болон орчин үеийн дорнын сонгодогуудаас судалж үзсэн. Энэтхэг, Япон, Солонгосоос хайлаа. Гэтэл яалт ч үгүй гялтайдаг юм байна.
“Солиот эх” кино ч монголчуудыг байлдан дагуулж чадсан. Гэхдээ Монгол ээж байсан бол ийм байхгүй байсан гээд шүүмжлэлүүд их явсан л даа. Монгол эр хүн ингэхгүй байсан гэнэ. Би бодохдоо манайхан дэндүү туйлшрамтгай юм даа гэж бодсон. Тийм хүмүүст хариу болгож зарим зүйлийг хэлмээр санагддаг юм. Тэр 13 настай охиныг Монгол хоёр залуу яасан билээ. Тэд хятад хүмүүс байгаагүй. Өөрийн төрсөн охиноо яасан хүн Монгол эрэгтэй хүн байсан. Тэгэхээр бид нар дунд ямар хүмүүс байгаа билээ гэдгээ харах ёстой. Хөгийн вьетнамууд гэж бас ярьж байна, төлгүүд гээд л. Бидний муулаад байгаа тэр хүмүүс чинь бид нараас илүү улс орноо авч яваад байна шүү дээ. Тэд 80 саяулаа. Харин бид гуравхан саяулаа. Бид яаж амьдарч байна, хүнийг хүн ёсоор хүндлэх ухамсар хэр байгаа билээ. Тийм байж Монгол хүн л бол хүн, бусад нь хүн биш юм шиг ханддаг. Үүнийг ойлгодоггүй. Ямар цамаан, их зантай, хэрүүлч болчихсон юм бэ дээ.
-Аливаа улс орны хөгжлийг урлагийн түвшингээр нь харж болно гэж ярьдаг. Тэр утгаараа хошин урлаг хөгжсөн улсын хөгжил тэр хэрээр дорой байдаг гэсэн ойлголт явдаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Энэ бол эртний ойлголт. 1700, 1800-гаад оны үед хошин урлаг үүсч, хааны ордны хажууд хүн инээлгэдэг байх үеэс үүсэлтэй. Тэр үед гудамжинд хаан, язгууртнаа шүүмжилдэг хэсмэл жүжигчид байлаа. Харц ардууд нь шоолж тайвширдаг. Хошин урлаг их олон үүрэгтэй. Тэрийг нь мэддэг учраас үүнийг ихэс дээдсүүд нь болиулдаггүй, “бид нарыг шүүмжилж л байг, ард түмэн шоолж тайвшраг” гэдэг байж. Бас ард олны стрессийг тайлдаг юм. Ингэж явсаар байгаад социализмын үед хошин урлаг хаагдсан. Дарга түшмэд өөрсдийгөө шүүмжлүүлэхгүй гээд хорьсон. Матар, Тоншуул гэдэг сонинд гарна гэдэг бол ертөнцийн булай болно гэсэн сэтгэлгээ байлаа. Харин 1991 оноос хойш хошин урлагийн шинэ давалгаа орж ирсэн. Одоо бол хошин урлаг шинэ шатанд гарсан.
Хошин урлагаар хүн зүгээр л стрессээ тайлдаг, аз жаргалын гармони ялгаруулдаг, биеэ эмчлэх гэдэг болсон.
Хүн үнэн сэтгэлээсээ инээхэд элгэнд ямар ажиллагаа явагддаг гэдгийг эмч нар батлаад, Францад инээдээр эмчилдэг эмнэлэг байгуулагдаад, инээдэм гэдэг чинь хүний биеийн эрүүл мэндийн ач холбогдолтой юм гэдэг талаас нь хардаг болсон.
Эмнэлгүүд хошин урлагийнхантай гэрээ байгуулж өвчтөнүүдэд зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Гэтэл манайхан инээдмийн тоглолтыг тэнэгүүд үздэг гэхчлэн ярьж байгаа нь хоцрогдсон хүмүүсийн ойлголт.
