Хүүхдүүд найман наснаасаа хойш Санта-Клауст итгэхээ больдог
2018/12/24
Насанд хүрсэн гурван хүний нэг нь /34 хувь/ урьдын адил өвлийн шидтэнд итгэхийг хүсдэг бол харин 50 хувь нь түүнд итгэхээ больжээ. Ийм дүгнэлтийг Баруун Өмнөд Английн Эксетер их сургуулийн мэргэжилтнүүд дэлхийн янз бүрийн орны 1200 хүний дунд санал асуулга явуулсныхаа дараа хийсэн байна.
Санал асуулгад оролцогсод дунджаар найман наснаасаа хойш өвлийн шидтэнд итгэхээ больжээ. Энд ихэвчлэн эцэг эхийн алдаанаас болж нууц задардаг аж. Тухайлбал, Санта-Клаусын бичгийн хэв эцэг эхийнх нь бичгийн хэвтэй адилхан байсан, эсвэл тэд бэлгээ эцэг эхийнхээ өрөөнөөс олсон зэрэг алдаанаас болсон байна. Харин зарим нь Санта-Клаус тийм олон бэлгийг ганцаараа хүргэж чадахгүй эсвэл тэр байшингийн яндангаар тийм амархан орж чадахгүй гэдгийг өөрсдөө таамаглаж мэджээ.
Санал асуулгад оролцогсдын дийлэнх нь буюу 65 орчим хувь нь үнэнийг мэдсэнийхээ дараа эцэг эхдээ үнэмшсэн дүр үзүүлдэг байсан гэнэ. Харин ил болсон нууц эцэг эхдээ итгэх итгэлийн түвшинд нөлөөлөөгүй гэж 56 хувь нь мэдэгдсэн байна. Тэгвэл 30 хувь нь эсрэгээр томчуудад итгэх нь багассан гэсэн бол 15 хувь нь өөрсдийгөө эцэг эхдээ хууртагдсан гэж мэдэрсэн аж. 10 хувь нь маш их уурласан гэжээ.
Хэдийгээр хүүхэд насандаа хууртагдсан ч санал асуулгад оролцогсдын 72 хувь нь хүүхдүүддээ Санта-Клаусын тухай ярьж өгдөг гэнэ. Хэрэв хүүхдүүд нь Санта-Клаус жинхэнээсээ байдаг уу гэж асуувал санал асуулгад оролцогсдын 41 хувь нь үнэнийг хэлдэг гэсэн бол 31 хувь нь байдаг гэдэгт итгүүлэхийг оролддог гэж хариулсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг