Цагдаагийн алба хаагчдын албан үүрэг гүйцэтгэж байгаа болон ажлын онцлог, Улаанбаатар цагдаагийн хүрээний машинт эргүүлийн автомашины 25 хувийн шатахууны нэмэгдэл шатахуун, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцасны хангалт, дүрэмт хувцасны дэлгүүрийн үйлчилгээ, хоногийн нөхцөл байдлын талаар болон Цагдаагийн Ерөнхий газраас хэрэгжүүлж буй тусгай хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн хангалтыг газар дээр нь танилцуулж, олон нийтэд хүргэхээр өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг хамруулан Шөнийн сурвалжлага ээлжит арга хэмжээг зохион байгуулав.  

Уг арга хэмжээний хүрээнд нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байгаа машинт эргүүлийн автомашин болон эрүүлжүүлэх байрны тохижилт, өөрчлөлт, ачаалал, замын цагдаагийн хяналтын постын ачаалал, алба хаагчдын үүрэг хариуцлага зэрэг олон асуудлыг хөндөж байсан юм.  2018 оны есөн сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 20.525  гэмт хэрэг бүртгэгдсэнээс 38.8 хувийг хулгайлах, 22.3 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 16.9 хувийг залиллах, 5.7 хувийг дээрэмдэх, 0.4 хувийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг тус тус эзэлж байна. Гарсан гэмт хэргийн 29 хувь нь 22.00-06.00 цагт буюу шөнийн цагаар үйлдэгдсэн байна.

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн,  “Монгол Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар  145.475 гомдол мэдээлэл бүртгэгдсэний 79.910 буюу 54.9 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.  Нийслэлийн цагдаагийн газраас Улаанбаатар хотын гудамж, талбай, олон нийтийн газар согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Эмзэг цэг” эрүүл хяналтын шалгалтын арга хэмжээг нэг жилийн хугацаатай зохион байгуулан ажиллаж байгаа юм байна. Энэ ажлын хүрээнд 3144 зөрчил илрүүлэн, 249 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. 2018 оны эхний 9 сарын байдлаар нийт 28 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлж, шийдвэрлүүлэн ажиллаад байна” хэмээн өгүүлсэн.

Монголын цагдаагийн байгууллагад ашиглагдаж байгаа  автомашины 69 хувь нь БНСУ, 11 хувь нь ОХУ, 8 хувь нь БНХАУ, 10 хувь нь Япон, 2 хувь нь Герман, 0.2 хувь нь Чех улсад үйлдвэрлэгдсэн байдаг юм байна. Цагдаагийн албаны үйлчилгээнд суудлын автомашин, том болон дунд оврын автобус, ачааны машин, тусгай зориулалтын автомашин, жийп машин, микроавтобус, мотоцикл, тусгай зориулалтын чиргүүл гэсэн 9 төрлийн техникийн хэрэгслээр үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар ашиглагдаж байгаа нийт машинуудын 37 хувь нь 5 хүртэл жил, 45 хувь нь  6-10 жил, 12 хувь нь 11-15 жил, 6 хувь нь 16-аас дээш жил ашиглагдсан байдаг аж.  

Цагдаагийн Ерөнхий газраас улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ биелүүлэхэд албаны болон тусгай зориулалтын автомашинаар хангах ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хангалттай төвшинд хийж гүйцэтгэдэг. Гэхдээ сайны хажуугаар саар гэдэг шиг цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй эргүүлийн автомашинууд парк шинэчлэлд бүрэн орох шаардлага нэгэнт үүсээд буй юм. Иймээс Цагдаагийн ерөнхий газраас 2019 оны улсын төсөвт тусгахаар цагдаагийн байгууллагын эргүүл, хамгаалалтын чиглэлээр ажиллах автомашины парк шинэчлэл хийлгэх саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байгаа гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө онцолж байлаа.