Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд нэгдэж “Бие даан нэр дэвшигчдийн холбоо” нэрийн дор УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулах "Электорат" хөдөлгөөнийг байгуулсан талаар бид мэдээлж байсан. Энэ талаар УИХ-ын гишүүн асан З.Алтайтай ярилцлаа.


-Өнгөрсөн пүрэв гаригт танай хөдөлгөөний хоёрдугаар чуулган болж өнгөрлөө. Та Электорат хөдөлгөөнд яагаад элсэх болов?

-Манай хөдөлгөөний хоёрдугаар чуулган болж, цаашдынхаа ажлаа ярилаа. Энэ хөдөлгөөнд нэгдсэн хүмүүс өөрсдийн хүслээрээ л цугласан. Салбар салбартаа л хийж бүтээсэн зүйлтэй, нас намба тогтчихсон, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн ийм л улсууд энд нэгдсэн. Эдгээр улсуудад хөдөлгөөн байгуулаад явахаас өөр хийх зүйл олон бий. Гэтэл цаг заваа гаргаад, нийгмийнхээ болж бүтэхгүй асуудлуудад санаагаа чилээж, үзэл бодлоо хэлчихье гээд цуглаж байна гэдэг нь ерөөсөө цонхны цаадах амьдрал болохгүй байгаагийн шинж. Бүх зүйл амар, амгалан болдог юм болдгоороо болж, төр засаг нь ажлаа гялалзтал хийж байсан бол юу гэж хийх ажилгүй хүмүүс шиг энд цуглахав дээ. Энэ нийгэм болохоо байлаа шүү дээ.

-Тухайлбал?

-Бид чинь монгол хүмүүс. Энэ эх орныг хайрламаар байна. Үр хүүхэд, ач зээ нарынхаа маргаашийн ирээдүйг бодохгүй бол хэцүүдлээ. Би энэ улс орондоо хийх зүйлээ хийчихсэн, одоо надад хамаа байхгүй гээд суугаад байвал хэн энэ улс орныг чинь залуурдах юм. Хойч үеэ бид тамын тогоо руу түлхмээргүй байна. Зөвхөн эдгээр намуудаас сонгогдсон хүмүүс хамгийн мундаг, ухаалаг, эд нар л Алтан гадас одыг заагаад явчихна гэдэг шиг худлаа юм байхгүйг сүүлийн 30-аад жил бид харлаа шүү дээ. Худлаа ярьдаг, амладаг, мөнгө иддэг, луйвар хийдэг гээд болохгүй болгоныг л тэд хийж байна. Сүүл рүүгээ Их хурлын гишүүд хүчин хийдэг болоо биз дээ. Үүнийг дээд дамуурал гэж ойлгох нь зөв биз. Зүгээр нэг компанид ажиллаагүй Монголын төрд зүтгэж байгаа шүү дээ. Үүнийг л өөрчлөх шаардлага тулгарлаа. Бид бол улс төрийн нам биш. Сайн дурын үндсэн дээр нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн хөдөлгөөн. Энэ хөдөлгөөнд нэгдлээ гээд ашиг хонжоо, алдар нэр, эд хөрөнгө гээд юуг ч горилоогүй. Энэ муухай үнэртэй болчихсон парламентын илжирч, ялзарсан хөнжлийг сэвж, жаахан цэвэр агаар оруулмаар байна. Хэдэн ЖДҮ-чдийн оронд ЖДҮ хийе гэж огт боддоггүй зөв хүмүүсийг төрд гаргамаар байна шүү дээ. Хэдэн бие даагч УИХ-д гарлаа гээд Засгийн эрхэнд гарчихна гэдэг юу л бол. Гэхдээ л Монголын төлөө гэсэн сэтгэлтэй хэдэн зөв хүнийг төрд гаргачихвал бидний сэтгэл амарна. Эд нар минь Монголыг хөгжүүлээсэй, зөв замд нь оруулаасай гээд дээлийнхээ захыг эргүүлээд суумаар байна. Энэ бол Электорат хөдөлгөөнд элссэн хэдхэн хүмүүсийн асуудал биш. Энэ бол хэдэн сая Монголын сонгогчдын төлөө юм.

-Хамгийн гол нь тэр хүч нь юу юм бэ?

-Бид ард иргэдийгээ юу хүсч, хүлээж байгааг мэдэхийн тулд судалгаа хийсэн. Энэ судалгаагаар маш олон зүйл харагдлаа. Иргэд эрх барьдаг хоёр намд итгэх итгэлгүй болж, тэднийг тоож харахаа ч больж. Үүнээсээ улбаалаад сонгуульд саналаа өгөхөө ч больчихож. Ойлгомжтой шүү дээ. Саналаа өгөөд гаргачихаар дараа нь юу болдгийг ард иргэд мэдэж байгаа. Бүр хашраачихсан байна. Энэ улсуудын итгэлийг эргүүлэн сэргээе. Энэ улсын эзэн нам болж тоглодог хэдэн улстөрчид биш шүү дээ. Монгол Улсын жинхэнэ эзэд бол бид юм аа нөхөд өө. Одоо сэрцгээе. Эрүүлээр сэтгэцгээе. Ингээд ирэх оны сонгуульд эх орныхоо хувь заяаг зөв хүмүүст өгье. Гурав дахь сонголт гэж энэ хоёр нам хэзээ ч өгдөггүй юм. Тиймээс бидний зүгээс та бүхэнд гайгүй зөв гэж бодсон хүнээ санал болгоно. Ард иргэд өмнө нь зөвхөн хоёр намын нэгийг сонголтгүйгээр зурдаг байсан бол гурав дахь хүнийг та бүхэн хараадахаарай. Наадах чинь бас гайгүй хүн байх магадлалтай шүү гэдэг сэдлийг өгөх гэж байгаа юм. Бид 2020 оны УИХ-ын сонгуулийн 76 тойрогт өрсөлдөх бие даан нэр дэвшиж болохуйц хүмүүсийг олон түмнээр бүтэн жилийн турш хэлэлцүүлэх зорилгыг тээж байгаа.

