Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргилтой Сүхбаатар сумын “Гурван булаг” захын түрээслэгчид уулзаж үүссэн нөхцөл байдлаа танилцууллаа. Манайхны ярьж заншсанаар хуучин зах гэгддэг “Гурван булаг” захын үйл ажиллагааг 11-р сарын 12-ны өдрөөс эхлэн  тодорхой бус шалтгаанаар түр хаах тухай аймгийн МХГ-ын дүгнэлт гарснаас түрээслэгчид ийнхүү бухимдахад хүрчээ. Тус захын дийлэнх түрээслэгчид нь эмэгтэйчүүд байдаг байна. Аймгийн Засаг дарга Ш.Оргил захын нийт түрээслэгчдийн хүсэлт, тэдний ар гэрийг хүндэтгэн, бодит нөхцөл байдалтай уялдуулж цагаан сар хүртэл захын үйл ажиллагааг хэвээр явуулж, хаах шийдвэрийг түр харзнах хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжлахаар боллоо. Тэрээр “энэ захын оршин тогтнох эсэх нь түрээслэгчид болон захын удирдлагуудын харилцан ойлголцол бөгөөд та бүхнээс хамааралтай шүү” гэдгийг онцолж байв. Тиймээс ч энэ хугацаанд захынхаа орчин нөхцлийг сайжруулж, захын удирдлагын зүгээс хийж болох бүхий л үйл ажиллагааг ав гэсэн юм. Аймгаас тухайн захын орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайг засаж сайжруулах боломжтой тул Сүхбаатар сумын ирэх оны төсөвт тодорхой хэмжээний  хөрөнгө суулгаж шийдье гэлээ.