Баяр наадмын дараа улс төрд шуугиан нэмэх сэдвийг Ерөнхийлөгч Х.Баттулга сөхөн тавив. Тэрбээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган онцгой хариуцлагатай цаг үед хуралдаж, онцгой чухал хуульд нэмэлт өөрчлөлт хийх гэж байна хэмээгээд, Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх явцад олон нийтээс гаргасан саналуудыг багцалж, монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал, төслийг боловсруулснаа танилцуулсан юм. Түүний уг нэмэлт, өөрчлөлтөд оруулсан саналд,

Долоо. Хууль болон Улсын Их Хурлаас гарч буй бусад шийдвэрийг чанартай, үр нөлөөтэй болгох, Засгийн газрын тогтвортой байдалд цөөн тооны гишүүд шууд нөлөөлж, огцруулдаг жишгийг халах, Улсын Их Хурлын гишүүд зүй бус нөлөөнд автах эрсдлийг илэрхий бууруулах, Засгийн газарт тавих парламентын хяналтыг үр нөлөөтэй болгох зүй ёсны шаардлагын хүрээнд Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж байгаа тул үүнтэй уялдаатайгаар Улсын Их Хурлын гишүүний Ерөнхий сайдын албан тушаалаас бусад давхар ажил эрхлэх эрхийг бүрэн хязгаарлах шаардлагатай гэж үзсэн болно.

1992 оны Үндсэн хуулийг батлагдах үед Монгол Улсын хүн ам 2,158,362 байсан бол 2019 онд 3,238,479 болж, 1,080,117 хүнээр өсөн нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, 1992 онд Улсын Их Хурлын 1 гишүүн 28,399 орчим хүнийг төлөөлж байсан бол 2019 онд энэ тоо 42,611 орчим болж эрс өссөн байна. Хүн амын тоо гуравны нэгээр өссөн байхад Улсын Их Хурлын гишүүдийн тоо хүн амын тоотой харьцуулахад цөөн хэвээр байгаа нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл алдагдахад нөлөөлж, парламентад зүй бус нөлөөлөл орох эрсдлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

Аливаа улсын парламент “хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих” чиг үүргээ чанартай хэрэгжүүлэхийн тулд хэдэн гишүүнтэй байвал зохистойг тооцоолон гаргадаг аргачлал бий. Энэ аргачлалаар тооцвол 3 сая 200 мянган хүн амтай улсын парламент 114 орчим гишүүнтэй байх боломжтойг 108 болгох санал гаргаж байна. Энэ нь Улсын Их Хурлын төлөөлөх чадвар, сонгогдсон гишүүний ажлын ачаалалд тохирох хамгийн боломжит хувилбар гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурал цөөн тооны буюу 76 гишүүнтэй байгаагаас аливаа асуудлыг ердийн олонхиор шийдвэрлэх, хэт цөөн гишүүн хууль  батлах, улс орны амин чухал асуудлыг шийдвэрлэх сөрөг нөлөөллүүд үүсэж байна. Тодруулбал, Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхи буюу 39 нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, ердөө 20 гишүүний саналаар (1/3-ээс бага) хууль батлах боломжтой болсон нь чанаргүй, амьдралд буухааргүй, тогтворгүй, үр нөлөөгүй хууль гаргах сөрөг үр дагаварыг бий болгож байгаа юм.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг мажоритар системээр үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгоно гэсэн үг.  Хуулиар 801-ээс доошгүй хүн нэгдэж нам байгуулдаг босгыг өндөрсгөж 10 мянган хүн байх, мөн улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох санал гаргасан. Тэгвэл олон нийт их хурлын гишүүдийн тоог нэмэх нь данхайсан төртэй болж, хийж байгаа дорвитой ажилгүй болно гэж үзэж байна. Нөгөө хэсэг нь одоо байгаа 76 гишүүд талцаж, мэтгэлцээд чуулгандаа суухгүй байхад 108 болчихвол яаж цуглуулах вэ. Үүнийхээ оронд ардын хүүхдээс бүтээн байгуулалт, улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулчихдаг нэгнийг нам эвсэл, мөнгө хандив ярихгүйгээр дэвшүүлэх арга бодож олмоорсон доо. 

Давхар дээлтэй нөхдөө яая гэж... Дээр нь төсвийн мөнгөө хэмнэж чадахгүй дансаа улалзуулж суугаа байж 108 гишүүдийг тэжээх нь зохистой юу?. Тэд намынхаа жагсаалтаар гарч ирээд юу хийдэг билээ. Одоо их хуралд суугаа гишүүдийн хэн хэн нь намын сонголтоор гарч ирчихээд юу хийж яваа вэ гэдэгт хариулвал "бас л сонин" хариулт гарна. Гишүүдийг нэмэх гэж юунд яарна вэ, Намын сонголтоор гарч ирчихээд нөгөө намаасаа урваад явахгүй гэх батлагаа байхгүй. Тэгээд бүтээн байгуулалт, улс орны хувь заяаг шийдэх эгзэгтэй үед олонхи нам нь цөөнх болчих гээд нөгөө талдаа ороод ажил хийлгэх байдгийг Ерөнхийлөгч мэдэж буй биз ээ. Үүний цаана өөр бусыг халхлан далдаж буй гэх.