Өнөөдөр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрөөс олгож байгаа 30.000 еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал Карин Райнпрехт нар гарын үсэг зурлаа. Энэхүү хөрөнгө Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын хөгжлийг дэмжиж, чадавхийг сайжруулах зорилготой.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал хатагтай Карин Райнпрехт:-”Энэ фондны тусламжтайгаар аялал жуулчлалын компаниуд өөрсдийнхөө чадавхийг бэхжүүлж, сайжруулалт хийх учиртай. Хамгийн гол зүйл нь компаниуд ч бас 50 хүртэлх хувийн хөрөнгийг гаргана. Ганц бид хөрөнгө мөнгө гаргаж байгаа зүйл биш. Тиймээс хоёр талын хамтын ажиллагаа хамгаас чухал. Эхний жишээ гэхэд бид нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын хүрээнд эко 00-уудыг авч өгсөн. Дулаанхаан тосгоны “Хөвчит нум” нөхөрлөл маань 50 хувийн хөрөнгөө өөрөө гаргасан. Ер нь бол аялал жуулчлал гэдэг бол өөрөө бизнес. Энэ бизнесийг хийж байгаа хүн өөрийн чадавхитай, өөрийн хөрөнгөтэй. Тиймээс ч тодорхой хувийг гаргаж хамтарч ажиллах ёстой.”гэлээ.

Сэлэнгэ аймаг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн хүрээнд цаашид аялал жуулчлалын зэрэгцээ хөдөө аж ахуй тэр тундаа жимс, ногооны өртгийн сүлжээг сайжруулах ажлыг хийнэ. Ургац хураалтаас эхлээд хадгалж хамгаалах, боловсруулах, борлуулалт хийхэд хамтран ажиллаж иргэдээ дэмжинэ.