Евгений Халдей – Рейхстагийн орой мандсан Зөвлөлтийн туг, 1945 Америкийн цэргүүд Японы мэдэл дэх Иво Жима арлыг эзэлсний дараа АНУ-ын тугийг мандуулж буй агшныг харуулсан Joe Rosenthal-ийн гэрэл зураг дэлхий дахинаа алдаршихад Зөвлөлтийн дарга нар Берлинийг эзэлсэн Зөвлөлтийн аугаа их ялалтыг магтан алдаршуулах зорилгоор Халдейг Москвагаас Берлин рүү яаравчлан илгээжээ. Зөвлөлтийн тугийг ачаандаа тээж авчирсан Халдей Берлинд ирмэгцээ Зөвлөлтийн цэргүүдийн эзэлсэн Рейхстагийн орой дээрээс зураг авахаар шийдсэн байна. Энэ туг Рейхстаг дээр мандсан хоёр дахь туг бөгөөд 1945 оны 4-р сарын 30-нд Зөвлөлтийн хэсэг дайчид ялалтын тугаа мандуулсан боловч маргааш нь нэг сэргэлэн герман цэрэг буулгаж дөнгөсөн байдаг. Харин 5-р сарын сарын 2-нд Халдей дээрх зургаа авсан юм. Дэлхийн 2-р дайнд ялсны билэг тэмдэг болсон дээрх зургийн хальсан дээр хэвлэхээс нь өмнө дээд хэсэгт нь өтгөн хар утаа нэмж зурж сүр оруулсан билээ. Зургийн түүх үүгээр дуусахгүй. Халдейгийн өгүүлснээр “Москвад ирсний оройхон ТАСС-ын редактор Пальгунов зургийг үзчихсэн байв. Би өрөөнд нь ортол надад жижигхэн хэмжээтэй зургийг үзүүлэн “Энэ юу вэ?” гэж асуухад нь “Рейхстагийн орой дээрх туг л байна…” гэв. “Энэ цэрэг хоёр бугуйндаа цаг зүүчихсэн байгааг анзаарсангүй юу? Зүүн, баруун аль алиндаа” гэхэд нь “Анзаарсангүй ээ. Берлинийг нөмөрсөн, Рейхстагийн орой дээрх тугийг л гагц анзаарлаа” гэлээ. Тэгтэл “Тийм бий. За ямартай ч, энэ бол нэг муу тонуулчнаас өөрцгүй харагдаж байна. Жинхэнэ зөвлөлт цэрэг юм хумслах учиргүй. Үүнийг хурдан янзлаатах” гэж үүрэгдлээ. “За яахав, хүссэнээр чинь хийе. Одоохон арилгаатхая” гэж би хэлж билээ. Ингээд сүлбээр зүүгээр баруун бугуйнд нь байсан цагийг хусчихсан.” хэмээжээ.

