Найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулан, амьжиргаагаа залгуулдаг иргэд манай улсад цөөнгүй. Тэдэнд тулгамддаг хамгийн том бэрхшээл бол архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл авах болон эрхээ сунгуулах болдог.

Яагаад гэвэл дэлгүүрийн хамгийн их ашиг, орлого олдог бараа нь архи, согтууруулах ундаа юм. Саяхан төмөр замд найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг Б.Баатар хэмээх иргэн архи, согтууруулах удаа худалдан борлуулах эрхээ сунгуулах гэж шат шатны байгууллагад хандаж явсаар эцэст нь авч чадаагүй тул дэлгүүрээ хаахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Тэрбээр “Нэгэнт архи зарах боломжгүй болсон учраас хаалгаа барьсан. Ундаа, чипс, хүнсний бүтээгдэхүүн зараад архины хэмжээнд хүртэл орлого олно гэвэл түүн шиг үлгэр хаа ч байхгүй. Найман нэрийн барааны дэлгүүрт архи,согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл олгохгүй гэж илт хууль гараагүй ч одоо байгаа энэ хууль иргэдийг өөрсдөө хаалгаа барихаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Бид ингэж нэг нэгээрээ хаалгаа барьсаар эцэст нь “CU”, “GS25” гэх сүлжээ дэлгүүрүүд архи зарах монополь эрхтэй болно” хэмээв.

Иймд найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг иргэд болон дүүргийн тусгай зөвшөөрөл олгодог мэргэжилтнээс хоёр талын байр суурийг тодрууллаа.


Сүхбаатар дүүргийн найман нэрийн барааны дэлгүүр эрхлэгч А.Сүхбат: Саяхан “CU”-гийн урилгаар амралтад явсан дарга нар хэний талд ажилладаг нь ойлгомжтой

Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл авахад ямар, хүндрэл бэрхшээл учирч буй талаар тодруулахад тэрээр “Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл авахад тавьдаг шаардлага, бүрдүүлж өгөх баримт, бичиг тэр чигтээ хүнд суртал болчихсон. Мөн үүний хажуугаар бид улсад давхар татвар төлдөг. Дахиад эрхээ сунгах гэж хөлөө хүрэх газраа хүртэл явна. Дараа нь “голоо тасартал” хүлээнэ. Энэ бол дарамт шүү. Чөлөөт эдийн засагтай орон ийм байдаггүй юм. Энэ дарамтын эцсийн цэг бол яах аргагүй монголд байгаа бүх найман нэрийн барааны дэлгүүр болон хөөрхий хэдхэн ТҮЦ-ийг байхгүй болгох бодлого гэж би бодож байна. Хэдэн жилийн өмнө ТҮЦ-ийг дотроо нойлгүй, эрүүл ахуйн шаарлага хангаагүй гэдэг шалтгаанаар бүгдийг нь хиар цохиод, ачаад явсан. Яаж ч бодсон тэр жижигхэн орон зайд хаана нь нойл хийх юм бэ. Харин одоо ТҮЦ-үүд шиг найман нэрийн барааны дэлгүүрүүдийг ачаад авч явж чадахгүй болохоороо “шаардлага” гэсэн бамбайн дор эдийн засгийн болон ажиллаж, хөдөлмөрлөх орчны дарамт учруулж байна. Хамгийн их ашиг, орлого олдог бүтээгдэхүүн болох архины зөвшөөрөл, эрх сунгах асуудлыг хүндрүүлсэн, хүнд сурталтай болгосон. Харин бидний орон зайг гадаадын хөрөнгө оруулалттай худалдааны газарт өгөх гээд байгаа нь хэд хоногийн өмнө ил тод боллоо.

