Улс төрд “унтаа” сайд нэг бус байна. Үүний нэг нь Байгаль орчин ногоон хөгжлийн сайд  С.Оюун.  Түүний талаар дурдахын өмнө улс төрд нэртэй, мөртэй явсан ахынх нь талаар дурдах хэрэг зайлшгүй гарна.

Учир нь С.Оюун бол цаг бусаар амиа алдсан С.Зориг ахынхаа халааг залгуулахаар улс төрд орж ирсэн нэгэн.  1998 онд төрийн төмөр хатагтай нарын тоог нэгээр нэмж парламентад орж ирсэн түүнийг тухайн үед “Юу ч мэдэхгүй хүүхэд” хэмээн голох улстөрч  цөөнгүй байлаа.  Харин одоо бол С.Оюун хатагтай арав гаруй жил парламентад суусан шаггүй улстөрч, төрийн сайд болсон. Түмнийг төлөөлж парламентад суугаагийнхаа хувьд улстөрчид хариуцлагатай байх ёстой. Тэдний амнаас гарсан үг хийтэй байх учиргүй. Гэтэл амьтад лугаа “ичээндээ орсон” сайд маань хамгийн сүүлд 2013 оны төгсгөлд яамныхаа хийсэн ажлыг тайлагнах үеэр ураны талаар хийтэй үг унагаснаас хойш таг чиг. " Уран олборлоход хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Яг л Японы Фүкүшима шиг болно гэж бодоод байх юм. Үнэндээ тийм биш шүү дээ” хэмээсэн нь С.Оюун сайд  “Ураны олборлолтыг дэмжсэн дэлхийн анхны ногоон үзэлтэн боллоо” гэх шүүмжлэлийг олон нийтийн дунд өрнүүлээд амжсан юм. Гэвч тэрбээр өнөөх л унтаа байдлаараа асуудалд хандаж, ураны олборлолтын талаар үүнээс хойш нэг ч үг унагаагүй байна. Төрийн тэргүүний оруулж ирсэн “Давхар дээл”-ний талаарх асуудал  гацаанд ороод буй энэ үед дээлээ нимгэлэх сайд нарын тоонд С.Оюун зүй ёсоор багтаж байна.  “Ногоон талбайн уралдаан цэвэр, шударга ил тод учраас бид хөл бөмбөгт дуртай” хэмээх өвөрмөц уриатайгаар УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдсөн тэрбээр  ногоон талбайгаа цэвэр байлгахыг тийм ч их хүсдэггүй бололтой ураны олборлолтыг лав хориглосонгүй. Хэдийгээр нэг хүний хувийн байр суурийг гуйвууллаа гэх нэгэн байх ч үнэн хэрэгтээ Ногоон хөгжлийн сайд, Ногоон намын дарга түүний амнаас ураны олборлолтын талаар гарах үг хамгийн чухал. Сайдын хэлсэн үг бол тухайн салбарын баримтлах бодлого л гэсэн үг.  Хэрвээ салбарын сайд нь хүлээн зөвшөөрч байгаа бол асуудал ногоон гэрлээр батлагдаж, манай улс ураны олборлолтыг нэгэнт хүлээн зөвшөөрөх цаг ирэхгүй гэхийн баталгаа алга. 

Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын албыг хашиж байгаа түүнийг байгаль орчныхоо эсрэг зүйл хийлээ гэх чимээ ч их дуулдах болсон.  “Рио тинто”-гийн тагнуул гэх нэрийг нэгэнт зүүсэн түүнийг нам байгуулж, өдгөө сайдын суудалд суухад нь хүртэл  “Рио тинто”-гийн оролцоо их, бага хэмжээгээр байсан гэх хардлага ч олон нийтийн дунд байдаг. Арга ч үгүй, улс төрд өөрийн гэсэн намтай бас ч үгүй давхар суудалтай байгаагийн цаана хөрөнгө мөнгөний асуудал зайлшгүй яригдаж таарна гэдэг юм билээ, учир мэдэх хүмүүс. Нэг үгээр бол ахынхаа нэрээр улс төрд орж ирсэн С.Оюун сайд “Рио тинто”-д ажиллаж байсныхаа хүчээр  УИХ-ын удаа дараагийн сонгуульд амжилттай оролцоод зогсохгүй сонгуулийн сурталчилгаагаа бусдаас өвөрмөцөөр бийлэгжүү хийсэн нь ч бий. Энэ  ч утгаараа өдгөө “давхар дээлтнүүдийн” тоог нэгээр нэмж яваа.  Түүнийг “унтаа” сайдын тоонд багтсаныг нь ч “давхар дээлтэй” холбон тайлбарлаж болох юм.  Нэг яам толгойлно, хажуугаар нь УИХ-ын гишүүнийхээ албыг хашна.  Нэг биед тэр дундаа эмэгтэй хүнд бэрх даваа байж  мэдэх юм.  Тиймээс ч яамныхаа ажлыг орхигдуулаад нам жим байна гэж ойлгох гэтэл  чуулганы танхимд ч түүний  дуу хоолой нэг их гараад байдаггүй нь бас л эргэлзээ дагуулж байна. Энэ тохиолдолд хамгийн зөв шийдэл нь дээлээ нимгэлээд нэг ажилдаа ханцуй шамлан орох юм. 

