Үүр цайтал үр дүнгүй хуралдав
2019/01/11
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2 дахь заалт, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд ирүүлсэн. Тиймээс Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хуульд заасан хугацаанд нь багтаан хэлэлцэж шийдвэрлэх шаардлагын үүднээс Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр (2019.01.10) үдээс өмнө хаалттай горимоор хуралдаад нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн санал, дүгнэлт гаргасан байна.
Харин Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой 22 цаг 17 минутад 55.6 хувийн ирцтэй хуралдаанаа эхэлж, Улсын Их Хурлын нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхээр тогтсон юм.
Байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Ерөнхий прокурорын саналыг хаалттай горимоор хэлэлцэж шийдвэрлэсэн” гээд Байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх горимын санал гаргав. Ингээд гишүүний гаргасан горимын саналын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн тул Байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шижүүлэв.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 23 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй хуралдаж, нэг бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхээр тогтсон юм. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн өмнө нь хуралдсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий прокурорын саналыг хаалттай горимоор хэлэлцсэн тул энэ жишгийн дагуу нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан юм.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, О.Баасанхүү нар ЖДҮС-гийн зарцуулалттай холбоотой асуудал олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа учраас энэ асуудалд холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг нээлттэй хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын саналтай байгаагаа хэлэв.
Ингээд асуудлыг хаалттай горимоор хэлэлцье гэсэн Д.Тогтохсүрэн гишүүний горимын саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 8 нь буюу 57.3 хувь дэмжээгүй учраас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын саналыг нээлттэй хэлэлцэхээр болсон юм.
Иймээс Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан саналаа танилцуулав.
Улсын Их Хурлын дээрх нэр бүхий дөрвөн гишүүн нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн учраас гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэж буйгаа танилцуулсан юм.
Мөн уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.
Монгол Улсын Ерөнхий прокурорын санал, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж, мөн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдаж буй Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд Улсын Их Хурлын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор гишүүн тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтсоноор Байнгын хорооны хуралдаан 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 цаг 54 минутад өндөрлөлөө.
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.11) хуралдаан 77.3 хувийн ирцтэйгээр 02 цаг 12 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөснийг Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцууллаа.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлсэн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2 дахь заалт, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд ирүүлсэн. Иймд уг асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Б.Энх-Амгалан нар гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 59 гишүүний 57.6 хувь нь дэмжлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага байгаа талаар тайлбарлан, өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулах горимын санал гаргав. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.3 хувь нь дэмжлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төслийг санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.
Улсын Их Хурлын 40 орчим гишүүн Улсын Их Хурлын даргыг ажил, албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөх шаардлага тавьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо уг шаардлагыг хэлэлцэх хууль эрх зүйн боломжгүй гэж үзсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа сар гаруйн хугацаанд гацаж, Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаа тасалдаад байгаа учраас төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагын хүрээнд Ерөнхийлөгч энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх, 2 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг заажээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн Төрийн байгуулалтын байнгын хороо үзсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү танилцуулав.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Эрдэнэ нар асуулт асууж, тодруулга хийлээ. Төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт нар илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар төсөл дэх зохицуулалт парламентын засаглал бүхий ардчилсан Монгол Улсын төрийн дархлааг сулруулах эрсдэл дагуулах магадлалтайг сануулж байв.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүний 54 нь буюу 97.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын прокурорын саналыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хуралд хандаж Улсын ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/91 тоот албан бичгээр Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан танилцуулсан.
Улсын Их Хурлын дээрх нэр бүхий гишүүн нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн учраас гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар тус тус танилцуулав. Энэхүү асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо тус бүр Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн шийдвэрлэсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг нар Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж болон Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нараас асуулт асууж, хариулт авсан юм. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж цаг хэт орой болсон байгаа тул нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх асуудлаар дөрвөн цагийн завсарлага авч буйгаа мэдэгдэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь завсарлага авахтай холбоотой зохицуулалтын талаар Тамгын газраас тодруулга авсны дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт 6 цагийн хугацаатай завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ. Ийнхүү 04 цаг 30 минутад Улсын Их Хурлын чуулган өндөрлөв