Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдлаа
2018/11/16
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдаж, энэ онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, цаашид хийхээр төлөвлөж буй зарим ажлаа зөвшилцлөө.
Иргэдийг аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр тус зөвлөл энэ онд цөөнгүй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн. Зөвлөлийн бүрэлдэхүүн дэх газар, байгууллагууд 1078 удаа хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулан 970 удаа хяналтын шалгалт хийж, нийтийн хэв журмыг сахиулсан байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлж, таслан зогсоох чиглэлээр удаа дараагийн сургалт явуулж, хүчирхийлэл үйлдэгчийг сургалтад хамруулжээ. Тус ажлын үр дүнд хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй, үйлдэх магадлалтай хүмүүсийг бүртгэж, тэдэнд чиглэсэн оновчтой арга хэмжээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн. Үүний хажуугаар эрсдэлтэй орчинд амьдардаг, эцэг, эхийнхээ хараа хяналтаас гадуур хүүхдүүдийг бүртгэж, хяналт тавьж байгаа юм. Мөн хүүхдийг аливаа гэмт, хэрэг зөрчилд өртөхөөс урьтаж, хамгаалах, сургууль, цэцэрлэгийн орчны аюул байдлыг хангахаар эргүүл ажиллуулж, нийтийн эзэмшлийн талбайд гэрэлтүүлэг, камер суурилуулж байна. Энэ мэт ажлын үр дүнд орчин тойрондоо эргүүл ажиллуулдаг сургуулийн тоо нэмэгдэж, 250-д хүрчээ. Холбогдох албаныхны мэдээлснээр "Камержуулалт" аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүд орчин тойрондоо 467 камер шинээр суурилуулсан байна.
Согтууруулах болон мансууруулах бодисын хор хөнөөлийг хүүхэд, залууст таниулж, хэрэглээнээс татгалзуулахын тулд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөн удаа дараагийн зөвлөгөөн зохион байгуулж, соён гэгээрүүлэхэд анхааран ажиллаж буй. Өсвөр насны охидын хөгжил, хамгаалалд зориулан Налайх дүүрэгт танхим нээсэн бөгөөд ирэх жилүүдэд уг төслөө үлдсэн дүүргүүдэд хэрэгжүүлнэ.
Үүний зэрэгцээ замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ч цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна. Заримаас нь дурдвал, олон нийтийн цагдаа нарыг уг ажилд татан оролцуулснаар хөдөлгөөний ачаалал зарим цэгт багасаж буй үр дүн гарсан. Мөн орон сууцны хотхон, хороолол доторх авто замд хүүхэд осолдох нь багассан байна. Тиймээс урамшуулалт эрүүл, олон нийтийн цагдаа нарын ур чадварыг нэмэгдүүлж, техник хангамжийг нь ирэх онд сайжруулна гэж нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба хэлэв.
Одоогийн байдлаар тус зөвлөл 201.591 иргэнийг сургалтад хамруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажид төрийн 283, төрийн бус 252 байгууллагыг хамруулаад байна. Мөн уг ажилд 1000 гаруй аж ахуйн нэгжийг татан оруулжээ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид орчны аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр гаргасан 119 дүгээр тогтоолын хүрээнд төрийн болон төрийн бус бүх байгууллага, иргэдийг татан оролцуулах юм. Мөн ирэх сараас гэмт хэрэг гарч буй шалтгаан, нөхцөлийг судалж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ үр дүнг улам сайжруулахаар зөвлөлийн гишүүд шийдвэрлэлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Зочин · 2018/11/17
TSAGDAA NAR AJILAA HIIGECHEE GUDMAND ERGUUL SAIN GARGACHEEEE ERGUULIIN TSAGDAA YVJ ER HARAGDAHGUI YMAAAA.camert aj ahuin negjid naidaaal ajilaa hine gej yu bhav dee.