Б.Насанбаяр: Миний ярианы талыг хасч олон нийтэд сөрөг мэдээлэл цацлаа
2014/02/11
Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас Ерөнхий боловсролын дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс Уран зохиолын хичээлийг хасах гэж байгаа талаар мэдээлэл гарсан билээ. Энэ асуудлаар БШУЯ-наас хэвлэлийн бага хурал хийсэн юм.
Энэ үеэр БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай цөөн хором ярилцлаа.
-Өнөөдөр өглөөнөөс эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын хичээллийг хассан гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ?
-Өчигдөр Үндэсний телевизийн сэтгүүлч ирж мэдээлэл авсан. Тухайн мэдээг бэлтгэсэн сэтгүүлч надтай уулзаад Монгол хэлний бодлогын талаар асуусан юм. Харин би энэ талаар тайлбар хийхдээ “Миний нутаг” шүлгээр жишээ аван тайлбар хийсэн. Гэхдээ мэдээний цаг хязгаартай учраас миний яриаг тасалж оруулснаас болоод хүмүүст буруугаар ойлгогдохоор болсон байна лээ. Би тайлбартаа “Миний нутаг” шүлгийг монгол хэл, уран зохиолын хичээлээр үзлээ гэхэд энэ шүлгийнхээ агуулгыг математик, технологийн хичээл дээр яаж ашиглах вэ гэдэг талаар ярьсан. “Миний нутаг” шүлгийн агуулгаар нь математикийн хичээл дээрээ бодлого зохиож болж байна. Мөн зураг зурж болно. Экологийн хичээлээ судлах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, сурагчдад нэг өдөр 4 хичээл заана гэж үзвэл тухайн өдрийн бүх хичээл нэг сэдэвтэйгээ холбоотой байх хэрэгтэй болоод байгааг хэлсэн. Тиймээс монгол хэл уран зохиолын хичээл бол суралцахуйн суурь чадамж байх. Эх хэлнийхээ агуулгатай бусад хичээлээ холбоно гэсэн тайлбарыг уран зохиолын хичээлийг бусад хичээл рүү шингээгээд хасах гэж байгаа мэтээр ойлгож шууд хасна гэх мэдээллийг цацсан. Цаашдаа ч энэ тал дээр анхаарч, уран зохиолын хичээлийн цагийг нэмэх бодлого баримтална. Үүнийхээ дагуу Монгол хэлний заах арга барил, арга зүй технологийн сайжруулахаар бэлтгэж байгаа. Эхний улиралд уран зохиолын хичээл дээр “Миний нутаг” шүлгийг үзэж байгаа бол бусад хичээл нь ч эх оронтойгоо холбоотой хичээлээр үргэлжлэх гэх мэтээр арга зүй технологио сайжруулна.
Жишээлбэл, "Миний нутаг" шүлгэнд "Хэнтий Хангай Саяны өндөр сайхан нуруунууд" гэсэн хэсэг гардаг. Тэгэхээр Хэнтий Хангай Саян гэж хаана байдгийг газар зүйн хичээлээрээ үзнэ.
-Арга зүйн технологид хийж байгаа шинэчлэлийнхээ талаар тодруулбал?
-Хүүхдийг цээжлээд ярь гэх биш. Нэг үгний цаана ямар утга байгааг нь ойлгуулах хэрэгтэй. Сурагчид одоо толь бичиг, хуучин үгийн тайлбар толь ашиглаж сурч байна. Үүнийгээ ашиглаад зохион бичлэг бичиж байх жишээтэй. Энэ бүх зүйл нь хүүхэд үйлийнхээ явцад суралцдаг юм. Зөвхөн багш заагаад хүүхэд сураад явах биш сурч байгаа үйл явцадаа суралцаад бусад хичээлийнхээ агуулга, даалгавар дээр хийж гүйцэтгэж байж хүүхэд өөрийн болгож тэр хэмжээгээрээ монгол хүний бүтээлч, монгол сэтгэлгээгээ хөгжих гол суурь нь гэж Монгол хэл, уран зохиолын хичээлийг хэлээд байгаа юм. Тэгэхээр бидний явж байгаа бодлогын эсрэг зүйл олон нийтэд түгээгдлээ.
-ЕБС-д одоо монгол хэл уран зохиолын хичээлийг хэдэн цагаар үзэж байгаа вэ?
-Ерөнхий боловсролын сургуульд заадаг монгол хэл, уран зохиолын хичээлийн цаг одоо 2202 орчим орж байгаа бол цаашдаа 145 цагаар нэмж 2374 болгоно. Засгийн газраас хийж байгаа зөв алхамыг ганц мэдээнээс болж буруугаар ойлгож болохгүй. Шинэчлэлийн Засгийн газраас Монгол хэл, уран зохиолын салбарт маш онцгой анхаарч байгаа. Монгол хэл, уран зохиолын хичээл дээр арга зүй технологио сайжруулах асуудлыг яамнаас чухалчилж анхаарна. Хүүхдүүдэд дүрэм заагаад түүнийгээ шалгах биш эх хэлээрээ ярьж, өөрийгөө ойлгуулах чадвар, уншсанаа ярих чадварыг эзэмшүүлэх нь чухал байна. Энэ жилээс эхлээд Монгол хэлний шалгалтыг бүх их дээд сургуульд элсэгчдээс авахаар болж байгаа. Өмнө нь шалгалт авахдаа тестээр авдаг байсан. Үүнийг болиулж, эссэ бичих, бүтээлч байдлыг хөгжүүлэх үүднээс задгай даалгавар оруулж ирж, 50 хувь тест, 50 хувь нь бичих байдлаар шалгалт боловсруулж байна. Хоёрдугаар сарын 25-ны өдөр гэхэд шалгалтын хэлбэрийг боловсруулаад материалаа танилцуулах болно.
-Уран зохиол болон хэл бичгийн хичээлийг илүү судлуулах шаардлагатай гэж үзэж байна уу?
-Монгол сэтгэлгээтэй монгол хүн болгон төлөвшүүлэхэд монгол хэл, уран зохиолын хичээл маш чухал. Өнөөдөр өргөдөл ч бичиж чаддагүй хүмүүс олон байна. Тиймээс эх хэлээрээ зөв, сайхан бичдэг болгохын тулд монгол хэл уран зохиолын хичээлийг түлхүү оруулна. ЕБС-ийн багш нарыг оролцуулахгүйгээр шийдвэрийг гаргалаа хэмээж байсан. Тийм зүйл огт байхгүй. Уран зохиолыг хасна гэсэн шийдвэр гараагүй учраас энэ асуудлаар юу гэж ярих билээ. Уран зохиолыг хасах бус харин ч эсрэгээрээ бусад хичээлийн суурь болгоно. Хүүхдүүдийн унших чадвар, бичих чадварыг илүү сайжруулахын төлөө ажиллана. Хүүхэд бусад хичээлтэйгээ холбоод бататгаад ирэхээрэй улам сайн ойлгож "Миний нутаг" гэдэг шүлгийг хэзээ ч мартахгүйгээр өөртөө итгэлтэй илүү уран яруу уншдаг болдог юм гэсэн жишээг ярихад миний ярьсан зүйлийн төгсгөлийн хэсгийг яриаг аваад мэдээгээ цацсан. Үүнээс болж нийгэмд сөрөг мэдээлэл гарлаа.
Х.Даваа
Зочин · 2014/02/14
Тийм шүү. Манай ард түмэн хүн ******лах, хүнээс өө хайхдаа л сайн гэдгээ ахин нэг баталлаадаа.