БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч П.Өлзийнаран өөрийн цахим хуудсандаа Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд өнгөрсөн шөнө ТҮЦ-ээр "бороо" оруулж байгаа талаар бичлэг оруулж, олон нийтэд хүргэхийг хүссэн юм. 

Тэрбээр “Эдгээр ТҮЦ-ний ард Баянгол дүүргийн алба, хэлтэс, хороодын дарга нарын нэр байдаг. Тэгээд бие биенийхээ хороон дээр ТҮЦ аваачиж тавьдаг. Эд нарыгаа зайлуул гэж шаардахаар “Бид мэдэхгүй шөнө авчраад тавьчихсан гэж мэдэн будилдаг”.

Нэг удаа 1 дүгээр хороон дээр ТҮЦ буулгаж байгаа хүнтэй уулзаад “ТҮЦ буулгах зөвшөөрөл чинь хаана байна, гаргаад ир” гэхээр урдаас “Байхгүй, танай дарга нартай ярьсан гэж мэлзсэн. Тэгээд хорооны дарга руу нь ярьж асуухаар “Наад ТҮЦ-ээ дуугай тавь, нүдээ аниад байж бай” гэж утсаар ярьсан. Ингэж хууль бусаар ТҮЦ авчраад явган хүний зам дээр тавьчихдаг. Энэ ТҮЦ-үүдийг ядарсан хүмүүс авчирч тавихгүй байгаа юм.

Дарга нар авчраад ядарсан хүмүүст түрээслэж байгаа юм. Амьжиргааны эх үүсвэрээ олох гэж байгаа хүмүүс ийм ТҮЦ авчирч тавьж чадахгүй.

Баянгол дүүргийн гудамж талбай дахь ТҮЦ-ны худалдаа хэрээс хэтэрлээ. Хөл гишгэх зайгүй худалдаа явагддаг. Амт чанарын хувьд тааруу, стандартын шаардлага хангахгүй гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг.

Хамгийн гол нь хүмүүсийн амьдрах орчин, тав тух гэж байх ёстой. Гэтэл талбай болгоныг ашиглаад ТҮЦ-ээр бөглөөд тавьдаг. Тодруулбал, УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнийн тойрогт ТҮЦ-ээр бороо орж байна. Байр хороолол, хүмүүсийн амьдарч байгаа орчинд олон ТҮЦ байх нь хэр зөв зохимжтой шийдвэр вэ.

Тиймээс дээрх хорооны иргэд хууль зөрчиж байгаа бүх үйлдэлтэй тэмцэж шүүмжилж эхэлнэ. Хорооны дарга нар нь оршин суугчдаа улстөржихгүй байхыг сануулдаг. Гэвч зөв зүйлийг нь зөндөө дэмжсэн иргэд одоо буруу зүйлийг нь хараад дуугай сууж чадахгүй тул ийнхүү эсэргүүцэж шүүмжилж, ТҮЦ-нүүдээ зайлуулахыг шаардаж байна. Дандаа дарга нарынх, эсвэл намын нэртэй ТҮЦ-үүд сул чөлөөтэй гэх талбай болгоныг эзлээд байна” гэв.