Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл, МАН-ын С.Баяр, С.Батболд нарын фракц Үндсэн хуулийг өөрчлөх тухай тодорхой шийдэлд хүрээд буй тухай эх сурвалжууд өгүүлж байна.
Хэдийгээр жил хагасын өмнө Үндсэн хууль, улс төрийн намуудын тухай хууль зэргийг өөрчлөх, судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулан байгуулсан ч ямар нэгэн тодорхой мэдээлэл байхгүй байсаар өдий хүрсэн юм.


Тэгвэл эрх баригчид хэд хэдэн зарчмын шийдэлд хүрээд буйгаас дэлгэвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох, УИХ-ын гишүүнд өрсөлдөх насны доод хязгаарыг 30 болгох зэрэг гэнэ.


Энэ заалт нь утга учиргүй намчирхаж буй залуусын "солиорлыг" зогсоох ач холбогдолтой хэмээж буй ч нөгөө талаар өнөөгийн УИХ-ын гишүүдийн өөрсдийгөө хэдэн жил "торгоох" хувийн сонирхолтой ч холбоотой байж мэднэ.
Одоо УИХ-ын гишүүнд нэр дэвших насны доод хязгаар 25 нас байдаг бөгөөд С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар нь хамгийн залуудаа УИХ-д сонгогдож байсан юм.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх ард түмний санал асуулгаар юм уу УИХ-ын гишүүдийн 3/4--ийн дэмжлэгтэйгээр шийдэх учиртай.

П.Энхмандах