Сэлбэ хот орон сууцжуулах төслөөр 10063 айлын орон сууц барина. Эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг өнгөрсөн сард зарласан. Өнөөдөр 10063 айлын орон сууц барих 158 га газрын чөлөөлөлт 85 хувьтай байна.

 

Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд 2206 айлын газрыг чөлөөлжээ. Үүнээс 1725 айлтай нөхөн олговрын гэрээ байгуулж, 1700 айлын нөхөн олговрыг олгоод байна.

 

Сэлбийн газар чөлөөлөлт дараах онцлогтой. Нэгдүгээрт, энэ хэмжээний том талбайд газар чөлөөлөлтийг өмнө нь хийж байсангүй. Хоёрдугаарт, гэр хорооллыг орон сууцжуулснаар агаарын бохирдлыг бууруулна, түгжрэлийг тодорхой хэмжээгээр багасгана. Гуравдугаарт, Засгийн газрын “20 минутын хот” конвенцын хүрээнд баригдах эхний хотоор Сэлбэ хот нэрлэгдэж байна.

Сэлбэ хот төсөлд өнөөдөр газар чөлөөлөлт амжилттай явагдаж байгаагаас гадна инженерийн дэд бүтэц хийгдэж байна.

Мөн Сэлбийн газар чөлөөлөлтөд хамрагдаж чадаагүй буюу Сэлбэ хотын газрын нөлөөлөлд өртөөгүй Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдээс газраа чөлөөлүүлэх хүсэлтийг НЗДТГ-т ирүүлж байгаа аж. Тухайн оршин суугчдын олонх хүсэлтээ баталгаажуулбал нэмж газар чөлөөлнө гэдгийг Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мөн мэдэгдэв.