Нөгөө талаас манай улсын баялгаас хамгийн их тоншиж байгаа нь “Рио тинто” гэдэг. Энэ нь тухайн компанид тустай ч монголчуудад халтай. Нэг үгээр бол, “Рио тинто” ашигтай ажиллаж, монголын баялгаас хүссэнээрээ шанагадаж байгаа нь  гэрээний утгад бий гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Тэгвэл нэлээд удаан дуншиж байж сая биеллээ олсон энэ гэрээнд талууд үзэглэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн нь яах аргагүй ИЗНН-ын дарга С.Оюун гэдэг.  Энэ ч утгаараа “Рио тинто”  компанид  гурван ч жил ажиллачихсан хүнийг Англичууд хамгийн түрүүнд түшсэн гэдэг.  Үнэхээр ч ийм байх өндөр магадлалтай. Мань хүнийг “Рио тинто”-гийн тагнуул гэх мэдээлэл гарах үед эрхэм сайд байж суух газраа олохгүй бачимдаж, шүүх цагдаад хүртэл хандаж байсан удаатай. Түүнлэн сонгуульд өрсөлдөж буй намууд сурталчилгааныхаа санхүүжилтийг босгохын тулд “Рио тинто”-д бичиг илгээж байсныг С.Оюун уламжилж байсан гэх мэдээлэл ч байдаг. Мэдээж хөрөнгө, мөнгө ихтэй, дэлхийн томоохон компанитай хамгийн ойр байсан улстөрчийн хувьд С.Оюун хамгийн түрүүнд энэ талын мэдээлэлд нэр холбогдох нь ойлгомжтой. Гэвч тэрбээр энэ бүрт төдийлөн тодорхой хариулт өгөлгүй байсаар өдий хүрч байгаа юм. Энэ мэтээр улс төрд орж ирэхдээ тал талын дэмжлэг авч явсан түүнийг өдгөө өсч өндийгөөд ирэхээрээ зангаа хувиргасныг хэлэх хүн ч бий. Тэрбээр нэгэн цагт Б.Жаргалсайхантай эвсч, сонгуульд оролцож явсан ч одоо тоохоо больсон талаар БНН-ын дарга Б.Жаргалсайхан ярьсан нь бий. “Манай нам хоёр л намтай эвсч сонгуульд оролцож байсан. Олон жилийн өмнө С.Оюун гэдэг  эмэгтэйг өрөвдөж, хүнийх нь хувьд хүндэлж хайрлаад хүч гаргаж өгсөн. Харамсалтай нь тэр эмэгтэй даанч хариуцлага муутай. Нэг хэсэг БНН-ИЗН  гэж явдаг байлаа шүү дээ. Одоо болохоор Ногоон нам-ИЗН гээд хүний нэрийг булаагаад явж байна. Хүний нэрийг дээрэмдэхдээ гаргууд. Энэ тун ёс суртахуунгүй зүйл байгаа биз” хэмээжээ.  Үүнээс харахад тэрбээр улс төрийн дэмжлэгийг гаднын томоохон компаниас, дотоодын намуудаас ч авч л явсан байх юм. Гэсэн ч энэ бүгдийн ард сайн нэр үлдээгүй нь харамсалтай. Ямартай ч С.Оюун гишүүн-сайдынхаа “давхар дээл”-ийг тайлж, аль нэг ажилдаа ханцуй шамлан орж, “ичээнээсээ” гарахыг сануулъя. 


Х.Буян-Очир