“Мянганы хөгжлийн зорилт - Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” сэдэвт хүүхдийн ерөний мэргэжилтнүүдийн үндэсний зөвлөгөөн энэ сарын 12-16-ны өдрүүдэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд болж байна. Мөн энэхүү зөвлөгөөн нь "Түншлэлийг бэхжүүлэх" хүрээний томоохон хэмжээний уулзалт болж буйгаараа онцлогтой.  

Уг зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүргийн хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүд, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Норвегийн тусламжийн байгууллага, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, хамтран хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны зорилт, тулгамдсан асуудал, цаашдын чиглэлээ хэлэлцэж, туршлага солилцов. 

 Хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүдийн үндэсний зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд үг хэлж, амжилт хүслээ. Тэрээр хэлэхдээ, “Бид жил бүр хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүдийн уулзлат зөвлөгөөнийг зохион байгуулдаг ч энэ жилийн хувьд илүү онцлогтой болж байна. Учир нь 2014 он бол “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”. Өнгөрсөн онд 79371 эх төрж, 79780 нярай мэндэлсэн нь сүүлийн 23 жилийн хамгийн өндөр төрөлттэй жил байлаа. Төрөлт 6,9 хувиар өсөж, хүн амын өсөлтийн хамгийн оргил үе болсон. Үүний зэрэгцээ бид хүн амын нийт нас баралтыг 5,9 хувиар бууруулж чадсан. Эх, нярайн эндэгдлээ ч тогтвортойгоор буурууллаа. НҮБ-аас Монгол улс хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн 2015 оны зорилтыг хангасан гэж тэмдэглэсэн нь та бидний том амжилт боллоо. Гэхдээ бид энэ амжилтандаа ханахгүйгээр Ази Номхон далайн хөрш орнуудын түвшинд хүртэл бууруулах зорилтыг тавин ажиллаж байна” хэмээн онцлов. 

Хэдийгээр Монгол улс хүүхдийн эндэгдлийн түвшин буурсан үзүүлэлттэй байгаа боловч өвчлөл эндэгдлийн дотор хөдөөгийн, алслагдсан болон амьдралын түвшин доогуур орлоготой гэр бүлийн хүүхдийн өвчлөл зонхилох байрыг эзэлж байна. Иймээс төр засаг, хамтран ажиллагч түншлэгч байгууллагууд, эрүүл мэндийн байгууллагууд, гэр бүл, хамт олны дэмжлэг, хамтын ажиллагаа, нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай болсныг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. 

 Төвийн бүсэд 2013 онд нийт 14,705 хүүхэд төрсөн байна. Харин Зүүн болон говийн бүсэд 0-5 хүртэлх насны 48,669, баруун бүсэд 54,537 хүүхэд байгаа бол Улаанбаатар хотод 138,352 хүүхэд буюу нийт хүн амын 11,37 хувийг эзэлж байна. Энэ нь арван хүн тутмын нэг нь 0-5 хүртэлх насны хүүхэд байна гэсэн үг юм. 

 Манай улсын хүн амын 38 хувь 0-18 хүртэл насны хүүхэд залуучууд, үүний 30 орчим хувийг 5 хүртэл насны , 42 хувь 15 хүртэл насны хүүхдүүд эзэлж байна. 

 Улсын хэмжээнд дунджаар 1438 хүүхэд 5 нас хүрэлгүйгээр эндэж, эндсэн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь 1 хүртэлх насандаа эндэж, тэдний 66 % нь төрсний эхний сардаа эндэж байна. 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд осол гэмтэл тэр дундаа ахуйн чанартай осол, уушгины хатгалгаа, гажиг хөгжил болон эрт нярайн эндэгдэл эзэлж байгаа нь эцэг, эх, асран хамгаалагчдын анхаарал халамж муу байна гэдгийг илтгэж байгаа юм. 

 Харин төрөх насны эмэгтэйчүүдийн дунд төрөх замын эрхтний өвчлөл ихэссэн нь эх, нярайн эндэгдлийг өсгөх эрсдлийг үүсгэх болсон байна.  

Олон улсын түншлэгч байгууллагуудаас эх, нярайн эрүүл мэндийн чиглэлээр олон талын удирдамж, зөвлөмж, стандартуудыг боловсруулан гаргадаг ч түүнийг дагалдах тайлбар сул, нэгдмэл стандарт гараагүйгээс зөрчилдөх, хоцрогдох зүйл багагүй байдаг. Үүнийг бүрэн дүүрэн ашиглаж чадаагүйгээс болж хөдөө орон нутгийн эмч, шинэ залуу эмч нар алдаа хийх тохиолдол гардаг байна. Тиймээс эрүүл мэндийн чиглэлээр гаргаж байгаа аливаа стандарт, удирдамжийг нэгтгэж гаргах шаардлага байгааг хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүд ярьж байв. 

