Thor-ын эхнэр маш мэдрэмжтэй байж, нөхрийнхөө карьерын ид эргэлтийн цэг дээр нь түүнийг сайтар дэмжсэн учраас өдгөө Крис Хемсвөрф ийнхүү супер од болсон ч гэж мэргэжилтнүүд тайлбарладаг.

Крис энэ талаар ярихдаа “Ар гэрийн амьдрал болон ажил хоорондын тэнцвэрийг зохицуулах нь маш чухал байсан. Эхнэр бид 2 анх учраад, хоёр биендээ дурлаад л, хүүхэдтэй болчихсон. Тэгээд хэдэн жил бараг биенээ хараагүй гэж болно. Нилээд хэдэн сараар кино зураг авалттай байх үе ч бий. Миний хувьд карьерын ид эгзэгтэй үе байсан. Энэ л хугацаанд идэвхтэй ажиллаж, карьераа баталгаажуулж авахгүй бол арын эгнээ рүү шидэгдэх бодит аюул байсан” гэжээ.

Хэдэн зуун мянган охид бүсгүйчүүдийн шүтээн болон хувирч байгаа нөхрийнхөө ажлын карьерыг мэдэрч, өөрийнхөө жүжигчний карьераас түр амсхийж, гурван хүүхдээ харах ажилд голчлон анхаарч чадсан ухаалаг бүсгүй бол Испаний жүжигчин, модель, кино продюсер Элса Патаки юм.

Тэрбээр 2010 онд Крис Хемсвөрфтэй найзаараа дамжуулан танилцаж байсан бөгөөд тухайн жилийнхээ зул сарын баяраар Крис, Элса хоёр хуримаа хийж байжээ. Кристэй танилцах жил хүртэл Элсагийн кино карьер ихээхэн идэвхтэй байсан ч, хувийн амьдралаа төвхнүүлээд нилээд хэдэн жил гэртээ суусан гэдэг. Энэ хугацаанд Элса гэхдээ зүгээр суусангүй, та бидний сайн мэдэх “The Fast and the Furious” буюу Галзуу хурд цувралын Еленагийн дүрийг бүтээгээд амжсан.

Хосууд хоорондоо 7 насны зөрүүтэй. 35 настай Крис, 42 настай Элса нар нь 2012 онд төрсөн охин, 2014 онд мэндэлсэн 2 ихэр хүү гээд нийт 3 хүүхэдтэй юм. Тэдний гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хөгжилтэй нийтэч байдал нь Крис, Элса нарын инстаграмаар дамжин олон сая хүмүүсийн хайрыг татдаг.

Дашрамд хэлэхэд Элса Патаки нь Оскарын шагналт жүжигчин Адриен Бродитой 2006-2009 он хүртэл 3 жил үерхэж байжээ. Төгөлдөр хуурч киногоороо ихээхэн алдаршсан Адриен Броди нь Элса Патакигийн 31 насны төрсөн өдөрт зориулж, бүхэл бүтэн харш цайз худалдан авч өгч, бэлэглэж байсан гэдэг.