Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг баривчиллаа
2018/10/16
2018 оны 10-р сарын 15-ны өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж, улмаар машинтай зугтах үйлдэл гаргаж цагдаагийн алба хаагчийг чирж унаган гэмтээн хэргийн газраас зугтаасан байна. Улмаар тээврийн хэрэгслээ орхин “Гүнт”-ын уул руу зугтаасан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл энэ хэргийг үйдсэн этгээдүүдийг 23:00 цагийн орчим Майхан толгойгоос дайчлан баривчилжээ. Тодруулбал, Цагдаагийн алба хаагчид 2018 оны 10 дугаар сарын 15-ны 22 цаг 30 минутад Т.Лундааг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгой орчмын төв зам дээрээс, Б.Энхбаярыг 23 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн зуслангийн төв замаас 200 орчим метрийн зайд байрлах айлын саравчинд бүгсэн байхыг нь олж тус тус баривчилсан байна.
Б.Энхбаяр гэгч нь их хэмжээний хохиролтой залилангийн хэрэг үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс, БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан аж.
Харин ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн боловч одоог хүртэл ухаан ороогүй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа ажээ.