Alfred Eisenstaedt – Усан цэргийн үнсэлт, 1945 Дэлхийн хоёрдугаар дайн дуусаж, 1945 оны 8-р сарын 14-нд гэртээ эргэн ирж буй цэргүүд. Хүн бүрийн сэтгэл баяр хөөрөөр дүүрэн байсан энэ үед Glenn McDuffie нэртэй усан цэрэг Times Square-ын замын голд үл таних сувилагч бүсгүйг тэвэрч аван үнссэн байна. Alfred Eisenstaedt-ын авсан энэ зураг дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн билэг тэмдэг болсон юм. 1945 оны 8-р сарын 27-нд энэхүү хар цагаан гэрэл зураг Time сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдэн гарсан. “Би үнэхээр жаргалтай байсан. Би гудамжинд гүйн гарч ирээд нэг сувилагч бүсгүйг харсан. Тэр ч бас над руу инээмсэглэн харсан. Би зүгээр л түүн рүү явж очоод, үнссэн. Бид нэг ч үг солилцоогүй. Дараа нь би Бруклин явах галт тэргэнд суусан.” Зураг дээрх хоёр хүнийг тодорхойлох гэж олон жил болсон ба олон хүмүүс өөрсдийгөө тэр хоёр хүнийг хэмээн худал хэлцгээж байсан. 70-аад оны сүүлээр Eith Shain гэрэл зурагчин Alfred Eisenstaedt руу захидал илгээж, зураг дээрх эмэгтэйг өөрийгөө хэмээн мэдэгдсэн. Тэрээр энэ явдал үнэхээр санамсаргүй, гэнэтийн зүйл байсныг тайлбарласан байдаг. Гэрэл зураг дээрх эмэгтэй хэн болох нь тодорхой болсноос хойш Life сэтгүүл усан цэрэг хэн болохоо зарлахыг ч урьсан. Харин маш олон жилийн дараа буюу 2008 онд Glenn McDuffie өөрийгөө илчлэхдээ 81 настай байсан юм. McDuffie хэлэхдээ “Би нэг эрэгтэй хүн бидэн рүү гүйж ирж байгааг харсан. Би түүнийг сувилагч бүсгүйн нөхөр эсвэл найз залуу байх вий гэж айсан. Гэхдээ дараа нь тэр бидний зургийг авч байгааг хараад би түүнд зураг авахад нь туслах гэж бүсгүйг үнссээр байсан.” гэжээ.

Eddie Adams – Сайгон дахь цаазлалт, 1968 Өмнөд Вьетнамын цагдаагий офицер Nguyen Ngoc Loan гараа өргөн Vietcong Nguyen Van Lem-ийн толгой руу буудсаныхаа дараа сурвалжлагчид ийн өгүүлсэн гэдэг. “Эдгээр залуус манай олон хүнийг хөнөөж байна. Би будда намайг уучилна гэж бодож байна.” Eddie Adams-ын аймшигт агшныг харуулсан энэ зураг удалгүй Вьетнамын дайны хүчирхийллийн билэг тэмдэг болсон юм. Eddie Adams болж өнгөрсөн хэрэг явдлыг эхнээс нь генералыг бууны гохоо дартал гэрэл зурагтаа буулгажээ. Adams “Гэрэл зураг бол дэлхий дээрх хамгийн хүчирхэг зэвсэг.” хэмээн бичсэн байдаг. Мөн тэрээр зургийг битгий хэвлэгдээсэй хэмээн хүсэж байсан гэнэ. Тэрээр “Зураг дээрх хоёр хүн Vietcong болон Nguyen Ngoc Loan хоёулаа амиа алдсан. Намайг Loan-ыг гэрэл зургийн аппаратаар хөнөөж байхад Loan Vietcong-ын амийг хөнөөж байсан. Гэрэл зураг бол дэлхий дээрх хамгийн хүчирхэг зэвсэг. Хүмүүс үүнд итгэдэг. Гэтэл гэрэл зураг худал хэлдэг. Эсвэл ядаж л тэдний тал нь худал байдаг.” гэж хэлсэн байна. Pulitzer Prize хүртсэн энэхүү зураг Америкийн нийгмийн уур амьсгалд асар их нөлөөг үзүүлжээ.

