Ж.Баясгалан: Засгийн газар болон иргэдийнхээ эсрэг ажилладаг сайд Т.Аубакирыг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна
43 минутын өмнө

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулган хуралдана. Эл хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж буй нь үргэлжилнэ. Өнөөдөр нэмэлтээр хуралдахын учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг асуудлыг 2026 оны төсвөөс хассан тул үүнийг хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьд явах эрхийн тухай ярихад бүгд заалнаас гарч явсан. Тэр дундаа салбарын сайд нь эсрэг санал өгч, гарч явсан нь үнэхээр эмгэнэлтэй байна. Ард түмэн нүдээ нээгээд хараад өгөөч. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлж энд суугаа миний үгийг хүлээж авахгүй байгаа хүн яаж салбар удирдах вэ? Өнөөдрийг хүртэл ахмад, малчдын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, асуудлыг орхигдуулж болохгүй. Хүн ам зүйн бодлогыг хүний эрхийн мэдрэмжтэй хүн авч явах ёстой, хүний төлөө байх ёстой. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг авахад 2026 оны төсөв дээр эсрэг санал өгсөн бэ? Байнгын хорооны 20 гишүүний ирцтэй байсан хурлын үеэр Т.Аубакир яагаад орхиж гарч, энэ иргэдийнхээ эсрэг санал өгөв. Яагаад чуулганы танхимд энэ бол боломжгүй зүйл гэж орилсон бэ?
Засгийн газрын тэргүүн мэтгэлцээний үеэр энэ хүмүүсийн асуудлыг шийдэж өгөх ёстой гэж хэлсэн. Гэтэл засгийнхаа эсрэг, иргэдийнхээ эсрэг ажиллаж байгаа энэ сайдыг ажлаа өгөхийг шаардаж байна. Энэ шаардлагыг УИХ дахь АН-ын бүлэг болон Засгийн газрын тэргүүн Н.Учралд өгнө. Энэ хүндээ хариуцлага тооцохгүй бол энэ Засагт хариуцлага тооцох хүртэл би явна.
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өвчнөө эдгээх гэж эм уудаггүй. Тэд өвчнөө тэсэж өнгөрөөхийн тулд аргацаах гэж уудаг. Тэтгэвэр, тэтгэмжээ үүндээ л зарцуулдаг. Төрд ямар ч ашиггүй зарцуулах гэж байсан 27 тэрбум орчим төгрөгийг Цэнгүүн, Жаргалан гишүүд буцаахаар болж чадсан. Ингэхээр энэ тэтгэвэр, тэтгэмжийн асуудал шийдэгдэнэ. Төрд мөнгө бий. Боломж байхад ард түмнийхээ өмнө муухай зан гаргах нь вэ гэдгийг харцгаая. Уг нь эл асуудлыг би биш салбар хариуцсан сайд нь яриад гүйх ёстой. Гэтэл санаачилж ажил хийх нь бүү хэл эсрэг санал өгөөд орхин гүйж гарч байгаагаас Т.Аубакирыг хэрхэн ажиллаж байгаа нь харагдлаа" хэмээн ярилаа.