-Та бол урлагийн арвин туршлагатай жүжигчин хүн. Шоу үзүүлбэр хийдэг хамтлагийнхны нэгэн төлөөлөл гэдэг утгаараа манайд зохион байгуулагдаж байгаа шоуг үзэгчдийн суудлаас хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ. Мэдээж шоуны төрөл өөр ч гэлээ танд “ингээд хийвэл” гээд хэлмээр санагддаг зүйл байдаг уу?
-Зарим шоуг шүүж байгаа шүүгчид аль эрт олон нийт үзсэн, сонссон, гайхуулаад өнгөрчихсөн тэр зүйлийг манайхан муу, арай ядан хийж байгааг хараад гайхашран биширч байгааг үнэндээ гайхдаг юм. Шоу шүүх гэж байгаа бол судалгаа сайтай байх хэрэгтэй. Шоу гэдэг бол маш олон төрлийн жанр, үзэгдэлтэй байх ёстой. Бүгдийг нь мэдэхгүй ч гэлээ мэдэж болох хэмжээгээрээ үзэж судлах ёстой. Миний хувьд хаашаа ч явсан тухайн улс оронд гарч байгаа шинэ, сонин, содон шоу, тоглолтоос заавал үзэхийг хичээдэг. Дэлхийд урлагийн тухайн төрлөөр ямар тэсрэлт гарч ирж байна гэдгийг сонирхохыг боддог.
Энэ далимд бас нэг сонирхолтой зүйлийг өгүүлье гэж бодлоо. Х ТҮЦ продакшныг шүүмжилдэг, муулдаг гэх Монголын нэлээд нэртэй нэгэн эрхэм /нэрийг нууцлав/ жүжигчин И.Одончимэгийн хамт оюутнуудын тоглолтыг шүүх болж. Гэтэл оюутнууд Х ТҮЦ хамтлагийн хэдэн жилийн өмнө тайзнаа тоглож байсан номерыг 100 хувь хуулаад тоглож байна гэнэ. Харин хамтран шүүгч нь тухайн оюутнуудыг дуу алдан биширч “ингэж сэтгэх гэж” бахархан байсанд жүжигчин хатагтай маш их гайхсан гэдэг.
Ингээд жүжигчин гэр бүлийн цомогт бас нэгэн дурсамжийн зургийг үлдээлээ. Зураг дарах үед дэггүй Сууний янз бүрийн царайны хувирлыг үзүүлж, бид багагүй хөгжилдөв. Харин Гүнжүүлээ арай даруухан юм билээ.
Жүжигчин гэр бүл бас ч үгүй мундаг спортлог, тэр дундаа сагс тоглох дуртай аж. Өрхийн тэргүүн Бараа багаасаа ширээний теннис тоглож өсчээ. Тэд хөзөрт ч чамгүй сайн, гэхдээ булхайцах үнэхээр дургүй гэсэн.
Ингээд зочин миний явах цаг ч болж, яг энэ үед хаалганы хонх дуугарч уран бүтээлийн хамтрагчид нь орж ирж таарлаа. Харин би дахин уулзахын ерөөл тавин гарч явлаа.
Эх сурвалж: undesten.mn
Сэтгүүлч Я.Хулан
irgen · 2018/10/11
SAIHAN AMIDRAH. GEDEG BOL ZOW SETGEL. UHAANIIH YMDAA. AMJILT SAIHAN HOSDOO
ard · 2018/10/11
Saihan hos vlger duurailal bolson nundag awiyastai saihan get bvldee amjilt. Ard tvmenii dund vlger jishee hosiig aldarshuuldag baih heregtrei my duurailal bolson. BOLD Mongontsetseg nariig. Bicheed daishaagaad baih shaardlaggvi
ard · 2018/10/11
Amjilt saihsn vkger duurailalgvi bolson hos shvv.
ard · 2018/10/11
Amjilt saihsn vkger duurailalgvi bolson hos shvv.