-Электорат хөдөлгөөний хувьд одоо ямар ажлууд хийж байна?

-Энэ хөдөлгөөн байгуулагдаад дөнгөж хоёр сар болж байна. Бид сэтгэлээрээ л ажиллаж байна. Долоо хоног бүр тогтмол 20 орчим хүн уулзаж, идэвхтэй оролцож байна. Одоохондоо яавал ард иргэдийгээ зөв гольдролд оруулах вэ, яасан нь дээр вэ гэдгийг л ярьж байна. Бид энэ хөдөлгөөнд оролцлоо гээд цалин мөнгө авч байгаа биш. Сэтгэлийн асуудал л даа. Бид улс төрийн нам биш. Улс төрд гараад ЖДҮ "хусна" гэх мэтийн санаа байхгүй шүү дээ. Хамгийн гол нь бидний үйл ажиллагаа ард иргэдэд нээлттэй байх ёстой. Ард иргэд бид хамтдаа зөв хүнийг олно. Тэрнээс бид хэд суучихаад энэ нь бохир, тэр нь цэвэр гэдэг зүйл байдаггүй юм. Одоо манай хөдөлгөөний зөвхөн эхлэл хэсэг нь явж байна. Сонгууль хүртэл зай ч байна.

-Та бүхний дараагийн ажил юу байх вэ?

-Зун цаг ирлээ. Одоо бол бүх хүн л амардаг айрагны үе шүү дээ. Тиймээс есдүгээр сараас бидний ажил идэвхжинэ. Сонгууль ойртож байна.

-Та бүхэн хоёр ч удаа иргэдийн дунд тандалт судалгаа явуулж, 2020 оны сонгуулийн нөхцөл байдлыг өнөөдрийн байдлаар тогтоон гаргасан. Сүүлийн судалгааг өмнөхтэй нь харьцуулахад МАН, АН-ын рейтинг бага зэрэг өссөн байна лээ. Та бүхэн үүнийг сонгуультай холбож тайлбарлаж байсан?

-МАН-ын рейтинг дээшлээд сүйд болсон зүйл байхгүй шүү дээ. Хэдэн гайгүй залуучууд гарч ирээд шударга ёсны сэлэм ч билүү тэрийгээ эргүүлэхээр МАН гэдэг нэр л сэргэж байна. Тэрнээс шалдаа буучихсан л байсан. Тиймээс МАН гэж хайр зарлаад байгаа биш хэдэн лидер залуучуудад нь итгэх итгэл ард иргэдэд байна. Хэдэн залуучууд гарч ирээд намдаа салхи оруулах нь бидэнд л сайн. Ирэх жилийн сонгуулиар элдэв амлалт өгөөд, мөнгө тараана, бүгдэд нь хайртай гээд үнсэж үнгээд л шоудаад л байна шүү дээ. Гэхдээ бидэнд үлгэрт итгэх итгэл алга. Ирэх сонгуулиар хулгайчуудын оронд зөв хүн гараасай, боловсролтой мэдлэгтэй хүн сонгогдоосой гэж Электорат хөдөлгөөн зориод байгаа юм.

-Та УИХ-ын гишүүн байсан хүн. Өнөөгийн УИХ-ын үйл ажиллагааг хэрхэн харж байна вэ?

-Би бол улстөрч биш. Өөрийгөө улстөрч хүн гэж хэлэхээсээ ичдэг. Зүгээр УИХ-д дөрвөн жил суусан бие даагч хүн. Нийгэм өөрөө олон хуулийг шаардаж байна. Гэвч босч зогсож үг хэлнэ гэх мэт марзан юм ярьж байхаар одоо хийх гэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөө ул суурьтай хийчих хэрэгтэй. Үндсэн хуульдаа тодорхой хэмжээний зөв өөрчлөлтийг хийчихсэн байхад бусад дагалдах салбар хуулиуд явдгаараа л явна. Шүүмжлэлтэй зүйлс зөндөө байгаа. Аль ч улсад 100 хувь бүрэн болчихсон хууль гэж байдаггүй. Сул тал, сайн тал аль аль нь байж л байгаа. Уул нь гол юмаа зургадугаар сард амжаад хийчихвэл. Үндсэн хуулийг 65-уулаа нийлээд баллах гэж байна гээд дэмий зүйлс ярьж л байна. Энэ 76 хүнийг ард иргэд Монголын амьдралыг сайжруул гээд сонгочихсон байхад дахиад ард түмний хэлэлцүүлэг явуулах ямар хэрэгтэй юм бэ. Ард түмэн бүр Үндсэн хуулийг ингэж өөрчилнө гэж нарийн мэдэхгүй.

 

Өдрийн сонин