Huynh Cong “Nick” Ut – Дайны аймшиг, 1972 Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх 1972 оны 6-р сарын 2-нд Вьетнамын өмнөд хэсэг дэх Trang Bang тосгоныг өтгөрүүлсэн бензинээр бөмбөгдсөн. Цэргүүд тосгоны оршин суугчдыг нэн даруй явахыг шаардаж, “Тэд биднийг бөмбөгдөх болно, бид бүгд үхнэ.” хэмээн хашхирч байжээ. Хувцас нь шатаж, нүцгэрсэн 9 настай Phan Thi Kim Phuc охин бусад хүүхдүүдийн хамт өвчиндөө шаналан уйлан гүйж байсан ба түүний зургийг авсан гэрэл зурагчин охиныг ухаан алдахад эмнэлэгт хүргэсэн байна. Дайны эсрэг билэг тэмдэг болсон түүний мөрөөдөл эмч болох байсан боловч ярилцлагынхаа улмаас их сургуулиа орхихоос аргагүйд хүрсэн учир биелэлээ олж чадаагүй юм. “Би энэ зурагнаас зугтахыг хүсдэг байсан. Тэсрэх бөмбөгөнд шатаж, дайны золиос болсон би дахин өөр байдлаар хохирогч болсон юм. Миний зүрх сэтгэл яг л хар кофе шиг байсан. Энэ зургийг харсны дараа үхсэн минь дээр санагдаж, амьдрахыг хүсэхгүй байсан. Миний хувьд үзэн ядалт, уур хилэн, уй гашуутайгаа тэмцэх нь маш хэцүү байсан.” гэж Kim бичжээ. Түүнтэй эцэг охин шиг харилцаатай байсан Huynh Cong “Nick” Ut түүнийг өөрийн түүхийг ном болгон бичихийг зөвлөж, зоригжуулснаар 1999 онд ном хэвлэгдэн гарсан юм. Мөн түүний туулж өнгөрүүлсэн түүхийн тухай баримтат бүтээл хэвлэгдсэний дээр түүнд дайны хохирогчдод туслах НҮБ-ын сайн үйлийн элч болохыг хүссэн хүсэлт ч иржээ.

Kevin Carter – Судан дахь өлсгөлөн, 1994 Өмнөд Африкын гэрэл зурагчин Kevin Carter өлсгөлөн болон ядуурлын аймшгийг харуулсан зураг авахаар Судан руу явжээ. Тэнд тэрээр НҮБ-ын хоол хүнс түгээврийн цэгт очихыг гэж хичээж байгаа ч өлсгөлөнгийн улмаас туйлдаж ядран унасан бяцхан охинтой таарсан байна. Тэрээр охины царайг гэрэл зурагтаа буулгахаар тонгойсон ба яг энэ үед охиноос 2-3 метр зайд охиныг залгих үхлийн агшныг хүлээсэн махчин шувуу ирж суужээ. Тэрээр энэ мөчийг гэрэл зургийнхаа хальснаа буулгах хүртлээ шувууг үргээхгүй байхыг хичээж байсан байна. Тэрээр энэ алдарт зургаа авахдаа махчин шувууг хөөгөөд охиныг хэрхэн амьдралын төлөө тэмцэхийг үргэлжлүүлэн ажсаар байжээ. Тэрээр бурхантай ярьж, уйлж байхдаа модон доор суугаад тамхи асаасан гэнэ. Энэхүү аялалын үеэр түүнтэй хамт байсан Silva өгүүлэхдээ “Үүний дараа тэр депресстсэн. Тэр охиноо тэврэхийг хүсэж байгаагаа хэлсээр байсан.” гэжээ. Хожим нь Kevin шувууг нисэхийг 20 орчим минут хүлээсэн гэдэг нь ил болсон юм. Түүний бүтээл магтаал болон хүчтэй шүүмжлэлийг хоёуланг нь хүлээн авсан бөгөөд тэрээр энэхүү зургаараа Pulitzer Prize хүртсэнээсээ 3 сарын дараа 33 насандаа амиа хорлосон билээ.

