Намбарын Энхбаярыг би 1992 онд Соёлын сайд болсноос нь хойш мэдэх юм байна. Түүнийг таньдаг болсны хорин жилийн ой удахгүй болох нь. Улс төрч гэдэг бол нийгмээ дагуулагч. Улстөрч гэдэг бол зорилгоо зөв тодорхойлж эрх мэдэлд хүрч чаддаг, авсан эрх мэдлээ ашиглаж чаддаг хүн.

Улстөрч гэдэг бол бузгай сэтгэл зүйч, хамт олныг өөртөө татаж цагийг нь олж нэгтгэж чадагч. Энэ утгаар нь авч үзвэл Чингис хаанаас хойш Энхбаяр шиг хүчирхэг улстөрч манай түүхэнд гарч ирсэн юм болов уу? Гэндэн ерөнхий сайд нэлээд дөхөх боловч тэрээр Энхбаяр шиг боловсрол мэдлэгтэй байж чадаагүй.

Бас нэг Өрнийн сэтгэлгээний монгол хувилбар. Шинэ Монголын шинэ үеийн шилдэг төлөөлөгчдийн нэг. Сонгуульд ялагдаад бараг л тарж бутрах дээрээ тулсан байсан намыг тэр эргүүлж нэгтгэн босгож ирсэн. Өөр хүн бол чадахгүй байсан. Хүчирхэг улстөрч гэхээрээ л найрсаг, жудагтай, цагаан цайлган, үнэнч шудрага, хүний хувьд алт шиг байдаг ёстой ч юм биш. Харин ч эсрэгээр байж байж амжилт гаргадаг. Хүчирхэг улстөрчид зорилго нь аргаа зөвтгөнө гэсэн жаахан хүний үнэргүй зарчим баримталдаг. Ардчилсан чөлөөт нийгмийн тогтолцоо тэднийг Сталин, Гитлер, Мао болгочихдоггүй учир түүх зөвтгөдөг. Энэ л утгаараа Энхбаяр бол аугаа улстөрч.

Хэрэв Энхбаяр байгаагүй бол өнөө болтол газрын реформ хийгдээгүй л байх байсан. Газрын харилцаа шийдэгдэхгүйгээр Монголын цаашдын хөгжил мухар нүхэнд тулна. Зөвхөн энэ шийдвэр нь л гэхэд түүний нэрийг шинэ Монголын түүхэнд мөнхлөх юм. Хэрэв Энхбаяр байгаагүй бол бид одоо болтол “их өр” хэмээх Оросын өглөг авалгын дарамтанд бид байсаар байх байлаа. 17 тэрбум доллар гэж нэхээд байсан энэ өр хэвээрээ байсан бол Тавантолгой, Оюутолгой, стратегийн орд гэж орилолдоод байгаа болгон маань шууд л өрийн дансанд дугуйлагдах байв. Дэлхийн хамтын нийгэмлэгийн хамтаар монгол цэргүүд энхийг сахиулж яваа нь Монгол орны тусгаар тогтнолоо хамгаалах хамгийн хүчирхэг механизм. Энийг мөн л Энхбаяр хэрэгжүүлж эхэлсэн. Энхбаярыг бүх эрх мэдлийг авчаад олигтой реформ өөрчлөлт хийгээгүй гэж шүүмжлэх нь бий. Эргээд бодож байхад хийсэн нь нэг улстөрчид олдохоор шүү. Энхболд, Энхсайхан шиг эдийн засгийн шинэчлэл хийгээгүй ч улстөрийн зоримог алхам нь түүхэнд үлдэнэ.

Нийтлэлч Баабар