УИХ-д ямар ч хэрэггүй олон жил суудлын бөглөөс болж буй олон гишүүд бий. Тэдгээрийн нэг бол өдгөө Батлан хамгаалахын сайдаар ажиллаж буй УИХ-ын гишүүн С.Бямбацогт юм.

Энэ хүний намтрыг харвал олон жил нам дагаж, даргын албан тушаалд очиж байсан  нэгний дүр харагддаг. С.Бямбацогт Монголын төрийг түшилцээд 17 жилийн нүүрийг үзэж байгаа ба тэрбээр 2008 оноос хойш тасралтгүй УИХ-д сууж, тав дахь удаагаа сонгогдон өдгөө гурав дахь яамныхаа сайдаар ажиллаж буй. Түүний тухайд ярьвал энэ хүн өмнө нь Хууль зүйн дотоод хэргийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын албан тушаалыг хашиж, өдгөө Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаа ч төрд хэрэгтэй зайран гэж огт харагдахааргүй нэгэн.  Гэвч тэрбээр өнгөрсөн хугацаанд энэ бүх албан тушаалыг хаших явцдаа гарт баригдаж нүдэнд үзэгдэх ямар ч томоохон ажил хийгээгүй бөгөөд УИХ-ын сонгууль болгоноор Ховд аймгаас нэр дэвшиж, ямар нэгэн аргаар гишүүн болоод гараад ирдэг.  

 

Түүний тухайд хүмүүс сайдаар ажиллах бүртээ тухайн салбар бүртээ өөрийн хүмүүсийг тараан байршуулж, төрийн албыг эрээ цээргүйгээр хувийн компани шигээ өмчилдөг. Мөн сонгуулийн сурталчилгаандаа ажилласан нутаг нугийнхан, ойр дотныхноо төрийн яам, агентлагуудад ногоон гэрлээр ажилд оруулдаг зэрэг олон зүйлийг ярьдаг.

 

Мөн С.Бямбацогт нь УИХ-ын гишүүн болсноосоо хойш өөрийн хамаарал бүхий маш олон компаниудад тендэр, хөнгөлөлттэй зээл, концесс авсан хэрэгт удаа холбогдсон гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан бөгөөд бүр Ховдын Дархан цаазат газарт хууль бусаар гянтболд бүлэглэж олборлосон хэрэгт холбогдсон гэдэг албан бус мэдээлэл байдаг. Бас зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Ховдоос нийслэл рүү түрсэн улс төрийн бүлэглэлийг удирддаг баруун аймгийн нөлөө бүхий улс төрч ч гэж ярьдаг. Ямар ч байсан энэ хүн төрд өдий олон жил удирдах албан тушаал хашихдаа ганц ч олигтой гавьяа байгуулаагүй гэдгийг Монголын ард түмэн сайн мэднэ. Мэдээж хэрэг Монголын төрд олон жил ямар ч үр ашиггүй сууж төсвийн хөрөнгөөр цалинждаг иймэрхүү хүмүүсийн тухай яриад байвал дуусахгүй. Тэр үүднээсээ ер нь  хэнд ч хэрэггүй хүмүүсийг Монголын төрөөс зайлуулж, утгаггүй явдлыг нэг мөсөн цэгцлэх шаардлага Монголын ард түмний өмнө ирээд байна.

 

Бид бүхний сайн мэдэх ардчилал өндөр хөгжсөн гэгдэх улс орнуудад ямар ч чадваргүй хүмүүсийг төрийн албан тушаалд огт ажиллуулдаггүй бөгөөд хэрвээ тухайн хүн нь үнэхээр толгой муутай бол тэр дор нь өөр чадвартай хүнээр сольдог олон улсын жишиг байдаг.

 

Харамсалтай нь манай улсад ийм систем өнөөг хүртэл бүрэлдэн тогтоогүй бөгөөд тэр тусмаа хүмүүсийнх нь боловсрол ухамсар муутай манай оронд 80 жил эрх барьсан МАН-ынхан ёстой л дураараа дургиж хэн дуртай хүнийг өөрсдийнхөө үзэмжээр даргаар томилдог. Хэрвээ Монголын төрд чадвартай хүмүүсийг сонгон шалгаруулж авдаг ийм систем байсан бол Монгол Улс өдгөө дэлхийд нэлээн гайгүй хөгжилтэй орны тоонд орох байсан нь гарцаагүй. Нөгөө талаар С.Бямбацогт шиг хүмүүс яагаад Монголын төрд олон жил даргын суудалд тухалж байгаа нь ерөөс манай улсын улс төрийн системийн гажуудалтай холбоотой. Учир нь эрх баригч МАН олон жил төрд зайдалж хууль бус аргаар сонгуульд ялалт байгуулдагаас болж Монголын ард түмэн өнөөдөр энэ бүх төрийн дампуурлын дунд амьдарч байна. Тэр үүднээсээ Монголын ард түмэн ийм шударга бус зүйлтэй одооноос эхлэн эрс хатуу тэмцэж эхлэх хэрэгтэй бөгөөд тэгэхгүй бол Монгол Жлс удахгүй Туркменистан шиг авторитар дэглэмтэй орон болж, ирээдүйд энэ улс орны хувь заяа ихээхэн бүрхэг болох шинжтэй байна.

Тийм болохоор энэ мэт эль доль болсон дарга нарыг Монголын төрөөс зайлуулаагүй цагт энэ бүх хулгай дээрэм хэзээ ч арилахгүй бөгөөд жирийн олон сонгогчид нөгөө л хүмүүсээ ахин дахин сонгосоор байвал энэ улс хэзээ ч хөгжиж дэвшихгүй нь ойлгомжтой юм.

С.Хулан

sonin.mn