Richard Drew – Унаж байгаа эр, 2001 Дэлхий дахиныг цочроосон 9-р сарын 11-ний террорист халдлагын билэг тэмдэг болсон энэ зураг дээрх хүн хэн болох нь өнөө хэр танигдаагүй байгаа юм. Тэрээр тухайн үед зүгээр л үсрэхийг хүссэн олон хүмүүсийн нэг юм. Энэ бол аймшиг, цөхрөлийн туйлын илэрхийлэл болсон энэ зургийг сэтгүүлийнхээ 7 дахь хуудсанд хэвлэх гэсэн New York Times-ын шийдвэр нь хатуу шүүмжлэлд өртсөн юм. Удаан хугацааны турш зургийг хадгалсны дараа 2003 оны Esquire сэтгүүлд ахин хэвлэгдсэн. Цаг хугацаа өнгөрсөн ч хүмүүс энэ хүн хэн болохыг мэдэхийг хүссээр байсан. The Globe and Mail сонины сурвалжлагч Peter Cheney хэлэхдээ үл таних эрийг нарийн боовны тогооч Norberto Hernandez гэж мэдэгдсэн ба энэ тал дээр Hernandez-ын гэр бүл хоёр талыг баримталдаг аж. Түүний ах Tino болон түүний эгч Milagros нар түүнийг мөн гэдэг бол түүний охин Jacqueline болон эхнэр Eulogia нар няцаадаг байна. Түүнийг хэн болохыг таниулж чадах цорын ганц зүйл нь түүний өмсөж байсан улбар шар өнгийн богино ханцуйтай цамц юм. Гэвч Eulogia “Тэр өглөө нөхөр маань ногоон өнгийн дотуур өмд, хар оймс, хөх жинстэй байсан. Casio цаг зүүж, хөх өнгийн цамц өмссөн байсан. Улбар шар биш.” хэмээн тайлбарласан байдаг. Өөр нэгэн таамаг нь Windows-ын ажилтан Jonathan Briley бөгөөд түүний эгчийн мэдэгдсэнээр тэрээр улбар шар өнгийн цамцтай байсан гэнэ. Гэвч өнөө хэр нь энэ хүний хэн болох нь албан ёсоор тогтоогдоогүй байгаа юм.

Larry Wayne Chaffin 1965 оны 6-р сарын 18-нд Вьетнамын дайны үеэр Вьетнамын өмнөд хэсэгт авсан энэ зургийг алдарт гэрэл зурагчин Horst Faas авчээ. 173-р агаарын бригадийн батальоны цэрэг энэ залуу дуулган дээрээ “Дайн бол там” хэмээн гараар бичсэн байжээ. Larry Wayne Chaffin хэмээн алдаршсан энэ зургийн эзний эхнэр Fran дурсахдаа түүнийг армиас халагдсаны дараа нисэх буудал дээр угтахад Larry энэхүү зураг хэвлэгдсэн Stars and Stripes сэтгүүлийн дугаарыг гартаа барьчихсан, энэ зураг түүнийг хэзээ нэгэн цагт баян болгоно хэмээн өгүүлж байсан гэжээ. Харамсалтай нь Chaffin-д баян болох боломж тохиогоогүй аж. Дайны дараа тэрээр гэмтлийн дараах стрессийн эмгэгээр шаналж байсны дээр иргэний энгийн амьдралд бүрэн дасаж чадахгүй байсан байна. Тэрээр 39 настайдаа чихрийн шижин өвчний хүндрэлээр нас баржээ.

Rich Lam – The Riot Kiss, 2011 Vancouver Canucks ба Boston Bruins-ын хооронд болсон хоккейн тэмцээний сүүлийн шүглийн дууны дараа Ванкуверын гудамжинд үймээн дэгдсэн. Үймээний үеэр зам дээр унасан Scott Jones, Alex Thomas нарын үнсэлтийг Rich Lam гэрэл зургийнхаа хальсанд буулгасан юм. Scott-ын эцэг өөрийн Facebook хуудаснаа “make love, not war” гэсэн бичигтэйгээр энэ зургийг нийтэлсэн нь залууг хэн болохыг ил болгосон юм. Энэ явдлын гэрч болсон нэгэн эр хэлэхдээ цагдаа нарт түлхэгдсэн хоёр залуу хамт байхаар тэмүүлцгээж байсан ба эхлээд бүсгүй нь, дараа нь залуу нь газарт унасан ба эмэгтэй нь өвдсөндөө уйлахад залуу бүсгүйгээ тайвшруулах гэж үнссэн гэжээ. “Тэнд үнэхээр замбараагүй байсан. Цагдаа нар биднийг хөөж эхэлсэн. Би гудамжинд хоёр залуу унасан байгааг харсан. Эхлээд би тэдний нэг нь гэмтсэн байна гэж бодсон. Би сайн зураг авсан гэдгээ мэдэж байсан ч ажлын байрандаа эргэн ирснийхээ дараа л тэд бие биенийгээ үнсэж байгааг мэдсэн юм.” хэмээн Rich Lam өгүүлжээ.