О.Магнайгаар эхэлсэн уучлал Б.Насанбаяраар дуусаасай
Сүүлийн үед Монголд уучлалт гуйх моод дэлгэрч байгаа бололтой. Томоохон албан тушаалтнууд хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ болоод уучлал гуйдаг боллоо. Мэдээж уучлал гуйх сайн хэрэг ч гэлээ болчимгүй үг, болгоомжгүй үйлдэл хэрээс хэтрээд байна. Тодруулбал, ШӨХТГ-ын дарга О.Магнай өнгөрсөн онд 600 төгрөгөөр нийтэд үйлчилдэг байсан такси компаниудын таксиг эхний километрт 1500 төгрөгөөр, дараа дараагийн километрт 1000 төгрөгөөр явуулах шийдвэр гаргасан. Гэвч О.Магнай даргын тооцоолоогүй шийдвэрийг ард иргэд эсэргүүцсэн. Ингэснээр тэрбээр өөрийн шийдвэртээ эргэлзэж, “Бид яаран шийдвэр гаргаж, тухайн шийдвэрээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд зарласан явдалдаа ард түмнээсээ уучлал гуйж байна” хэмээн мэдэгдэж байлаа. 

Тэгвэл үүний дараахан нэгэн цагт Сангийн дэд сайд байсан ч талхны үнийг андуурч хэлснийхээ төлөө “талх” хоч авсан Ч.Ганхуяг Төрийн ордон руу салаавч гаргаж, “салаавч” хочтой болчихсон. Тэрбээр Б.Болдсайхан эмч болон бусад хоёр гурван хүний хамт Төрийн ордон руу салаавч гаргасан байдаг. Харин үүнийхээ дараа тэрбээр “Тэгж эсэргүүцэл үзүүлэхийг би бодож олоогүй.  Би өөрөө жиргээнд тодорхой хэмжээний цаг зарцуулдаг. Өөрийнхөө үзэл бодлыг өдөр тутамд хүмүүстэй хуваалцаад яваад байх нь зөв юм болов уу гэж бодож жиргэдэг.  Өнөөдөр ам.доллар 1700 боллоо. 1700 болонгуут нь талбай дээр гарч салаавч үзүүлнэ гээд  Б.Болдсайхан эмч тоглоод жиргэхээр нь би очоод хатгасан.  Гэтэл Б.Болдсайхан эмч “Тэгвэл наадах чинь маргааш болно, хоёулаа тэр үед нь гаргачихъя”  гээд л эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгсэн гурван танихгүй хүн нэгдсэн байна лээ.  Энэ  яах вэ, саваагүй үйлдэл байсан. Би шүүмжилсэн хүмүүсийн бодлыг хүлээж авч байна” хэмээсэн. 

Мөн тэрбээр  “Төрийн ордныхоо гадаа очиж, Ерөнхий сайдынхаа цонх руу, Их Хурлын даргынхаа цонх руу бүдүүлэг үйлдэл хийсэндээ албан ёсоор уучлал гуйя. Уучлал гуйхад надаас их зүйл гарахгүй. Би өөрийнхөө алдаа шүүмжлэлийг хүлээж авч чаддаг хүн. Үүгээр залуус маань тодорхой нөхцөл байдалд үйлдэл хийхдээ бас бодолцож, дараа дараагийн алхмуудаа хийж байгаасай гэсэн тийм жишиг, нөгөө талаасаа уучлал гуйхаас битгий айж бай гэдгийг үзүүлж байгаа юм” хэмээж байв. 

Ийнхүү уучлал үргэлжил, Гадаадын иргэн,харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүpэвдорж “Би энэ ажлыг авснаас хойш гурван зүйл дээр хүнд суртал гаргана гэж бодож байгаа. Нэг нь юу вэ гэхээр, 1990 оноос хойш Монголын эдийн засаг хүнд байхад гадаадыг зорьчихоод одоо эдийн засаг сайжирсан үед Монгол Улсаа гээд эргэн ирж байгаа хүмүүст хүнд сурталтай хандана” хэмээн нэгэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьснаар тухайн үедээ мөн л шуугиан дэгдээж байв. Түүний энэ үйлдэл Ерөнхийлөгчийн чихэнд хүрч, банга хүртсэнээр барахгүй цалингаа зургаан сар хасуулсан. Тиймдээ ч тэрбээр дээрх хариуцлагагүй мэдэгдэлдээ уучлал хүссэн юм. 