Саяхан гэхэд л нэр бүхий дарга нар “CU”-гийн урилгаар гадагшаа амралтад яваад ирсэн. Одоо тэд хэний талд ажиллах вэ. Ингээд бодохоор хэнд ч ойлгомжтой. Мэдээж бид тусгай зөвшөөрөл хүсч байгаа учраас тодорхой хэмжээнд зохих ёсны шаардлагыг биелүүлнэ. Гэхдээ хамгийн доод тал нь бүтэн нэг жил хүлээсний дүнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл авдаг. Одоо ч зарим иргэд авч чадахаа байгаад, захаасаа хаалгаа барьж байна. Энэ хүнд суртал биш үү. Мөн тавьсан шаардлага дээр нь заавал дотроо ариун цэврийн өрөө, гар угаалтуур, амрах өрөөтэй байх ёстой гээд заачихсан. Тэгвэл би зөрүүлээд нэг асуудлыг гаргаж тавимаар байна. “CU”, “GS25”-ын нойл өдөр бүр засвартай, эсвэл ажиллахгүй гэсэн бичиг наачихсан, түгжээтэй байх нь элбэг. Зарим нь амралтын өрөөгөө агуулах болгочихсон байдаг. Угтаа бид чинь бараа бүтээгдэхүүнээ тэр газруудаас илүү хямдхан зардаг. Тэд дор хаяж нэг бүтээгдэхүүний үнэ дээр хамгийн багадаа 700 төгрөг нэмдэг. Шөнийн цагаар бол жинхэнэ үнийн хөөрөгдөл бий болгодог. Ингээд бүх нөхцөл байдлыг аваад үзэхээр ерөөсөө л лобби хийгээд байна” гэв.

Сонгинохайрхан дүүргийн найман нэрийн барааны дэлгүүр эрхлэгч Ц.Зоригоо: Хэрвээ үнэхээр иргэдээ боддог, байсан бол “CU”, “GS25” гэх сүлжээ дэлгүүрүүдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах эрх олгохдоо илүү өндөр шаардлага тавьж, хяналттай ажиллах байлаа

Тэрбээр “Саяхан дэлгүүрийнхээ архи, согтууруулах ундаа худалдан борлуулах эрхийг сунгуулсан. Анх удаагаа зөвшөөрөл авах гэж байгаа юм шиг л үйл явдал болоод өнгөрлөө дөө. Эрх сунгуулах бүрт ихэнх шаардлага өөрчлөгдсөн байдаг. Цаашдаа иргэдээ бодсон, тогтсон дэг журамтай болбол сайн байна. Ер нь найман нэрийн барааны дэлгүүрийн ихэнх орлогыг архи, согтууруулах ундаа бүрдүүлдэг. Бид “СU”-тэй ашгаа хуваадаг. Энэ бол нуугаад байх зүйл биш болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл, гадны хөрөнгө оруулалттай үйлчилгээний газрууд яг л бидэнтэй адилхан архи, тамхи худалдан борлуулдаг. Угтаа “CU” чинь түргэн хоол болон хүнсний бүтээгдэхүүн зарах зориулалттай л газар. Тэд яг энэ зориулалтынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулах юм бол дотоодын жижиг дунд бизнес эрхлэгч бидэнд нэн тустай юмсан. Гэтэл манайхан яг эсрэгээрээ, дотоодынхоо жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шахаж гаргах гээд байдаг. Бодоод үзвэл, бараг бүх дэлгүүр хамгийн дээд талдаа оройн 00:00 цаг хүртэл ажилладаг. Харин “CU”-гийн ихэнх салбарууд 24 цаг ажилладаг. Энэ юу гэсэн үг вэ. Ерөөсөө 24 цагийн турш архи, согтууруулах ундаа, электрон тамхи, бэлэн гоймон худалдан борлуулж байна. Тэгэхээр бид ашиг, орлогоо хувааж байна гэхээсээ илүүтэй гадаадын хөрөнгө оруулалттай үйлчилгээний сүлжээ дэлгүүрт боломжоо, ашиг орлогоо алдсан болж таарч байгаа биз дээ. Өмнө нь зөвхөн хотын төвөөр салбараа нээдэг байсан бол одоо бидний хажууд буюу хотхон бүрд нээгддэг боллоо. Хэрвээ үнэхээр иргэдээ боддог, бидний төлөө ажилладаг байсан бол гадаадын үйлчилгээний газруудад архи, согтууруулах ундаа худалдан борлуулах эрх олгохдоо илүү өндөр шаардлага тавьж, хяналттай ажиллах байсан биз дээ. “CU”, “GS25” сүлжээ дэлгүүр найман нэрийн барааны дэлгүүрүүдийг хаалгаа барихад хүргэж байна” гэсэн юм.

Сүхбаатар дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний дарга Д.Цэрэнпүрэвээс энэ асуудлын талаар тодрууллаа.

