Монголчууд ухааны бүлээрээ “шанаадаад” авах байх шүү
2013/01/27
Газар өмчлөлийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх эсэх тухай асуудлаар нухацтай ярилцаж байна. Улс гүрэн бүр айл өрх хүртэл оршин тогтнож буйн гол үндэс бол газар.
Хэдэн зууны өмнө Хамаг Монгол улсыг байгуулсан Их Эзэн Чингис хаанаас өвлүүлэн үлдээсэн газрыг бид өнөөгийн хэмжээнд хүргэчихээд одоо хэрхэн өмчлөхөө ярилцаж суугаа билээ.
Гэтэл УИХ-ын чуулганаар тус хуулийг хэлэлцэх эсэх тухай ярилцахад Г.Баярсайхан хэмээх эрхэм хачин жигтэй жишээ авч ярив. Монгол иргэнд газрыг нь өмчлүүлэх тухай ярилцаж, асуултад хариулт шаардаж ахуйд Г.Баярсайхан “Миний бодлоор Монголд газар хангалттай байгаа гэж бодож байна. Бүр бүх монгол туургатнуудыг газар өмчил гээд урьсан ч гэсэн хүрэлцэхээр газар бий” гэж тун глобал, өгөөмөр зан гаргав.
Өөрийнх нь эзэмшдэг компанийн тухай ярьж байсан бол эрхэм гишүүнд ингэж өвөр монгол, шинжань, уйгар, эсвэл халимаг, тува хүмүүстэй түүнийгээ хуваалцахыг хүсч буйг нь ойлгохсон. Харин энд Монгол улсын оршин тогтнохын гол үндэс, амин судас болсон газрын тухай асуудал ярьж байхад эрхэм гишүүн харь улсын иргэдийн тухай ярьж, хадуурч өглөө.
Монгол улсын иргэд нь газраа авах гээд хулхидуулж, учраа мэдэхгүй гүйж явахад юун монгол туургатан бүхэн бэ?
Сумын төвөөс өгсүүлээд хотод алга дарам газар ч олдохгүй шахам байхад эрхэм гишүүний энэ их өгөөмөр зан нэг л өдөр хажуу хөршийн хаалгаар хятад шаахай цухуйхад хүргэхвий.
Хэдэн жилийн өмнө Японд газар хөдөлж, улмаар цунами болоход зарим монгол иргэд “Хөөрхийс дөө, тэд газаргүй, амьдрах аргагүй болж. Манайд ирж газар ав” хэмээн дэмийрч байсныг тодхон санаж байна.
Энэ бидний амьдарч, алхалж, алдалж буй газар бол зөвхөн бидний өмч биш. Энэ бол тэнгэрт хальсан өвгөдийн минь, залгаж амьдрах үр хойчийн минь өнө мөнхийн өмч. Тиймээс үүнийг өнөөдөр л идэж уухаар дайраад буй уул уурхай, алт эрдэнэсээсээ ч илүүтэйгээр үнэлж хайрлах ёстой. Огт эрдэнэсгүй ч гэсэн газар л бол газар.
Тэгээд ч элдвийн хүнд найр тавих дуртай, эргэцүүлж бодолгүй жишээ татах дуртай эрдэмтэй гэх хэрнээ эрдэмгүй яригч хүмүүсийн дураар шийдэж боломгүй.
Дахиад Монголын газар шорооноос туургатан гэх хүмүүстээ өгье гэх мэт үгс хэлбэл монголчууд ухааны бүлээрээ сайтар “шанаадаад” авах байх шүү. Дэмий жишээ татснаасаа болж “шанаадуулчихаад” газар тэрийн унахдаа Монгол улсынхаа газар ойчиж буйгаа ухаарч, түүнийгээ хайрлахыг ёстойг ойлгоно гэж найдья.
Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэдэг шүү!
Р.Гэгээ