Тэгвэл энэ долоо хоногт БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр “ММ” агентлагт өгсөн ярилцлагадаа “Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасч, бусад хичээлд шингээнэ” хэмээн ярьж мөн л шуугиан дэгдээв. Түүний энэ мэдэгдэл нийгмийг тэр чигт нь бухимдуулж, бүгд л цахим ертөнцөд өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхэд хүргэсэн. Үүгээр ч зогсохгүй Б.Насанбаяр дарга энэ асуудалд сэтгүүлч буруу ойлголт өгсөн гэж хэвлэл мэдээлэл рүү буруугаа чихэхийг оролдсон. 

Үүнтэй зэрэгцээд БШУ-ны сайд Л.Гантөмөр шинэчлэлийн Засгийн газрын 11 11 төвд жижүүрлэж, иргэдийн бухимдалд дарагдсан бөгөөд “Насанбаяр юу ярьсныг мэдэхгүй юм. Гэхдээ уран зохиолын хичээл хасагдахгүй” хэмээн мэдэгдсэн. Ингэснээр Б.Насанбаяр “Ерөнхий боловсролын хичээлийн сургалтын системд монгол хэл, уран зохиолын хичээл хамгийн хэрэгтэй. Энэ талаар Шинэчлэлийн Засгийн газраас тусгайлсан бодлого явуулж байгаа. Харин өчигдөр орой гарсан мэдээллийн хөтөлбөрт жижиг алдаа гарч, миний ярьсан зүйлийн сүүлийн хэсгийг нь л гаргасан байна лээ. Уг нь уран зохиолын хичээл дээр үзэх шүлгийг өөр хичээлүүд дээр мөн оруулж өгч, нэгдсэн байдлаар үзсэнээр илүү чанаржих тухай ярьсан юм. Тиймээс буруу сэтгэгдэл төрүүлсэндээ хүлцэл өчье. Монгол хэл, уран зохиолын хичээл сургалтын хөтөлбөрийн суурь болдог. Цаашдаа ч энэ тал дээр анхаарч, уран зохиолын хичээлийн цагийг нэмэх бодлого баримтална” гэв. 

Мэдээж тэрбээр уучлал гуйсан ч тавхан өгүүлбэрт багтаагаад санаа бодлоо илэрхийлж чадахгүй байгаа хүн бүхэл бүтэн яамны бодлого тодорхойлоод сууж байна гэхээр эмгэнэлтэй. Тиймдээ ч иргэд иймэрхүү хаана юу ярихаа мэддэггүй, мэдсэн ч мэдэн будилдаг нөхөд төрийн албанд ажиллаж байж таарахгүй гэцгээж байна. Бүр тиймэрхүү хүмүүст зориулж, хэдэн өгүүлбэрээр зөв ярьж сурахыг заах хэрэгтэй гэцгээв. 

Уучлал гуйх моод төрийн байгууллагынхнаар дууссангүй. Сүүлийн үед бөхчүүд хүртэл уучлал гуйдаг боллоо. Тухайлбал, Монгол Улсын харцага Ц.Содномдорж Ялгуусан хэмээх модон морь жилийн Цагаан сарын барилдааны зургаагийн даваанд гарьд Б.Гончигдамбатай хийсэн барилдааны үеэр өрсөлдөгчийнхөө гарыг өчиж, дарсан нь үзэгчдийн дургүйцлийг маш ихээр хүргэсэн. Тэгвэл тэрбээр дээрх үйлдлийнхээ талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан ард түмнээсээ уучлалт гуйсан. 

Тодруулбал, “Миний Монголын ард түмэн та бүхнээс уучлалт гуйж байна. Би ямар нэгэн буруу санаа агуулаагүй, унаснаа мэдрээгүй цуг уначих шиг санагдаад, гарнаас нь татаж унасан. Та бүхэн намайг уучлаарай” хэмээн бичсэн. Хэдийгээр өөрөө санамсаргүй гаргасан алдаа гэж байгаа санаатай үйлдэл гэдэг нь телевизийн дуранд бичигдэн үлдсэн. Тиймээс ч энэ асуудлаар Үндэсний бөхийн холбоо хуралдаж, түүний барилдах эрхийг дөрвөн сар хассан. Гэвч энэ дөрвөн сард зодоглохоор томоохон барилдаан байхгүй учраас энэ нь шийтгэл гэхэд хэцүү болж байгаа юм. 

    Ийнхүү Монголд уучлал гуйх моод дэлгэрчихлээ. Уг нь өнөөдөр нэг зүйл ярьчихаад маргааш нь түүнээсээ эргэж, буцаж уучлал гуйгаад баймааргүй л санагдах юм. Тэгээд ч өөрсдийн цахим хуудсанд “Уучлаарай” гэж бичихэд нийгмийн хэдэн хувьд хүрэх вэ гэдгийг ч бас бодолцмоор. Тэгэхээр эрхмүүд үг хэл, үйлдэлдээ анхаарч явах цаг хэдийнэ болжээ. 


П.Эни