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал тавьсан илтгэлдээ хүүхдийн эндэгдлийг бууруулахад нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ болох дархлаажуулалт, хүүхдийн өвчний цогц менежментийг эрчимжүүлж, сэргээх, хөхөөр хооллох, зөв зохистой хоол тэжээл өгөх зэрэг асуудлууд чухал болохыг дурьдаад аймаг, сум, дүүрэг бүрт жигд хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахыг захилаа. Цаашид хүүхдийн нас баралтыг бууруулах боломж байгаа. Гэрийн болон хоног болоогүй нас баралт гарах нь эх, хүүхдийн хяналт, үйлчилгээний хүртээмж чанаргүй байгааг илтгэдэг гэдгийг ч салбарын сайд сануулав.  

 Мөн тэрээр 4 дүгээр сард улсын хэмжээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээнд хяналт хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаагаа ч дуулгасан. 

 Ингээд зөвлөгөөний үеэр хүүхдийн эмч нар төв, баруун, зүүн болон говийн бүсэд хуваагдан, тухайн бүс нутгийнхаа хүүхдийн эрүүл мэндийн талаар хэлэлцсэн юм. Эмч нар Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн орчинтой болох цаг ирсэнтэй санал нэгдсэн. 

 Манай улсын хүн амын 38 хувийг 18 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлдгээс 30 орчим хувь нь 5 хүртэлх насны, 40 гаруй хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байдаг байна. Хүүхдүүдийн эрүүл мэндийн байдал сайжирч, урьдчилан сэргийлэх боломжтой өвчний шалтгаант нас баралт жил бүр буурч байгаа боловч аймаг бүрт харилцан адилгүй байгаа юм. 

 Сэлэнгэ аймгийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Г.Тунгалаг: 

 - Төвийн зургаан аймгийн хэмжээнд 2013 онд нийт 14705 хүүхэд төрсөн. 2013 оны төрөлт 5,9%-иар нэмэгдсэн ба 0-5 насны хүүхдийн тоо урьд оны мөн үеийнхээс нэмэгдсэн байна. Архангай, Булган, Өвөрхангай аймгийн 0-5 насны хүүхдийн эндэгдэл 1,000 амьд төрөлтөд улсын дундажаас 1,4-4,7 промилоор өндөр байна. Өнгөрсөн онтой харьцуулахад Төв, Орхон, Дархан аймгуудад 0-5 насны хүүхдийн эндэгдэл 1,000 амьд төрөлтөд буурсан. Харин 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 42 хувь нь нярайн эмгэг, осол гэмтэл 18 хувь, гаж хөгжил 14 хувь, амьсгалын замын эмгэг 14 хувийг тус тус эзэлжээ. Нялхсын эндэгдлийн дийлэнх хэсэг нь эрт нярайн эндэгдэл байгаа бөгөөд үүний гол шалтгаан бүтэлт, нярайн амьсгалын хам шинж, гаж хөгжилтэй холбоотой эмгэг байна. 

 Мөн Төвийн бүсийн аймгуудын 0-5 насны 67,556 хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийт 97 хүүхдийн эмч үзүүлж байна. Үүнээс нэг эмчид 0-5 насны 696 гаруй хүүхэд ногдож байгаа нь ачаалал маш их байгааг харуулж байгаа юм. 

 Хэнтий аймгийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Д.Оюунгэрэл: 

 - Манай говийн болон зүүн бүсийн аймгуудад 0-5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын голлох шалтгааны нэг осол гэмтэл. Ялангуяа ахуйн болон зам тээврийн осол их гарч байна. Мөн уушгины хатгалгаа ч нилээдгүй байдаг. Энэ хоёр өвчнөөр эндэх асуудал нь эцэг, эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй байдлаас үүдэлтэй. Хүүхдийн өвчний цогц менежментийг сэргээж, эрчимтэй хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Манай бүсийн зарим аймгуудад хүүхдийн эндэгдэл улсын дунджаас даваж байгаа тохиолдол цөөнгүй байгаа. 

  Увс аймгийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Н.Оюун: 

 - Баруун бүсийн долоон аймагт 0-5 насны нийт 54,537 хүүхэд бий. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл баруун бүсэд улс, аймгийн дунджаас өндөр байна. Энэ нь жирэмсэн эхийн эрүүл мэндийн байдал, жирэмсний хяналт, нярайн сэхээн амьдруулах арга хэмжээ хангалтгүй байгаатай холбоотой. Мөн бусад аймгуудын адил осол, гэмтэл тэр дундаа ахуйн чанартай осол багагүй хувийг эзэлдэг. Хүүхдийн түлэгдэлт их байдаг.  

alt

 Харин Улаанбаатар хотын тухайд 1,216,802 иргэнтэй. Хүн ам 25109-өөр, төрөлт 3860-аар тус тус нэмэгдсэн байна. 

 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөх оны мөн үеэс 1,000 амьд төрөлтөд 0,2 промилоор нэмэгдсэн бөгөөд улсын дундажаас 3 промилиор бага байна. Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх дүүргүүдийн эндэгдэл Нийслэлийн дундажаас өндөр гарчээ.