Сурагчид өвлийн амралтаар хоёр сар амрах эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
2018/10/17
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийх ажлын талаар хэлэлцсэн байна.
Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтыг сунгаж арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 15-н хүртэл буюу өвлийн ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлж хоёр сар амраах тухай асуудал хөндөгдсөн байна.
Төлөвлөгөөт хуваариар бол хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралт нь:
Нийслэлийн сурагчид:
- I-V ангийн сурагчид 12-р сарын 22-ноос 1-р сарын 13-ныг дуустал 3 долоо хоног
- VI-XII ангийн сурагчид 12-р сарын 29-нөөс 1-р сарын 13-ныг дуустал 2 долоо хоног
Орон нутгийн сурагчид:
- I-V ангийн сурагчид 12-р сарын 29-нөөс 1-р сарын 13-ныг дуустал 2 долоо хоног
- VI-XII ангийн сурагчид 12-р сарын 29-нөөс 1-р сарын 06-ныг дуустал 1 долоо хоног байдаг билээ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү саналыг хэлэлцэхдээ хэрэв сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг сунгаж хоёр сар болгох бол нийслэл, орон нутгаар ялгах шаардлагатай тухай яригдсан байна. Учир нь орон нутаг дахь агаарын бохирдол, вирусын халдвар харьцангуй бага мөн орон нутгийн сурагчид хавар мал төллөлтийн үеэр ахиу амрах шаардлагыг харгалзах талаар яригдсан байна.