"Нүглийн нүдийг гурилаар хуурна" гэдэг үг бий. Нүд хуурсан ажил хийж, бүтээн байгуулалтыг богинохон настай болгосон замын компаниуд "бороо"-нд муу үнэлэгээ авав. Энэ хоёр өдөр үргэлжлэн орсон бороо монголчуудынг хаана хаанаа "хариуцлагагүй" гэдгийг нотолчихлоо гэхэд буруутахгүй нь ээ. 

Тухайлбал, Өндөрхаан чиглэлийн замд 25-26 см ус давсан бол Улаанбаатараас Чойр чиглэлд 160 метр зам дагуу хөвөө усархаг борооны улмаас угаагджээ. Мөн Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн хооронд хоёр хэсэг газраар үерийн ус давж, замын далан болон хөвөө урсаж, эвдэрсэн байна. Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Эгийн голын усны түвшин нэмэгдэж, Тэшигийн гүүрийн далан 20 мерт газар сэтэрсэн тул тус чиглэлийн замыг түр хаасан.

Усархаг борооны үеэр эвдрэл гэмтэл үүссэн Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын аюулгүй зорчих байдлыг хангахаар Авто тээврийн үндэсний төвийн баг бүрэлдэхүүн шаардлагатай арга хэмжээг авчээ. Хөдөө орон нутгийн замын эвдрэл, гэмтлээр ч зогсохгүй. Нийслэл хотод усны шуудуу ухаагүй байдлаас болж олон айл үерт автсан. Түүнчлэн зөвшөөрөлгүй барилга барьдагийн "балаг" ч гарлаа. Хэн гэдэг эрх мэдэлтнүүдийг төр барьж байх үед барилга барих газрын зөвшөөрөл өгсөн нь тодорхойгүй яармагт сүндэрлэж буй гурван барилгын компанийн буруутай үйл ажиллагаанаас болж авто замын хөдөлгөөнд оролцдог хэсэг үерт автав.  Энэхүү наадамчдын гудамжийн үерийн нөхцөл байдалтай хотын дарга газар нь дээр нь очиж ажилласан. Ингэхдээ Зөвшөөрөлгүй баригдсан барилгын компаниар бүх хохиролын үнэлгээг гаргаж, шийдүүлэх болно хэмээн онцолсон юм. Үүнийг үнэхээр хэрэгжүүлж бүх хохиролыг зөвшөөрөлгүй баригдсан барилгын компаниар төлүүлвэл хууль дүрмээ дагадаггүй нөхдүүд том сургамж болох нь гарцаагүй. 

Сонгинохайрхан дүүргийн III хорооны нутагт орших 50 орчим айл мөн л үерт автжээ. Үерийн ус айлын хашаа, байшинд нь ч оржээ. Оршин суугчид 1.2км зам тавьж байгаа гэхдээ зураг төсөл дээрээ үерийн ус зайлуулах хоолойгүй гэв. Нөхцөл байдал хүндрээд ирэхээр нь шуудуу ухаж эхэлсэн аж.

Ийнхүү хоёр өдрийн бороо олон хүний ажлыг шалгаад иргэдээр дүнгийн тавиулчихлаа. Үүн дээр явган хүний зам талбайг онцлох нь илүүц биз. Уртын харайлтын улирал ирсэн чинь бүгд биеийн тамирын хичээлдээ "сайн" байжээ гэх хошигнол хүртэл гараад амжив. 

Цаг уур орчин шинжилгээний газрын урьдчилсан мэдээгээр маргаашнаас эхлээд дахин усархаг бороо орно гэдгийг сэрэмжлүүлж байна.