Заставаараа сүйрсэн үнэн түүхийг дор өгүүлье. Бүх цэргүүдийн хоолойг хэрчсэн энэ явдал далаад оны эхээр Зүүнбаянгаас дөчөөд км зайтай орших Далай бумбатын заставт тохиолджээ. Энэ аймшигт явдлын тухай тус заставт дөрвөн жил нөхрийн хамт ажиллаж байсан иргэн Мийн хуучилж байна. 

 

- Та өөрийн заставт учирсан аймшигт явдлын тухай яръя гэсэн? 

- Тийм ээ. Үнэхээр аймаар юм болсон. Далай бумбат бол говьчууд олон зуун жил шүтэж ирсэн тахилгат овоо билээ. Социализмын үед энэ овооны бүх чулууг зөөж малын хороо болгосон. Энэ үеэс эхэлж Далай бумбатын овоо хүн гээч хогийн амьтдаас өш хонзонгоо авч эхэлсэн. 

 

- Яаж? 

- Ганцхан шөнийн дотор заставын бүх дайчдын хоолойг хэрчсэн байсан. Хилийн харуулыг хүртэл алаад шонд нь хүлсэн байсан. 

 

- Энэ аймшигт аллагыг хэн үйлдсэн юм бол? 

- Тухайн үед хятадууд л гэдэг байсан. Гэтэл сүүлд буюу шашин ном, хүний эрх тайлагдах үед бүх юмны учир тайлагдсан. 

 

- Энэ тухай тодруулаач? 

- Далай Бумбат овоо өш хонзонгоо авч эхэлсэн юм билээ. 

Дээр миний ярьсанаас гадна заставын орлогч, сайхан офицер залуу гурван удаа галзуурсан. 

 

- Түүнийг гурван удаа галзуурахад яагаад ажлаас нь халаагүй юм бэ? 

- Ажилдаа маш сайн хүн байсан. Эрүүл болоод ажлаа сайн хийчих болов уу гэж найдсаных. 

 

- Далай бумбат овоо тэгээд хэзээ «тайвшрав»? 

- Овооны «дайрлага» үүгээр дуусаагүй. Цэргүүдэд халуун усны газар барьж өглөө. Хоёр цэрэг усанд орж байхдаа шалзлам халуун усанд түлэгдэж үхсэн. Овоог аргадахын тулд бүр нууцаар тахиж эхэлсэн. Тахилгын наадам хүртэл хийж байсан. Ингэж л аргадсан юм даа. 

 

- Аргадаад арганд орсон уу? 

- Оролгүй яахав. Ажил нь бүр сайжраад ирсэн. Сүүлдээ манай заставынхан жил бүр өнөө овоог тахидаг наадам хийж хэдэн цэргүүдээ барилдуулдаг болсон. Энэ наадмын тухай дээд дарга нар сонсчихоод бүр шалгалт ирүүлсэн. Наадмын тухай заставын хэн ч үг алдаагүй. 

 

- Овооны нууцыг хэн «задалсан» юм бэ? 

- Заставт учирч байгаа аюулыг нутгийнхан сонсож л байсан. Нэгэн өдөр нутгийн өвгөн заставын даргатай ирж «Хүү минь, наад овоо чинь олон зуун жилээр тахиулж байсан. Овоогоо сайн тахивал гай барцад арилна. Нууцаар ч болсон тахиж бай» гэж зөвлөсөн. Өвгөний энэ үг заставын даргын орой руу орсоноор заставаа «аварсан» үнэн түүх ийм болой. 

Эх сурвалж www.wikimon.mn