Өнөөдөр ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн азийн асуудлыг хариуцсан газрын дарга хатагтай К.Өллерс тэргүүтэй төлөөлөгчид манай аймагт ажлын айлчлал хийж Сэлэнгэ аймгийн “Тогтвортой хөгжил-түншлэл” хамтын ажиллагааны зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзаж, харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.

Зочдыг зөвлөлийн гишүүн, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа хүлээн авч уулзлаа. Манай аймгийн “Тогтвортой хөгжил-түншлэл” хамтын ажиллагааны зөвлөл нь салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд орон нутгийн хөгжилд Төр, иргэний нийгмийн байгууллага, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тэгш оролцоог ханган уялдаа холбоотойгоор хамтран ажиллах зорилготой юм.

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны зүгээс Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногоо эрхлэгчдэд зориулсан зоорины асуудал дээр хамтран ажиллахаар судалгааны ажлаа хийж байгаагаа илэрхийлэв. Хөргүүртэй зоорь, одоогийн манайхны ашиглаж байгаа нүхэн зоорийг илүү орчин цагийн хэв маяг загварт оруулах гэсэн хоёр арга хэлбэрээр судалгааг хийж байна гэж хатагтай К.Өллерс хэллээ.

Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зарим бараа бүтээгдэхүүний танилцуулга үзэсгэлэн гарлаа.