Лууяа: “Авьяастай хүн олон ч чанартай бүтээл гаргадаг нь цөөхөн”
1 цагийн өмнө

Залуу уран бүтээлч Э.Лувсанцэрэн буюу Лууяа урлагийн салбарт өнгөрүүлсэн 12 жилийн хөдөлмөрөө дүгнэж анхны бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэж байна.
Тэрээр энэ сарын 25-нд “АСА арена”-д болох тоглолтоо уран бүтээлийнхээ тайлан хэмээн тодорхойлж байгаа бөгөөд үзэгч, сонсогчдодоо илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьжээ. Мөн дэлхийн стандартын дуугаралттай тус танхимд үзэгчдийн мэдрэмжийг гэрэлтдэг бугуйвчаар нэгтгэн, дурсамж дүүрэн үдэш бүтээхээр төлөвлөсөн байна.
Лууяа урлагийн салбарт 12 жилийг алдаатай, оноотой өнгөрүүлсэн ч энэ хугацаанд хийсэн уран бүтээлүүд нь үзэгчдийн сонорт хүрч, дурсамжид нь үлдсэнд баяртай байдгаа ярьжээ.
“Урлагийн салбарт хөл тавьсан хүн бүр хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж хийсэн уран бүтээлээрээ танигдахыг хүсдэг байх. Хүлээн зөвшөөрөөгүй харц бүрийг даван туулаад Лууяа гэх залуугийн уран бүтээл хүмүүсийн дурсамж, зүрх сэтгэлд хүрсэн болохоор сайхан. Авьяастай хүн олон байгаа боловч гараасаа чанартай юм гаргадаг нь цөөхөн. Тулаанд зөвхөн шонхрууд нисдэг гэдэг дээ. Тиймдээ ч хөдөлмөрлөсөн он жилүүд минь хүлээн зөвшөөрөгдөх эхлэл байсан” хэмээн тэр хэлсэн юм.
Тэрээр өөрийгөө нэг хэв загварт баригдах дургүй уран бүтээлч хэмээн тодорхойлж, зохиолын дуу, поп, хип хоп зэрэг өөрийгөө илэрхийлэх боломжтой олон төрлийн хөгжмийн чиглэлийг эрэлхийлдэг байна.
Мөн сүүлд гаргасан “Зургаан утастай банзан гитар” дуугаа Бескатай хамтран дуулжээ. Уг дуу нь тодорхой зохиогчгүйгээр хүмүүсийн дунд ам дамжин дуулагдаж, нутаг нутагт өөр өөр хувилбараар аялагддаг байсан аж. Тэдгээрээс өнөөгийн залуусын сонсох хэв маягт нийцэх хувилбарыг сонгон шинэчилсэн байна.
Түүний хувьд уран бүтээлээрээ дамжуулан монгол ахуй, соёлыг залуу үед хүргэх нь чухал. Тиймээс дууныхаа дүрслэл, агуулгад үндэсний өнгө аясыг шингээж, хүүхэд залуусыг өөрсдийн өв соёлтой нь холбохыг зорьдог аж.
-
1
-
2