-Найман нэрийн барааны дэлгүүр эрхлэгчид архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл авахад дор хаяж нэг жилийн хугацаа шаарддагаас гадна нойл, угаалтуур, амрах өрөөтэй байх гэх мэт маш олон шалгуур тавьдаг хэмээн бухимдалтай байна. Үүнд та тайлбар өгнө үү?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам гэж бий. Би бусад дүүргийг сайн мэдэхгүй байна. Манай дүүргийн хувьд 14 хоногт нэг удаа хуралдаад, энэ хугацаанд ирсэн материалуудыг хянан шалгаж үздэг. 14 хоног гэдэг миний хувьд боломжийн хугацаа гэж бодож байна. Мэдээж энэ үйл ажиллагаа үе шаттайгаар явагдана. Эхний шатандаа иргэд тухайн объектынхоо хүсэлтийг галын дүгнэлт, хог тээврийн гэрээтэйгээ хамтад нь явуулна. Үүний дараа манайхаас хянан шалгаад баталгаажуулсан тохиолдолд ажлын байрныхаа дүгнэлттэй хамт орчны 50м-ийн зургаа хавсаргаж, дахин хүсэлтээ илгээнэ. Нойл, гар угаалтуур, амрах өрөөний хувьд тодорхой стандарттай. Нийслэл хот өөрөө нойлын асуудал ихтэй шүү дээ. Жишээ нь, дэлгүүрт явж байхад бага насны хүүхдийнх нь гэдэс өвдөөд яаралтай нойл орох хэрэгцээ багагүй тулгардаг. Өмнө нь иргэд шууд гадна талбайг хэрэглэх тохиолдол цөөнгүй харагддаг байсан. Харин одоо ойролцоох найман нэрийн барааны дэлгүүр болон “CU”, “GS25”-руу гүйгээд орох бүрэн боломжтой.

-Саяхан “CU”-тэй холбоотой томоохон шуугиан дэгдсэн. Иргэд “CU”, “GS25” сүлжээ дэлгүүрүүд төрд лобби хийхээс гадна 24 цаг архи, согтууруулах ундаа зардаг. Тиймээс орлогын хувьд биднээс харьцангуй илүү боломжийг эдэлдэг гэх гомдолтой аж ахуйн нэгжүүд байна?

-“CU”, “GS25”-аас гадна бусад хувийн дэлгүүрүүд тохирлын гэрчилгээгээ авчихвал 24 цагаар үйл ажиллагаа явуулан, архи согтууруулах ундаа худалдан борлуулах боломж нь нээлттэй байгаа. Намайг зөвлөлийн хурал дээр сууж байхад хувийн дэлгүүрүүдийг дэмжихгүй байна гэх мэт асуудал огт гарч байгаагүй. Ийм өрөөсгөл ойлголт яваад байх шиг байна. Зөвхөн “CU”, “GS25”-ыг дэмжээд бусдыг нь орхигдуулна гэсэн зүйл огт байхгүй. Бүгдэд нээлттэй, шударга, тэгш хандана.

-Хуульд найман нэрийн барааны дэлгүүр эрхлэгчдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулах эрх олгохгүй гэж илт мэдэгдэхүйц заагаагүй ч одоо байгаа шаардлага, журам нь өөрсдөө хаалгаа барихад хүргэж байна гэсэн байр суурийг иргэд илэрхийлж байна лээ?

-“CU”, “GS25”-д тусгай зөвшөөрөл их олгогдож байгааг үгүйсгэхгүй. Үгүйсгэхгүй гэдэг нь ямар учиртай вэ гэвэл тэднээс ирж байгаа хүсэлтийн тоо их байдаг. Жишээ нь, хагас жилийн хугацаанд 100 хүсэлт орж ирлээ гэхэд 50 нь “CU”, “GS25”-ынх байж болно. Үүнээс үүдэн хүмүүс хардаж болох юм. Яг одоо зөвлөлийн хурал дээр “GS25”, “CU”-ээс ирсэн хүсэлтэд давуу эрх олгоно гэсэн зүйл огт байхгүй. Зөвлөлийн хуралд татварын алба, цагдаагийн ерөнхий газар, эрүүл мэндийн газар гэх мэт албан байгууллагуудын мэргэжилтнүүд суудаг. Цагдаагийнхан “CU”, “GS25” сүлжээ дэлгүүрүүдэд эхний зургаан сарын хугацаанд 24 цагийн эрхийг олгодоггүй.

Харин энэ хугацаанд зөрчилгүй, дуудлага багатай байвал эрхийг нь олгодог журамтай. Ийм байдлаар бид үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнээс биш аль нэг талд шууд давуу байдал олгож, үйлчилсэн зүйл огт байхгүй гэдгийг иргэд зөвөөр хүлээж аваасай.